Үндсэн агуулга руу шилжих

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

THE JUDICIAL GENERAL COUNCIL OF MONGOLIA

 
  Хэвлэх
 

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ДАРГЫН ТУШААЛ

 

 

2017 оны 03 сарын 15-ны өдөр                                                                                                              Дугаар 30                                                                                                                                             Улаанбаатар хот

 

           

 

Шүүгчийн хувийн хэрэг хөтлөх журам батлах тухай

 

 

            Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.11, 18.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

            1.”Шүүгчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ыг нэгдүгээр, “Хувийн хэрэгт байх баримт бичгийн товъёо”-ийг хоёрдугаар, “Шүүгчийн хувийн хэрэг хүлээлцэх акт”-ын загварыг гуравдугаар                хавсралтаар тус тус баталсугай.

            2.Энэ журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Т.Мэндсайхан/-д үүрэг болгосугай.   

            3.Тушаалыг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

 

 

           

 

ДАРГА                                               Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны

03 дугаар сарын 15 -ны өдрийн 30 дугаар

тушаалын нэгдүгээр хавсралт

 

ШҮҮГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГ ХӨТЛӨХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл        

1.1.        Шүүгчийн хувийн хэрэг (цаашид “Хувийн хэрэг” гэх) бүрдүүлэх, баяжуулах, хадгалахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна. 

1.2.        Хувийн хэрэг  нь шүүгчийн хүний нөөцийн судалгаа, төлөвлөлтийн үндсэн баримт бичиг мөн.

1.3.        Шүүхийн захиргааны тухай хууль, Архивын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Монгол Улсын шүүхийн нууцын журам, Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх                                        журам болон холбогдох бусад хууль тогтоомжид энэ журам нийцсэн байна.

Хоёр.Шүүгчийн хувийн хэргийн бүрдэл

2.1.        Хувийн хэрэг дараах баримт бичгээс бүрдэнэ:

2.1.1.    Шүүгчийн танилцуулга;

2.1.2.    Төрийн албан хаагчийн анкет (Маягт 1), нэмэгдэл хуудас (Маягт 2). (Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ын 5 дугаар хавсралтад заасан санамжийг баримтална);

2.1.3.    Хувь хүний намтар (Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ын 6 дугаар хавсралтад заасан санамжийг баримтална);

2.1.4.    Диплом, үнэмлэхийн хуулбар (Ерөнхий боловсролын гэрчилгээ, дээд боловсролын болон магистр, докторын диплом);

2.1.5.    Цээж зураг - 4 хувь (3х4);

2.1.6.    Иргэний үнэмлэхийн хуулбар;

2.1.7.    Гадаад паспортын хуулбар;

2.1.8.    Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар;

2.1.9.    Хуульчийн гэрчилгээний хуулбар;

2.1.10.  Тангарагийн бичиг;

2.1.11.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн (шүүгчийн албан тушаалд томилох, чөлөөлөх, шилжих, сэлгэх) болон шүүгч томилолтоор ажиллуулах тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолын хуулбар;

2.1.12.  Сургалтад хамрагдсан байдлын судалгаа;   

2.1.13.  Шагнагдсан болон Сахилгын шийтгэл ногдуулсан тухай холбогдох материал;

2.1.14.  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9 дэх заалтын дагуу шүүгчийн өөрийн гаргасан мэдэгдэл. 

Гурав.Хувийн хэрэг бүрдүүлэх, баяжуулах, хадгалах

3.1.        Хувийн хэрэг бүрдүүлэх

3.1.1.    Шүүгч бүрд зөвхөн нэг хувийн хэрэг хөтөлнө.

3.1.2.    Хувийн хэрэг бүрдүүлэх, баяжуулах, хадгалах асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны Шүүхийн хүний нөөцийн газар (цаашид “ШХНГ” гэх) хариуцна.

3.1.3.    Хувийн хэргийг бүрдүүлэх, баяжуулах, хадгалах нь Шүүхийн ерөнхий зөвлөл (цаашид “ШЕЗ” гэх)-ийн шүүгчийн хүний нөөц хариуцсан ажилтны үндсэн үүрэг байна.

