Үндсэн агуулга руу шилжих

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

THE JUDICIAL GENERAL COUNCIL OF MONGOLIA

 
  Хэвлэх
 


МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ДАРГЫН ТУШААЛ

 

2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр                                                                                         Дугаар 44                                                                                                                               Улаанбаатар хот

 

Журам батлах тухай

 

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.11, 18.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.”Шүүхийн хүний нөөцийн програм ашиглах журам”-ыг нэгдүгээр, “Шүүхийн хүний нөөцийн програмд нэвтрэх эрх бүхий албан тушаалын жагсаалт”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.  

2.Энэ журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Т.Мэндсайхан/-д үүрэг болгосугай.

3.Тушаалыг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс мөрдсүгэй.                                 

 

 

ДАРГА                                  Н.ЛҮНДЭНДОРЖ 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын

                                                                                               2018 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн

                                                                                              44 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ПРОГРАМ

 АШИГЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Шүүхийн хүний нөөцийн програм (цаашид “Програм” гэх)-ын эрхийн тохиргоо, шүүгч, ажилтны бүртгэл үүсгэх, баяжилт хийх, програмын ашиглалт, нууцлалтай холбогдсон үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.

1.2.Шүүхийн захиргааны тухай хууль, Монгол Улсын шүүхийн нууцын журам, Шүүгчийн хувийн хэрэг хөтлөх журам, Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам болон холбогдох бусад хууль тогтоомжид энэ журам нийцсэн байна.

Хоёр. Програмын эрхийн тохиргоо

2.1.Програм дор дурдсан эрхийн тохиргоотой байна:    

            2.1.1.админ /Шүүхийн хүний нөөцийн газар, Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн эрх олгогдсон ажилтан/ - бүх шатны шүүхийн хүний нөөцийн бүртгэл, мэдээлэлтэй танилцах, өөрчлөлт оруулах, системд удирдлагын тохиргоо хийх, энэ журмын 2.1.2-т заасан хэрэглэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, судалгаа гаргах.

            2.1.2.хэрэглэгч /шүүхийн тамгын газрын дарга, эрх олгогдсон ажилтан/ - зөвхөн тухайн шүүхийн шүүгч, ажилтны бүртгэл үүсгэх, баяжилт хийх, судалгаа гаргах.  

            2.1.3.давуу эрхтэй хэрэглэгч /Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүн, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга, Шүүхийн хүний нөөцийн газрын дарга/ -  бүх шатны шүүхийн шүүгч, ажилтны бүртгэл, мэдээлэлтэй танилцах, судалгаа гаргах.

Гурав. Програмд бүртгэл үүсгэх, баяжилт хийх

3.1.Бүртгэл үүсгэх:

3.1.1.Хувийн хэрэг шинээр нээснээс хойш ажлын 3 өдрийн дотор програмд тухайн шүүгч, ажилтны бүртгэлийг Шүүхийн хүний нөөцийн газар болон шүүхийн тамгын газрын эрх олгогдсон ажилтан үүсгэнэ. Бүртгэл үүсгэхдээ хувийн хэрэг дэх баримт бичигт үндэслэнэ.

3.1.2.Програмд үүсгэсэн бүртгэлийн мэдээллийг шүүгч, ажилтанд танилцуулж, баталгааны хуудсанд гарын үсэг зуруулна.

3.2.Баяжилт хийх:  

3.2.1.Шүүгч, ажилтан өөрийн хувийн хэрэгт орсон өөрчлөлтийг ажлын 5 өдрийн дотор админ болон хэрэглэгчид мэдэгдэж програмд баяжилт хийлгэх үүрэгтэй.

3.2.2.Програм дахь шүүгч, ажилтны бүртгэл, мэдээлэлд сар тутам баяжилт хийх ажлыг админ болон хэрэглэгчийн эрхтэй ажилтан хариуцах бөгөөд дараах үүргийг хэрэгжүүлнэ.

3.2.2.1.Админ /Шүүхийн хүний нөөцийн газрын ажилтан/ програм дахь дараах мэдээлэлд баяжилт хийнэ.

  1. шүүгчийн шилжилт хөдөлгөөн;
  2. шүүгчид ногдуулсан сахилгын шийтгэл;
  3. шүүгчид олгосон тусламж дэмжлэг;
  4. Шүүхийн ерөнхий зөвлөлийн тодорхойлсны дагуу олгосон төрийн дээд цол, одон, медаль, Засгийн газрын болон салбарын шагнал;
  5. шүүгч, ажилтан гадаад улсад томилолтоор ажилласан, сургалтад хамрагдсан байдал; 
  6. шүүгчид олгосон 1-6 сар хүртэлх хугацааны чөлөөний мэдээлэл.  

