Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны 2023 оны хоёрдугаар улирлын хуралдаанаар “Шударга ёсны талд зогсоно” гэсэн шүүгчдийн тоо 100 давжээ гэх гарчигтай нийтлэл нь “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.1, 1.2, 1.5, 1.8 дахь заалтуудыг зөрчсөн гэж дүгнэлээ.

 

       “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-д 1.1 Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ. 1.2 Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ. 1.5 Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана. 1.8 Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно. хэмээн тусгасан байдаг.

 

         Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Өдрийн” сонины 2023 оны 3-р сарын 27-ны даваа гараг, дугаар 55(7175), хоёрдугаар нүүр болон сонины dnn.mn домайн хаяг бүхий цахим сайтад нийтэлсэн дээрх нийтлэл нь “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.8, 1.9 дэх заалтуудыг зөрчсөн хэмээн гомдол гаргасан юм.

 

            Ёс зүйн хороо дээрх гомдлыг шийдвэрлэхдээ редакц шударга ёсны талд зогсоно гэсэн шүүгчдийн тоо 100 давсан гэж мэдээлсэн ч үүнийгээ ямар нэг баримтаар баталгаажуулаагүй, нэг ч эх сурвалж дурдаагүй, таамаг байж болзошгүй мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа ч таамаг гэдгийг илэрхийлэх агуулга байхгүй, баттай мэдээлэл мэтээр мэдээлсэн, тайлбар өгөхөөр холбогдоход нь боломж олгоогүй хэмээн үзсэн.

 

        Харин үг, өгүүлбэрт агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг мушгин гуйвуулах агуулга байхгүй, нөлөөллийн агуулга байхгүй бөгөөд мэдээ биш тул үзэл бодол орох боломжтой, уг мэдээллийн ташаа гэдгийг хэн ч, ямар ч байдлаар тогтоогоогүй  тул 1.3, 1.5, 1.9 дэх заалтуудыг зөрчөөгүй гэжээ.

 

          Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Өдрийн” сонины редакцад “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим” зөрчсөн тухай шийдвэрээ танилцуулан, залруулга мэдээ гаргах тухай зөвлөмжийг албан бичгээр хүргүүлсэн байна.

 

          Дээрх нийтлэлтэй холбоотойгоор Шүүгчдийн холбоо нь шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг хангах, шүүгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах үүднээс мэдээллийн эх сурвалжийн үнэн бодит эсэхийг лавлан тодруулахаар тухайн сонины редакцад албан мэйлийн хамт албан бичгийг илгээсэн боловч албан ёсны хариу өгөөгүй юм. Ийнхүү Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлд хандсаны дагуу дээрх гомдлыг гаргаж, шийдвэрлүүлэв.

 

          Хэвлэл мэдээллийн зөвлөлийн албан ёсны мэдээг энд дарж, хүлээн авна уу.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс