Шүүхийн ерөнхий зөвлөл, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллежтой хамтарсан 13 дахь удаагийн сургалт БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо үргэлжилж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар, Тамгын газрын дарга нар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны нэгжүүдийн холбогдох албан хаагчид, шүүхийн захиргааны ажилтнаас бүрдсэн нийт 25 хүн сургалтын хөтөлбөрийн дагуу Бээжингийн Интернет шүүх, Оюуны өмчийн шүүхэд зочилж, танилцлаа.
БНХАУ-ын хувьд Ханьжоү, Бээжин, Гуанжоу гэсэн 3 хотод интернет шүүхтэй бөгөөд Бээжингийн Интернет шүүх нь 2018 онд анх байгуулагдаж, интернет орчинд үйлдэгддэг хэрэг, маргааныг цахимаар хянан шийдвэрлэдэг бөгөөд жил ирэх тусам энэ төрлийн хэрэг, маргаан байнга өссөн үзүүлэлттэй байдаг аж. Үүнээс хамгийн их үйлдэгддэг хэрэг, маргааныг онлайн худалдаа, зээлийн маргаан эзэлдэг.
Шилэн хорго бүхий өрөөнүүдийг ухаалаг, тоног төхөөрөмжөөр тоноглож, бүрэн цахимжсан энэхүү шүүхэд хэрэг, маргаан хэрхэн шийдэгдэх магадлалыг урьдчилан тооцож хэлдэг болон иргэд, хэргийн оролцогч нарын асуусан асуултад хариулт өгдөг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн “AI” шүүгч ажиллаж байгаа нь сонирхолтой шийдэл байлаа.
Тус шүүхийн шүүгч, ажилтнууд ажлын 8 цагаар ажилладаг бөгөөд иргэдийн хувьд өдөр, шөнийн аль ч үед шүүхэд хандах нээлттэй буюу цахим, гомдол нэхэмжлэлийг 24 цагийн турш хүлээн авна. Хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн “AI” ажилтан 24 цагийн аль ч үед иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, мэдээлэл лавлагааны ажилтны үүрэг гүйцэтгэнэ. Хиймэл оюун ухаан хариулж чадаагүй асуулт тусгай цэсэнд хадгалагдах бөгөөд шүүгч, шүүхийн ажилтнууд ажлын цагаар буюу 08.00-17.00 цагийн хооронд хиймэл оюун ухааны хариулж чадаагүй асуултад хариулдаг байна. Мөн шийдвэрийнхээ 84 хувийг хэргийн оролцогч нарт цахимаар хүргэжээ.
Бидэнд танилцуулга хийсэн ажилтны зүгээс тус шүүхийн шүүгч нар цахим хавтаст хэрэгтэй танилцаж, шүүх хуралдаанаа шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын шаардлагагүйгээр хийдэг талаар болон иргэн байгаа газраасаа хаанаас ч цахимаар холбогдож хэргээ шийдвэрлүүлэх бүрэн боломжтойг онцолсон юм.
Үргэлжлүүлэн Бээжингийн Оюуны өмчийн шүүхтэй танилцсан бөгөөд БНХАУ нь Бээжин, Шанхай, Гуанжоү, Хайнань зэрэг хотуудад оюуны өмчийн эрхтэй холбоотой хэрэг, маргааныг шийдвэрлэдэг шүүхийг байгуулжээ. Үүнээс бидний танилцаж, туршлага судалсан Бээжингийн Оюуны өмчийн шүүх нь 2014 онд анх байгуулагдаж, нэхэмжлэлийнхээ 91 хувийг цахимаар хүлээн авсан бөгөөд хэрэг, маргааны 98 хувь амжилттай шийдвэрлэгдсэн гэв. Тус шүүхийн шийдвэрлэсэн хэрэг, маргааны төрлийн хувьд автомашин, техник, технологийн бүтээлийн маргаан хамгийн их хувийг эзэлдэг байна. Оюуны өмчийн эрхийг хамгаалах нь инновацийг хамгаалах, үндсэн технологи, шинээр гарч ирж буй үйлдвэрлэлийн оюуны өмчийн эрхийг хамгаалалтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов. Тус шүүх Хятадын болон гадаадын эрх эзэмшигчдийг хуулийн дагуу адил тэгш хамгаалахыг шаардаж, гадаад улстай холбоотой хэрэг, маргааныг шийдвэрлэсэн бөгөөд гадаадын компаниуд Хятадын шүүхээр оюуны өмчийн маргааныг шийдвэрлүүлэхээр ханддаг хэргийн тоо ихэсэх хандлагатай байгаа ажээ.
Дашрамд Бээжингийн Оюуны өмчийн шүүх нь 2025 онд 68 шүүгчийн орон тоотой ажиллаж байгаа бөгөөд үүнээс 14 шүүгч нь докторын болон түүнээс дээш зэрэгтэйг дурдлаа.
Сургалт БНХАУ-ын Ардын дээд шүүхийн мэдээллийн төв лабораторид зочилж, туршлага судлан, Үндэсний шүүгчдийн коллежийн дарга, багш нартай үр дүнгийн уулзалт хийснээр өндөрлөнө.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