Олон Улсын шүүхийн захиргааны холбооны хуралд Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс анх удаа оролцлоо. Энэ удаагийн хуралдаан 2022 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Финланд Улсын Хельсинки хотод “Ковидын дараах нөхцөл байдалд иргэн төвтэй шударга ёсыг бэхжүүлэх нь” сэдвийн дор болж өнгөрсөн юм.
Хуралд Америкийн Нэгдсэн Улсын Мужийн шүүхийн үндэсний төвийн хамтын ажиллагааны хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын Төрийн Департаментын дэмжлэгтэйгээр Монгол Улсын шүүхийн захиргааны байгууллагыг төлөөлөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Энхбилэг, Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэн нар оролцож, туршлага мэдээллээ хуваалцлаа.
Хурлын үеэр “Шүүхэд хандах эрхийг нэмэгдүүлэх” сэдвээр Финланд, Киргизстан, Украйн болон Дани, “Шүүхийн үйлчилгээг шинэчлэх болон шүүхийн байрны орон зайд үзүүлэх нөлөө” сэдвээр АНУ, “Хөгжиж буй орнуудын шүүх эрх мэдлийн салбарт тулгамдаж буй хүндрэл бэрхшээл” сэдвээр Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс, “Шүүхийн захиргааны албыг мэргэшүүлэх” сэдвээр Бүгд Найрамдах Сингапур, ”Дэлхий даяарх шүүх эрх мэдлийн шинэчлэлийн талаар суралцаж, төвлөрсөн шударга ёс, нээлттэй эх сурвалжийн менежментийн систем”, “Финланд Улсын шүүхийн чанарт үнэлгээ хийх” сэдвээр Финланд, “Цахим нотлох баримтыг дүгнэх” “Мөргөлдөөн, өөрчлөлтийн үед эрх зүйт төрийн ёс” сэдвээр АНУ-ын төлөөлөгчид, “Сорилтын үеийн манлайлал болон сэтгэл санаа” сэдвээр Финланд улсын илтгэгчид тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Мөн Ерөнхий зөвлөлийн гишүүн нь Хельсинки дүүргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. Тус хуралд оролцсоноор дэлхийн улс орнуудын туршлагаас судлахын зэрэгцээ өөрийн туршлагыг хуваалцаж, захиргааны тогтолцоог чадавхжуулан бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.
Олон Улсын шүүхийн захиргааны холбоо нь 2004 онд 24 орны гишүүнчлэлтэй үүсгэн байгуулагдаж байжээ. Улмаар гурван жил тутамд нэг удаа тус хурлаа гишүүн улс орнуудынхаа дунд зохион байгуулж, сайн туршлагаа хуваалцах боломж олгодог аж.
Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газар
Хэвлэл мэдээллийн хэлтэс