Үндсэн агуулга руу шилжих

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

THE JUDICIAL GENERAL COUNCIL OF MONGOLIA

 
  Хэвлэх
 

МОНГОЛ УЛС

         ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

                  ДАРГЫН ТУШААЛ

 

2017 оны 06 сарын 16-ны өдөр                                                                           Дугаар 73                                                                             

 

 

Шүүхэд оюутан дадлагажуулах журам батлах тухай

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь: 

            1.”Шүүхэд оюутан дадлагажуулах журам”-ыг хавсралтаар баталсугай.  

            2.Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг шүүхийн тамгын газрын дарга нарт, хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханд үүрэг болгосугай.

            3.Тушаалыг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

             

 

                                               

ДАРГА                                  Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын

2017 оны 06 дугаар сарын 16–ны өдрийн

73 дугаар тушаалын хавсралт

 

 

 

ШҮҮХЭД ОЮУТАН ДАДЛАГАЖУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл   

1.1.Оюутан шүүхийн практик судлах, дадлага хийх харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам, Шүүхийн хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх хөтөлбөр болон холбогдох бусад хууль тогтоомжид энэ журам нийцсэн байна.

Хоёр. Дадлагыг зохион байгуулах

2.1.Шүүхэд оюутан дадлагажуулах ажлыг шүүхийн тамгын газар хариуцан зохион байгуулах бөгөөд дадлагыг оюутан өөрийн суралцдаг сургуулиас баталсан удирдамжийн дагуу гүйцэтгэнэ.

2.2.Сургууль тухайн хичээлийн жилд шүүхэд дадлага хийх оюутны судалгааг жил бүрийн 10 дугаар сарын 01-ний дотор Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба уг судалгааг үндэслэн шүүхийн тамгын газарт дадлага хийх оюутны тоог сургууль тус бүрээр тогтооно.

2.3.Шүүхийн тамгын газар шүүхэд оюутан дадлагажуулах гэрээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанаас тогтоосон дадлага хийх оюутны тоог үндэслэн их, дээд сургуультай байгуулна.

2.4.Энэ журмын 2.3-т заасан гэрээ байгуулсан сургууль оюутныг шүүхэд дадлага хийлгэнэ. Гадаад улсын их, дээд сургуульд энэ заалт хамаарахгүй.

2.5.Сургуулиас дадлага хийх оюутны дараах баримт бичгийг тухайн шүүхийн тамгын газарт ирүүлнэ:

2.5.1.дадлагын удирдамж;  

2.5.2.оюутны анкет;

2.5.3.оюутны иргэний үнэмлэхийн хуулбар.

2.6.Хууль зүйн клиник сургалтын төвд шүүгч, шүүхийн захиргааны ажилтан дадлагын ажлын удирдагчаар ажиллаж болно.

2.7.Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба нь их, дээд сургуультай шүүхэд оюутан дадлагажуулах асуудлаар жил бүр уулзалт зохион байгуулна.

2.8.Шүүгч нь хууль зүйн их, дээд сургуулийн 3 ба түүнээс дээш курсын оюутан болон магистрант, докторантыг дадлага хийлгэх хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд гаргаж болно.

2.9.Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба энэ журмын 2.8-т заасан хүсэлтийг нэгтгэн нээлттэй зарлах бөгөөд дадлагажигч оюутныг шүүгч өөрөө сонгон шалгаруулна.

2.10.Оюутан нь шүүхийн байранд “Дадлагажигч оюутан” гэсэн энгэрийн тэмдэг хэрэглэнэ.  

Гурав. Шүүхэд оюутан дадлагажуулах харилцаанд

оролцогчдын эрх, үүрэг

3.1.Шүүхийн тамгын газар дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

3.1.1.дадлага удирдагч /шүүгч, ажилтан/-ийг томилох;

3.1.2.дадлагажигч оюутны ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

3.1.3.шүүхийн шүүн таслах болон захиргааны үйл ажиллагааны талаарх мэдээллээр оюутныг хангах;

3.1.4.оюутны ирц, идэвхи хангалтгүй, шүүхийн дотоод дүрэм, журмыг зөрчсөн бол харъяалагдах их, дээд сургуульд мэдэгдэж, дадлагыг хугацаанаас өмнө дуусгавар болгох.

 

3.2.Дадлага удирдагч дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

3.2.1.оюутныг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, дадлагын гүйцэтгэлд хяналт тавих;

3.2.2.оюутанд шүүхийн дотоод дүрэм, журмыг танилцуулах, шаардлагатай судалгаа, мэдээллээр хангах;

3.2.3.дадлагын удирдамж, төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар оюутанд даалгавар өгөх;

3.2.4.энэ журмын 3.1.4-т заасан асуудлаар санал гаргах;

3.2.5.дадлагын тайлантай танилцаж, үнэлгээ, тодорхойлолт өгөх.

 

3.3.Оюутан дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

3.3.1.дадлагын удирдамжид нийцүүлэн дадлагын төлөвлөгөөг боловсруулж, шүүхийн тамгын газрын даргаар батлуулах;

3.3.2.шүүхийн бүтэц, үйл ажиллагаа, архив, номын сан, мэдээ тайлантай танилцах, дүн шинжилгээ хийх;

3.3.3.нээлттэй шүүх хуралдаанд оролцож ажиглалт хийх, тэмдэглэл хөтлөх;

3.3.4.шүүхээр үйлчлүүлж буй иргэдтэй зохистой харилцах;

3.3.5.эрх зүйн зөвлөгөө өгөхгүй байх;

3.3.6.дадлага хийх явцад олж мэдсэн хувь хүн, байгууллага, төрийн нууцыг задруулахгүй байх.

3.4.Оюутан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн систем болон шүүхийн бүртгэлийн програм, архив, эд мөрийн баримтын өрөө, номын санд зөвшөөрөлгүйгээр нэвтрэх, шүүхийн байрнаас хэрэг, баримт бичиг гаргах, компьютерийн мэдээллээс зөвшөөрөлгүйгээр хуулбарлахыг хориглоно.

Дөрөв.Бусад

4.1.Оюутан байгууллагын эд хөрөнгө, баримтыг ашиглаж байгаад үрэгдүүлсэн, гэмтээсэн бол хохирлыг бүрэн хариуцна.

4.2.Энэ журмын 3.1.4-т заасан тохиолдолд оюутанд тодорхойлолт олгохгүй.

4.3.Шүүхийн тамгын газар энэ журмын хэрэгжилтийн талаар жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газарт мэдээлэл ирүүлнэ.

4.4.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтан, оюутанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

--oOo—

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

no
 
 
Судалгааны сан