Шүүхийн ерөнхий зөвлөл, Европын холбоотой хамтын ажиллагааны хүрээнд энэ оноос “Техник туслалцаа, мэдээлэл солилцооны хөтөлбөр(Technical assistance and Information Exchange)”-ийг шүүхийн салбарт хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн Н.Отгончимэг, Р.Онончимэг нар 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Европын холбооны Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын  Хэргийг түр хамаарагч, Элчин зөвлөх Марко Ферри, хөтөлбөрийн менежер Евгения Фараза, Улстөрийн атташе Паула Вестлунд, Улстөрийн бодлогын зөвлөх М.Ганчимэг нартай тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах тухай зөвлөлдөх уулзалт хийлээ.

 

      Хөтөлбөрийн хүрээнд “Монгол Улсын шүүх эрх мэдлийн салбарыг цахимжуулах нь” төслийг хэрэгжүүлэх бөгөөд эхний арга хэмжээг энэ оны 12 дугаар сард зохион байгуулахаар тогтов.

 

 

     Ийнхүү  шүүх эрх мэдлийн байгууллагуудад анх удаа тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Амжилттай хэрэгжүүлснээр урт хугацааны хамтын ажиллагааны эхлэл болно гэдэгт талууд санал нэгдсэн. 

 

 

      Европын Холбооны Техник туслалцаа, мэдээлэл солилцооны хөтөлбөр (Technical assistance and Information Exchange) нь ЕХ-ны шилдэг туршлагыг бусад улс оронтой хуваалцах чиглэлээр төрийн захиргааны байгууллагуудад дэмжиж ажилладаг. Энэ нь ихэвчлэн тухайн байгууллагын хэрэгцээ шаардлагад тулгуурладаг бөгөөд тодорхой нэгэн асуудлаар экспертизийг дараах гурван аргаар өгч ажилладаг. Үүнд:

•  Семинар :  ЕХ-ны гишүүн улс орны шинжээчид ЕХ-ны хууль тогтоомжийн тодорхой чиглэл, салбарыг танилцуулах

•  Шинжээчдийн томилолт/сургалт : ЕХ-ны гишүүн улс орны шинжээчид тодорхой чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгөх зорилгоор ашиг хүртэгч байгууллагад томилолтоор ирэх,

•  Туршлага судлах аялал :  ЕХ ны аль нэг гишүүн улсад туршлага судлах
 

       Европын холбооноос манай орны шүүхийн салбарт энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн зөвшөөрлөө өнгөрсөн есдүгээр сард ирүүлсэн билээ.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс