Хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт өнөөдөр (2022.10.18) дууслаа. Шалгалтад хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын дүнгээр 50-аас дээш оноо авч тэнцсэн 4 нэр дэвшигч оролцсон.

 

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд хуулийн дагуу эдгээр нэр дэвшигчдийн хуульчийн баримт бичигт үзлэг хийж, шүүн таслах болон бусад ажлын туршлага, шүүгчээр ажиллаж байсан байдал, хянан шийдвэрлэсэн хэргийн шийдвэрийн чанарыг харгалзан мөн олон нийтээс хүлээн авсан санал, нэр дэвшигчийн талаар бусад этгээдтэй болон нэр дэвшигчтэй хийсэн ярилцлага зэрэгт үндэслэн шалгалтын дүнг нэгтгэн гаргалаа.

 

        Дээрх 4 нэр дэвшигч бүгд тус шалгалтад 20-оос дээш оноо авснаар тэнцлээ. Иймд хуульд зааснаар нэр дэвшигчдийг өмнө өгсөн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын оноо болон өнөөдөр авсан мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын оноог нэгтгэн нийлбэр оноогоор нь эрэмбэллээ.

 

       Ийнхүү Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын 2 сул орон тоонд 2 хуульч, Иргэний хэргийн танхимын 1 сул орон тоонд 2 хуульч тус тус эрэмбэлэгдэж байна.

 

        Шалгалтынхаа дүнгээр тэнцэж буй энэхүү 4 хуульчаас хамгийн өндөр оноо авсныг нь тухайн шүүхүүдийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшүүлэн батламжилж, Улсын Их Хуралд танилцуулснаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэх юм.

 

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад тэнцсэн нэр дэвшигчийг батлах тухай” 299 дүгээр тогтоолтой танилцана уу.

 

 

 

 

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шалгалтын нийлбэр оноо, эрэмбийг батлах тухай” 300 дугаар тогтоолтой танилцана уу.