Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт өнөөдөр дууслаа. Шалгалт хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд 20 нэр дэвшигч оролцов.
Ойрын өдрүүдэд ШЕЗ-өөс зохион байгуулж буй шат шатны шүүхийн шүүгчдийн сул орон тоог нөхөх энэхүү сонгон шалгаруулалт маргааш хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтаар үргэлжилнэ. Шалгалт өглөө (2022.09.30) 08:00 цагт эхэлнэ. Найман нэр дэвшигч оролцохоор бүртгүүлсэн билээ.
Нэр дэвшсэн хуульчид шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх чадвар болон үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг, чадвараа шалгуулна. Харин нөгөөдөр (2022.10.01) хууль хэрэглэх мэдлэг, чадвар болон эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргааныг хяналтын журмаар болон бусад асуудлаар хянан шийдвэрлэх мэдлэгээ шалгуулах юм. Мөн аравдугаар сарын 3-ны даваа гарагт хууль тайлбарлах мэдлэг, чадвараа шалгуулна.
Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт нь хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтаас бүрддэг. Хууль зүйн мэдлэг чадварын шалгалт 70 онооны үнэлгээтэй ба уг шалгалтад 50 ба түүнээс дээш оноо авч тэнцсэн нэр дэвшигч үлдсэн 30 онооны үнэлгээ бүхий мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцох эрхтэй болно. Тус 30 онооны шалгалтад 20 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцсэнд тооцох юм.
Шалгалтад бүртгүүлсэн шүүгчид маргааш ирэхдээ цагаа барьж, хувийн зохион байгуулалтаа хангахыг хүсье.
Нэр дэвшигчдэд зориулсан санамж, зөвлөмжийг энд дарж авна уу.
Хуулийн лавлагаа: Шүүхийн тухай хууль
34 дүгээр зүйл.Шүүгчид нэр дэвшигчийн шалгалт
34.1.Ерөнхий зөвлөл шүүгчид нэр дэвшигчийг энэ хуулийн 33.3-т заасны дагуу бүртгэснээс тогтоол гарснаас хойш 60 хоногийн дотор шүүгчид нэр дэвшигчийн шалгалт авна. Шүүгчид нэр дэвшигчийн шалгалт нь хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтаас бүрдэнэ.
34.2.Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтыг эрх зүйн тохиолдол шийдвэрлэх, сорилын асуултад хариулах, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх зэрэг аргаас сонгон хэрэглэж, 70 хүртэл оноогоор үнэлнэ. Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шалгалт ялгаатай байна.
34.3.Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт нь нэр дэвшигчийг урьдчилан мэдэх боломжгүй, хөндлөнгийн байдлаар үнэлэх нөхцөлийг хангасан байх бөгөөд шалгалтын даалгаврын агуулга, нууцлалыг Ерөнхий зөвлөл хариуцна.
34.4.Энэ хуулийн 34.2-т заасан шалгалтад 50, түүнээс дээш оноо авсан нэр дэвшигчийг хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад тэнцсэнд тооцож, тогтоол гарган мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оруулна.
Хэвлэл мэдээллийн хэлтэс