Э.Бямбацэцэг:Эрдэнэтэд гэр бүл салалт өсч гэр бүлээс гадуурх харилцаанаас шалтгаалсан салалт нэмэгдсэн
Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн өргөдөл гомдол хүлээн авах тэр дундаа Гэр бүлийн маргаан буюу эвлэрүүлэн зуучлахтай холбоотой ирсэн өргөдөлийн шийдвэрлэлт гэр бүлүүдийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцахаар гэр бүлүүдийн харилцааны халуун цэгт ажиллаж буй Орхон аймгийн Сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Э. Бямбацэцэцгийг энэ удаагийг зочны буландаа урьсан юм.
-Он гарсаар Гэр бүл салалттай холбоотой хичнээн өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэсэн бэ?
-Орхон аймгийн хэмжээнд авч үзвэл он гарсаар 451 өргөдөл хүлээж авсан.Үүнээс иргэний эрх зүйн маргаантай холбоотой гомдол 340 орчим хөдөлмөрийн маргаан хоёр 110 гэр бүл салалттай холбоотой өргөдөл ирсэн. Гэр бүлийн холбогдолтой өргөдөл өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлтэй байгаа.Нийт ирсэн өргөдөл гомдлын ердөө арав нь эвлэрсэн бол үлдсэн 100 орчим гэр бүл эвлэрээгүй буюу салсан гэж ойлгож болно. Гэр бүлийг эвлэрүүлэх хугацаа асар богино ердөө 30 хоногт багтааж дөрвөн удаагийн уулзалт хийх ёстой байдаг. Энэ хугацааг 60 хоногоор сунгаж өгдөг ч өнөөдөр тухайн гэр бүлийн асуудлыг өөрчлөхөд үнэндээ хүрэлцэхгүй байна. Бид гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд сэтгэл зүйчдийг давхар оруулж хамтран ажиллах хүсэлтэй байгаа ч үр дүн тийм ч хангалттай гарч чадахгүй байна.
-Шүүхийн шатанд гэр бүлийн маргаанд эвлэрүүлэн зуучлагч ажилладаг болсноор үр дүн гарч байгаа болов уу?
-Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдснаар эвлэрүүлэн зуучлалд заавал хамрагддаг иргэний хэрэгт гэр бүлийн маргаан байна гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, гэрлэлт цуцлах хэргийг шүүх шийдвэрлэхдээ өмнө нь эвлэрүүлэн зуучлалд заавал очих ёстой гэж үздэг. Харин гэрлэгчид бие биенээ байнгын хүчирхийлэлд байлгадаг, тэр нь амь нас, хүүхдийн эрүүл мэндэд нөлөөтэй нь нотлогдвол эвлэрүүлэн зуучлагчид очихгүй шууд шүүхээр шийдэгдэнэ. Харин хүчирхийлэл үйлддэггүй бол гэр бүлийг эвлэрүүлье, нэг айлыг ч гэсэн элэг бүтэн байлгая гэсэн төрийн бодлого бий. Төрийн бодлогоор эвлэрүүлэн зуучлагч ажиллаж байгаа нь тодорхой үр дүнд хүрч байгаа. Гэхдээ эвлэрүүлэн зуучлал нь шинэ тогтолцоо гэдэг утгаараа засч сайжруулах, боловсронгуй болгох шаардлага бий.
-Гэр бүл салалт залуужсан он гарсаар Орхон аймагт 100 гаруй гэр бүл салж эдгээрээс хэдэн хувийг залуу гэр бүл эзлэж байна бэ?
-Ихэвчлэн 20-35 насны залуус өрх гэрээ өөд татдаг, үр хүүхдээ төрүүлж өсгөдөг үе дээрээ салж, сарних шийдвэр гаргаж байгаа нь тун харамсалтай. Гэр бүл зохиоё гэж төлөвлөөгүй байхдаа хүүхэдтэй болдог, тэр шалтгаанаар гэрлэдэг. Анхнаасаа бие биеэ сайн таньж мэдэлгүй гэрлэж, хамт амьдраад ирэхээр таарч тохирохгүй салах нь их байна. Хостойгоо таарахгүй гэдэг шалтгаанаар салахад маш олон хүүхэд өнчирч үлддэг.Залуус үүнд ерөөсөө дүгнэлт хийхгүй байгаа нь харамсалтай. “Хүүхдээ би өөрөө аваад явчихна” гэж өнөөдөр бардам байгаа ч ганцаараа амьдралын бүх ачааг үүрэх, хүүхдээ хойд эцэг, эхийн царай харуулах, хайраар дутааж өсгөх зэрэг үр дагаврыг тооцоолохгүй шийдвэр гаргадаг.
- Гэр бүлээс гадуурх харилцаа салалтын шалтгаан болох нь хэр их вэ?
