Үндсэн агуулга руу шилжих

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

THE JUDICIAL GENERAL COUNCIL OF MONGOLIA

 
  Хэвлэх
 

 Төрийн албаны зөвлөлийн 2020 оны

 54 дүгээр тогтоолын хавсралт

“ТӨРИЙН АЛБАН ТУШААЛД ТУРШИЛТЫН ХУГАЦАА ХЭРЭГЛЭХ БОЛЗОЛ, ЖУРАМ”

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Төрийн албан тушаалд анх томилогдсон иргэнд туршилтын хугацаа хэрэглэхэд энэхүү журмыг мөрдөнө.

1.2.Төрийн албанд туршилтын хугацааг хэрэглэхэд Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.

1.3.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасан улс төрийн албан хаагчид энэхүү журмын дагуу туршилтын хугацаа хэрэглэж болно.

1.4.Төрийн тусгай албан хаагчийн эрх зүйн байдлыг тухайлан зохицуулсан бусад хууль тогтоомжид туршилтын хугацаагаар ажиллуулах асуудлыг нарийвчлан зохицуулаагүй бол энэхүү журмыг баримтална.

1.5.Төрийн үйлчилгээний албан тушаалын туршилтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тогтооно.

1.6.Төрийн албанд өмнө нь ажиллаж байсан иргэний мэдлэг, туршлага, ур чадварыг харгалзан туршилтын хугацаа хэрэглэхгүй томилно.

1.7.Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”-ын 2.1.2-т зааснаас бусад нөөцөд байгаа иргэн төрийн албан тушаалд томилогдоход туршилтын хугацаа хэрэглэхгүй.

1.8.Төрийн албан тушаалд туршилтын хугацаагаар томилогдсон албан хаагчийн эрх, үүрэг, хариуцлага нь төрийн албан хаагчийнхтай адил байна.

Хоёр. Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол

2.1.“Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”-ын 2.1.2-т заасан нөөцөөс төрийн албан тушаалд анх томилогдсон иргэнд 6-12 сар хүртэл туршилтын хугацаа тогтоон ажиллуулна.

2.2.Төрийн жинхэнэ албан тушаалд томилогдож байгаа иргэнд туршилтын хугацаа хэрэглэх талаар эрх бүхий албан тушаалтан урьдчилан мэдэгдэж зөвшөөрлийг бичгээр авна. Туршилтын хугацаа хэрэглэхийг зөвшөөрөөгүй нь иргэнийг төрийн албанд томилохоос татгалзах үндэслэл болно.

2.3.Туршилтын хугацааг томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хуульд заасан хугацааны хязгаарын дотор сунгаж болох бөгөөд мөн хугацаанд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг батална.

2.4.Энэ журмын 2.3-т заасан хугацаа дуусахад томилох эрх бүхий албан тушаалтан журмын 6.2-т заасан шийдвэрийг гаргаагүй бол туршилтаар томилогдсон байгаа албан хаагчийг төрийн жинхэнэ албан хаагчтай адилтгаж үзнэ.

Гурав. Туршилтын хугацаагаар ажиллаж байгаа албан хаагчийн ажлын үр дүн, ёс зүйн байдлыг үнэлэх

3.1.Томилох эрх бүхий албан тушаалтан албан хаагчийн туршилтын хугацаанд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг баталж, богино болон дунд хугацааны сургалтад хамруулна.

3.2.Туршилтын хугацаагаар томилогдсон албан хаагч ажлын төлөвлөгөөний биелэлтийг сар бүр тайлагнана.

3.3.Энэ журмын 3.2-т заасан төлөвлөгөөний биелэлт, үр дүнг холбогдох албан тушаалтан сар бүр үнэлж баталгаажуулсан байна.

3.4.Туршилтын хугацаагаар томилогдсон албан хаагчийн ёс зүй, сахилга, хариуцлагын байдалд тухайн байгууллагын Ёс зүйн зөвлөл хяналт тавина.

Дөрөв. Туршилтын хугацаанд ажилласан албан хаагчийг төрийн албан тушаалд томилох

4.1.Албан хаагч туршилтын хугацаанд эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан төрийн албанд чин шударгаар ажиллахаа нотлон дараах болзлыг хангасан тохиолдолд тухайн албан тушаалд жинхлэн томилно.

4.1.1.сарын ажлын гүйцэтгэлээр 5 буюу түүнээс дээш удаа “Бүрэн хангалттай”, “Хангалттай” үнэлгээ авсан;

4.1.2.төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин ажилласан талаар Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт гарсан.

4.2.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлж, ажлын үнэлгээгээр 3 удаа дараалан “Бүрэн хангалттай” үнэлгээ авсан тохиолдолд Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг харгалзан туршилтын хугацааг дуусгавар болгож тухайн албан тушаалд жинхлэн томилж болно.

4.3.Энэ журмын 4.1, 4.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон албан хаагчийг холбогдох журмын дагуу тангараг өргүүлнэ.

Тав. Туршилтын хугацааны цалин хөлс

5.1.Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаагаар томилогдсон албан хаагчид тухайн албан тушаалын цалин хөлсийг олгоно.

5.2.Төрийн үйлчилгээний албан тушаалд туршилтын хугацаагаар ажиллаж буй албан хаагчийн цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олгоно.

Зургаа. Туршилтын хугацаагаар томилогдсон албан хаагчийг төрийн албан тушаалаас чөлөөлөх, халах

6.1.Туршилтын хугацаагаар томилогдсон албан хаагч төрийн албанаас Төрийн албаны тухай хууль, энэ журамд заасан үндэслэлээр чөлөөлөгдөнө.

6.2.Туршилтын хугацаанд энэ журмын 4.1-д заасан болзлыг хангаагүй бол туршилтын хугацаа дуусмагц албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гаргана.

6.3.Сарын гүйцэтгэлийн үнэлгээгээр 3 удаа “Хангалтгүй” үнэлгээ авсан бол туршилтын хугацаа дуусахаас өмнө албан тушаалаас нь чөлөөлнө.

6.4.Туршилтаар томилогдсон албан хаагчийг Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр төрийн албанаас хална.

6.5.Энэ журмын 6.2-6.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн буюу халагдсан бол төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэхгүй.

6.6.Туршилтаар томилогдсон албан хаагч жинхлэн томилохоос өмнө Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасантай адилтгах үндэслэлээр чөлөөлөгдсөн бол Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”-ын 4.1-д заасан хугацааны дотор төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаад тооцогдоно.

Долоо. Бусад

7.1.Туршилтаар ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно.

7.2.Албан хаагчийг туршилтын хугацаанд өөр ажил, албан тушаалд шилжүүлэх буюу сэлгэн ажиллуулахгүй.

7.3.Туршилтын хугацаагаар томилогдсон албан хаагчийн мэдээллийн санг Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд хөтөлнө.

 

no
 
 
Судалгааны сан