Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-аас Европын Холбооны санхүүжилттэй Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” (2023-2025) төслийн хүрээнд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлтэй хамтран “Арилжааны эвлэрүүлэн зуучлалын чиглэлд эвлэрүүлэн зуучлагчдын чадавхыг бэхжүүлэх” сургалтыг 2025 оны 5 дугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Баяндөхөм дахь сургалтын төвд зохион байгуулж байна.

 Сургалтад дүүргийн болон орон нутгийн шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид болон иргэний хэргийн шүүхийн шүүгч, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоодын төлөөллөөс бүрдсэн нийт 60 гаруй суралцагчид 2 ээлжинд хуваагдан хамрагдаж, арилжааны эвлэрүүлэн зуучлалын суурь ойлголт, арилжааны болон бизнесийн шинжтэй хэрэг маргааныг явуулахад шаардагдах ур чадвар,  мэдлэг олж авах юм.

 

 

   Сургалтын нээлтэд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн С.Энхбаатар, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Суурин төлөөлөгч Чарльз Болланд болон Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн Ч.Алтанцэцэг, Л.Галбаатар, Э.Энх-Эрдэнэ, Монголын Хуульчдын Холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Д.Түмэнжаргал нарын албаны төлөөлөл оролцлоо.

   Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн С.Энхбаатар Монгол Улс дахь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн орчин, хэрэгжилтийг сайжруулах, арилжааны эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг сурталчлан таниулах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг цахимаар үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулан, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа төслийн хамт олонд талархал илэрхийлж, Монгол Улсын дээд шүүх, Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл”-ийг 2010 онд эхлүүлж, 2 шүүхэд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг нэвтрүүлснээр манай оронд эвлэрүүлэн зуучлалын суурь тавигдсан бол Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдсанаас хойш 13 жилийн хугацаанд эвлэрүүлэн зуучлалын тогтолцоо бэхжиж, өнөөдөр шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны амжилт 69.3 хувьд хүрч, шүүхийн ачааллыг 22.9 хувиар бууруулах хэмжээнд хүрсэн  байна хэмээн онцлон дурдлаа.

 

 

     Шүүхийн ерөнхий зөвлөл эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг хөгжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эвлэрүүлэн зуучлагчдыг бэлтгэх, сургаж мэргэшүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн.

  “Эвлэрүүлэн зуучлагчдын үндэсний чуулга уулзалт”-ыг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулах бөгөөд чуулганаар “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан шинэчлэл”  болон “Цахим шүүх 2.0” төслийн явц, туршилтын үр дүн, нэвтрүүлэлт" эвлэрүүлэн зуучлах ажиллагааг цахимаар явуулах системийн хөгжүүлэлт, анхаарах асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

      Арилжааны эвлэрүүлэн зуучлалын чиглэлд эвлэрүүлэн зуучлагчдын чадавхыг бэхжүүлэх сургалт өнөөдөр үргэлжилж байна.

 

 

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