-Ийм шалтгаан манай аймагт гарч байгаа гэр бүл салалтын бараг 80-90 хувийг эзлэж байна. Амьдралд оролцож эхэлсэн гуравдагч этгээдэд хүлээлгэдэг хариуцлага хуулийн заалт дутмаг байна.Зөрчлийн тухай хуулиар торгосон болоод өнгөрдөг.Гэр бүл салах шалтгааны хамгийн сэтгэл зүйн хүнд байдалд оруулж байгаа зүйл бол гэр бүлийн гадуурх харилцаа буюу гуравдагч этгээдийн учруулсан асуудал гэж харагддаг.Нийгмээ дагаад тэрүү сүүлийн үед гуравдагч этгээдээс гарах зан авир асар өөрчлөгдөж харгис болсон. Яг л эхнэр нь юм шиг нь нөхөр юм шиг нь аашилж элдэв хэл амаар доромжлох гэр оронд нь очих зэргээр нөхцөл байдлыг хүндрүүлдэг болчихсон. Архидалтаас шалтгаалсан гэр бүлийн салалт гэхээсээ илүүтэй гэр бүлийн гадуурх харилцаанаас үүдсэн салалт жилээс жилд нэмэгдэх хандлагатай болж байна.Мөн гэр бүлийн харилцаанд ярилцах гэдэг зүйл маш дутмаг байдаг нь ажиглагддаг.
-Эдийн засгийн хүчирхийлэл салалтанд нөлөөлдөг үү? Эрдэнэтийн гэр бүлүүдийн онцлог гэж байх уу?
“Эрдэнэт үйлдвэр” дагасан гэдэг утгаараа зарим нэг ялгаа бий.Тухайлбал эдийн засгийн шаардлага өндөр байдаг. Би олдог чи олдоггүй гэсэн хандлага харагддаг.Гуравдагч этгээдтэй холбоотой зөрчлүүд манай аймагт нийтлэг гардаг.Ер нь нийгмээрээ ийм хандлага үүсчихсэн.
-Гэр бүлийн тухай хуулинд гуравдагч этгээдэд хариуцлага тооцох асуудалд ямар өөрчлөлт хэрэгтэй байна бэ?
Энэ зохицуулалт хийгдэх талаар хэсэг ярьсан шүү дээ гэр бүлийн тухай хуулинд оруулах талаар ярьж эхлэх үеэс л иргэд өөрсдөө сонирхож биднээс асууж байсан.Хуулиар яаж зохицуулах гэж байна гээд тэгэхээр энэ бол нийгэмд тэр дундаа гэр бүл салалтанд нөлөөлж эхэлсэн асуудал учраас зохицуулалт шаардлагатай болсон дүр зураг.
-Айлгах зорилгоор гэр бүл салалтын хуурамч өргөдөл өгөх тохиолдол байдаг.Хашраах гэсэн юм та туслаач гэж орж ирдэг үү?
-Энэ тохиолдол их элбэг гардаг.Гэвч энэ нь маш эмзэг асуудал байдаг учраас бид болгоомжтой хандах ёстой ялангуяа эмэгтэйчүүд маань бодит байдал дээр ийм тохиолдолд нэгэнт ингэж шийдсэн бол салчихсан ч яахав гэсэн байр сууринаас хандах тал бий.
-Салж буй гэр бүлүүд бүгдээрээ хүүхэдтэй юу?
Салж буй гэр бүлүүдийг аваад үзвэл 2-9 жил амьдарсан, 1-4 хүүхэдтэй хосууд ихэвчлэн салж байна.Бага насны гэвэл 1нас 2 сартай хүүхэдтэй гэр бүл салсан тохиолдол энэ оны эхний саруудад гарлаа.
-Бид яах ёстой гэж харж байна.Олон жилийн өмнө батлагдсан хуулиар орчин үеийн гэр бүлийн харилцааг зохицуулж байгаа нь байж боломгүй санагдах юм?
1999 онд батлагдсан хуулийг одоогийн залуус мэдэх ч үгүй. Зөвхөн гэр бүл салахад л тэр хуулийн заалтыг хуульчид харж байна. Гэтэл хөгжилтэй орнууд гэр бүлийн тухай хуулиндаа гишүүдийн эрх, үүрэг хариуцлагагыг нарийн заагаад өгчихсөн байдаг. Мөн тухайн гэр бүл бат оршин тогтнох үндэс хууль, улсын бодлого, үзүүлдэг үйлчилгээтэй салшгүй холбоотой. Зарим гэр бүлүүд бүр тодорхой төрлийн татвараас хөнгөлөгддөг юм билээ.
Бидний зүгээс шинэчилж буй гэр бүлийн тухай хуулиндаа, нэгдүгээрт гэр бүл хариуцсан төрийн байгууллагын бүтцийг оруулж өгөх нь маш чухал зүйл мөн сэтгэл зүйчтэй болох төрийн байгууллага дэргэдээ мэргэшсэн сэтгэл зүйчтэй болох нь давуу тал ихтэй.Орчныг сайжруулах бид эвлэрүүлэн зуучлах ажлыг хийхэд орчин өнөөдөр бүрэн шийдэгдээгүй энэ нь тухайн хүний сэтгэл зүйд нөлөөлдөг чухал хэсэг гэж хэлж болно . Энэ мэт шинэчлэх шаардлагатай зүйлүүд олон байна.Гуравдагч этгээдэд оногдуулах хуулийн чанга заалт бас хэрэгтэй гэж хардаг.
Баярлалаа
Ярилцсан: Т.Атарбаяр