3.1.4.    Шүүгчийг томилогдоход түүнд хувийн хэрэг нээж, бүрдүүлнэ. Хувийн хэрэг дэх баримт бичгийн үнэн зөвийг шүүгч өөрөө хариуцна.

3.1.5.    Шүүгч томилогдсоноос хойш 14 хоногийн дотор хувийн хэрэгт шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн тухайн шүүхийн тамгын газраар дамжуулан ШХНГ-т ирүүлнэ.

3.1.6.    Шүүхийн мэргэшлийн хорооны Ажлын алба шүүгчийн албан тушаалд томилогдсон нэр дэвшигчийн бүртгүүлэхэд өгсөн баримт бичгийг ШХНГ-т шилжүүлж өгнө. Энэ баримт бичгийг шүүгчийн хувийн хэргийг бүрдүүлэхэд ашиглана.  

3.1.7.    Хувийн хэргийг анх бүрдүүлэхдээ баримт бичгийг энэ журмын 2.1-т заасан дарааллын дагуу байрлуулан товъёог үйлдэн, хавтаслана. Энэ товъёог нь хувийн хэргийн бүрдлийг хянах хэрэгсэл болно.

 

3.2.        Хувийн хэрэг баяжуулах

3.2.1.    Шүүхийн зохион байгуулалт өөрчлөгдөх, шүүгч шилжих, сэлгэх, дэвшин томилогдох, чөлөөлөгдөх, огцрох болон бусад шаардлагатай тохиолдол бүрд хувийн хэрэгт баяжилт хийнэ.

3.2.2.    ШХНГ шүүгчийн хувийн хэрэг дэх баримт бичиг, түүний мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдол бүрд холбогдох баримт нотолгоог үндэслэн өөрчлөлт оруулж, энэ талаар товъёогийн холбогдох баганад тэмдэглэл хийнэ.

3.2.3.    Шүүгч шаардлагатай тохиолдол (гэр бүлийн байдал, боловсрол, шагнал зэрэгт өөрчлөлт орох)-д өөрийн хувийн хэрэгт баяжилт хийх баримт бичгийг тухайн өөрчлөлт орсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхийн тамгын газраар дамжуулан ШХНГ-т ирүүлнэ.

3.2.4.    Энэ журмын 3.2.3-т заасан хувийн хэргийн баяжилт хийх, баримт бичгийг ШХНГ-т ирүүлэх ажлыг шүүхийн тамгын газар зохион байгуулна.

3.2.5.    Хувийн хэрэгт баяжилт хийх баримт бичгийг шуудангаар болон цахим хэлбэрээр ирүүлэх бөгөөд түүний бүртгэлийг шүүгчийн хүний нөөц хариуцсан ажилтан хийнэ.  

 

3.3.        Хувийн хэрэг хадгалах

3.3.1.    Хувийн хэрэг шүүхийн нууцад хамаарна.

3.3.2.    Хувийн хэргийг шүүхийн зохион байгуулалт, нутаг дэвсгэрийн харьяаллын  дагуу дараалалд оруулж, ШХНГ-т хадгалах бөгөөд хадгалалтын дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:

а) Тусгай өрөөнд хадгалагдах бөгөөд зохих стандарт (агаарын чийгшил, төмөр хаалга, хамгаалалттай цонх, галын аюулгүй байдлын иж бүрдэлтэй байх)-ыг хангасан байна.

б) Цоожтой зориулалтын төмөр шүүгээнд хадгална.

3.3.3.  Хувийн хэргийн өрөөнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, ШХНГ-ын дарга, шүүгчийн хүний нөөц хариуцсан ажилтан, зөвшөөрөл бүхий албан тушаалтан нэвтэрнэ.

3.3.4.  Хувийн хэргийн өрөөг эзэнгүй үед хаалгыг байнга түгжиж, лацдана. Түлхүүрийг шүүгчийн хүний нөөц болон харуул, хамгаалалт хариуцсан ажилтан хадгална.

