“Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлд зориулсан хоёр өдрийн эрх зүйн сургалт Holiday Inn зочид буудалд 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр эхэллээ.
Сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг, Европын Холбооны Монгол дахь Элчин сайдын яамны Хамтын ажиллагааны багийн ахлагч Адриен Мург, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Чарльз Болланд нар үг хэлэв.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг шүүхийн тогтолцооны шинэчлэлд нийгмийн бүхий л талын оролцоо, хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлснээр иргэд, олон нийтэд шүүхийн үйлчилгээг нээлттэй, ил тод байлгах ач холбогдолтойг онцлон шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэхэд Иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоо, хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагаа, олон талт оролцоог өргөжүүлэх, практик чадварыг дээшлүүлэх зорилготой энэхүү сургалтад хамрагдаж байгаа иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд талархлаа илэрхийлж, сургалтын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.
Адриен Мург “Шүүхийн шинэчлэл, ил тод байдал, хүний эрхийн чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо чухал үүрэгтэй. Та бүхэн шүүхийн тогтолцоог илүү хүртээмжтэй, хариуцлагатай болгоход хамтран ажиллах гол түншүүд юм” хэмээн онцоллоо.
ОУЭЗХБ-ын суурин төлөөлөгч Чарльз Болланд шүүхийн ил тод байдлыг сайжруулах, хүний эрхийг дээдлэх, иргэдийн эрхийг хамгаалахад иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд өнөөдрийн сургалт чиглэж байгааг тодотгосон юм.
Шүүхийн ерөнхий зөвлөл, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO), Европын Холбооны Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж буй уг сургалтад Иргэний нийгмийн байгууллагын судлаач, идэвхтэн, нийгмийн ажилтан, эрх зүйч , судалгааны байгууллагын төлөөлөл зэрэг нийт 30 орчим хүн хамрагдаж байна.
Сургалтын хүрээнд Шүүхийн тогтолцоо ба шударга шүүхийн үндсэн зарчмууд, шүүхийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, Жендэрийн тэгш байдал ба хүний эрх, Шүүхийн ажиглалт ба Иргэний нийгмийн байгууллагын оролцооны практик арга замууд гэсэн үндсэн сэдвүүдийг багтаасан байна.
Сургалтад оролцогчид өөрсдийн байгууллагын үйл ажиллагааг шүүхийн шинэчлэлд хэрхэн уялдуулах талаар хэлэлцэж, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааны боломжуудыг тодорхойлох юм. Энэхүү сургалт нь Монгол Улсад шүүхийн нээлттэй, ил тод байдлыг бэхжүүлэх, ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааны бодит жишээ болж байгаагаараа онцлог юм.
Түүнчлэн сургалтын хоёр дахь өдөр оролцогчид шүүхийн байранд зочилж, шүүх хуралдаанд ажиглалт хийж, шүүгч, өмгөөлөгч нартай уулзах бөгөөд шүүхийн үйлчилгээтэй газар дээр нь танилцана. Энэ нь онол, практикийн уялдаа холбоог хангах чухал алхам болно.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