3.2.2.2.Хэрэглэгч /шүүхийн тамгын газрын дарга, эрх олгогдсон ажилтан/ програм дахь дараах мэдээлэлд баяжилт хийнэ.

  1. шүүгчийн хүний нөөцийн /энэ журмын 3.2.2.1-д зааснаас бусад/ бүртгэл, мэдээлэл;  
  2. ажилтны шилжилт хөдөлгөөн;
  3. ажилтанд ногдуулсан сахилгын шийтгэл;
  4. ажилтанд олгосон тусламж дэмжлэг;
  5. шүүгч, ажилтанд олгосон чөлөө;
  6. шүүгч, ажилтан сургалтад /дотоод/ хамрагдсан байдал;
  7. 3.2.2.1-ийн d-д зааснаас бусад шагналын мэдээлэл.

3.2.3.Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, шүүхийн тамгын газрын ажилтан нь програмд баяжилт хийхэд шаардлагатай баримт бичиг, мэдээллийг админ болон хэрэглэгчийн эрхтэй ажилтанд сар тутам гаргаж өгнө.  

3.2.4.Шүүхийн тамгын газрын дарга програм дахь бүртгэл, мэдээллийг тухайн шүүгч, ажилтнаар хянуулж, баталгааны хуудсанд гарын үсэг зуруулж жил бүрийн 06 дугаар сарын 01, 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор Шүүхийн хүний нөөцийн газарт ирүүлнэ.

Дөрөв. Програмын ашиглалт, нууцлал 

4.1.Програмд нэвтрэх эрх бүхий албан тушаалтан програмыг зааврын дагуу болон энэ журмыг баримтлан ашиглах бөгөөд нууцын баталгаа гаргасан байна. Нууцын баталгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны нууцын эрхлэгч хадгална.

4.2.Програм дахь шүүгч, ажилтны бүртгэл, мэдээллийг зөвхөн хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, судалгаа, дүн шинжилгээ хийхэд ашиглана.  

4.3.Админ болон хэрэглэгчийн эрхтэй ажилтан нь өөрт хамаарах эрхийн тохиргооны  хүрээнд програм дахь шүүгч, ажилтны мэдээлэл, хэвийн ажиллагаанд хагас жил тутамд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж удирдлагад танилцуулна.   

4.4.Програмд нэвтрэх эрх бүхий албан тушаалын жагсаалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга батална.

4.5.Програм дахь мэдээллийн болон серверийн аюулгүй байдлыг хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг Шүүхийн мэдээллийн технологийн хэлтэс хэрэгжүүлнэ.

4.6.Ажилтан програм ашиглах явцдаа шүүгч, ажилтны мэдээллийг задруулах, санаатай өөрчлөх, устгах, нэвтрэх эрхээ бусдад шилжүүлэхийг хориглоно.

4.7.Програмд нэвтрэх эрх олгогдсон ажилтан ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд хэрэглэгчийн нууц үгийг нэн даруй сольж, ажил хүлээлцэх актад тэмдэглэл үйлдэж, энэ тухай Шүүхийн хүний нөөцийн газарт мэдэгдэж, нэтрэх нэр шинээр авна.

4.8.Ажлаас чөлөөлөгдсөн ажилтан програм дахь мэдээллийн нууцыг хадгалах үүрэгтэй.

Тав.Хяналт, хариуцлага  

5.1.Шүүхийн тамгын газрын дарга програмын хэвийн ажиллагаа, мэдээллийн баяжилтад хяналт тавьж, үр дүнг хариуцна.

5.2.Шүүхийн тамгын газрын дарга, програмд нэвтрэх эрх олгогдсон ажилтны хагас, бүтэн жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд энэ журмын хэрэгжилтийг харгалзана.

5.3.Энэ журмын 3.2.3-т заасан үүргээ биелүүлээгүй шүүхийн захиргааны ажилтан болон энэ журмын 3.1, 3.2.2 дахь заалтыг хангалтгүй хэрэгжүүлсэн админ, хэрэглэгчийн эрхтэй ажилтныг тухайн жилд байгууллагын зардлаар дотоод, гадаадад суралцуулахгүй байх, гадаад улсад албан томилолтоор явуулахгүй байх, тусламж дэмжлэг, шагнал урамшуулал олгохгүй байх, албан тушаал дэвшүүлэхгүй байх үндэслэл болно.

5.4.Журмын 4.6-д заасныг зөрчсөн ажилтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.   

           

-оОо-

 

 

no