3.4.        Хувийн хэрэгт үзлэг, шалгалт хийх

3.4.1.  Хувийн хэрэгт жилд нэг удаа үзлэг, шалгалт хийж болно.   

3.4.2.  Үзлэг, шалгалт нь энэ журмын 2.1-т заасан баримт бичгийн бүрдэл, баяжуулалт, хадгалалтын байдалд дүгнэлт өгөхөд чиглэнэ.

3.4.3.  Үзлэг, шалгалтыг 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хийх бөгөөд ахлагч нь ШХНГ-ын дарга байна.      

 

Дөрөв.“Шүүхийн хүний нөөцийн програм”-д хийх ажиллагаа

4.1.        Хувийн хэрэг шинээр нээх эсхүл баяжилт хийснээс хойш ажлын 3 өдрийн дотор “Шүүхийн хүний нөөцийн програм” (цаашид “Програм” гэх)-д тухайн шүүгчийн бүртгэлийг ШХНГ хийнэ.                    Бүртгэлийг хийхдээ түүний  хувийн хэрэг дэх баримт бичигт үндэслэнэ.

4.2.        Шүүгч болон шүүхийн тамгын газрын дарга програмд шүүгчийн бүртгэлийн мэдээлэл алдаатай, дутуу орсон тохиолдолд ШХНГ-т мэдэгднэ.

4.3.        Шүүхийн тамгын газрын дарга програм дахь шүүгчийн бүртгэл, судалгаатай холбоотой мэдээллийг тухайн шүүгчээр улирал бүр хянуулна.

4.4.        ШЕЗ-ийн Ажлын албаны нэгж нь шүүгчийн хүний нөөцийн бүртгэл, судалгаатай холбоотой мэдээлэл, баримт бичгийг ШХНГ-т ирүүлэх бөгөөд түүнийг програм дахь шүүгчийн хүний                            нөөцийн бүртгэл, судалгааг шинэчлэхэд ашиглана[1].

        

Тав.Хувийн хэрэгтэй танилцах

5.1.        Шүүгч өөрийнхөө хувийн хэрэгтэй танилцахыг хүсвэл түүнд анхны шаардлагаар үзүүлэх бөгөөд хувийн хэрэгтэй танилцсан талаар тэмдэглэл хөтөлж, гарын үсэг зуруулна.  

5.2.        Хувийн хэргийг эрх бүхий албан тушаалтанд[2] танилцуулах, баримт бичгээс хуулбар хийх зөвшөөрлийг ШХНГ-ын дарга олгоно.

5.3.        Хувийн хэргийг өөр байгууллага, иргэнд шилжүүлэх, зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, бусдад дамжуулахыг хориглоно.

5.4.        Шүүгчийн хувийн хэрэгтэй зохих журмын дагуу танилцсан ажилтан түүний нууцыг задруулахыг хориглоно.

 

Зургаа.Бусад

6.1.        Шүүгч чөлөөлөгдсөн, огцорсон тохиолдолд хувийн хэргийг хааж, архивт хадгална.

6.2.        Шүүгчийн хүний нөөц хариуцсан ажилтан өөрчлөгдсөн тохиолдолд хувийн хэрэг, бүртгэлийн баримт бичиг, өрөө, цахим суурьтай файл зэргийг нэг бүрчлэн актаар хүлээлцэнэ.

6.3.        Хувийн хэргээс хэрэгцээгүй гэж үзсэн баримт бичгийг устгах шаардлага гарвал шүүгчийн хүний нөөц хариуцсан ажилтан Гүйцэтгэх нарийн бичгийн дарга болон ШХНГ-ын даргад танилцуулсны үндсэн дээр акт үйлдэж устгана.

6.4.        Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага ногдуулна.

 

-оОо-

 

 

 

 

[1] Тухайлбал, дотоодод болон гадаад улсад сургалтад хамрагдсан талаарх мэдээлэл, баримт бичиг (гэрчилгээ, тушаалын хуулбар) гэх мэт.

[2] Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын шүүхийн нууцын журам”-ын 3 дугаар хавсралтад заасан