ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД,
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН
ХАМТАРСАН ТУШААЛ
2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дугаар 41/20 Улаанбаатар хот
Шүүгчид нэр дэвшигчийн эрүүл мэндийн тодорхойлолт гаргах журам батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.4, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.”Шүүгчид нэр дэвшигчийн эрүүл мэндийн тодорхойлолт гаргах журам”-ыг нэгдүгээр, “Шүүгчид нэр дэвшигчийн эрүүл мэндийн үзлэгийн маягт”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга нарт үүрэг болгосугай.
3.Тушаалын биелэлтэд хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /А.Эрдэнэтуяа/, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Н.Дагва/-д даагасугай.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ЗӨВЛӨЛИЙН ДАРГА
Н.УДВАЛ Н.ЛҮНДЭНДОРЖ
Эрүүл мэндийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын
хамтарсан 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн
41/20 тоот тушаалын нэгдүгээр хавсралт
ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОДОРХОЙЛОЛТ ГАРГАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5 дахь заалтад заасны дагуу шүүгчид нэр дэвшигч /цаашид “нэр дэвшигч” гэх/ шүүгчийн албан тушаалд томилогдоход харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт гаргахтай холбогдон үүсэх харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2.Эмч, эмнэлгийн ажилтан нь шүүгчид нэр дэвшигчийн эрүүл мэндийн тодорхойлолт гаргахдаа “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ”-г чанд мөрдөж ажиллана.
1.3.Нэр дэвшигчийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах үйл ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, үнэн зөв тодорхойлох, шуурхай үйлчлэх зарчмыг баримтална.
Хоёр.Эрүүл мэндийн үзлэгт хамруулах, тодорхойлолт гаргах
2.1.Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба нэр дэвшигч эрүүл мэндийн тодорхойлолт гаргуулахад шаардлагатай мэдээллээр хангаж ажиллана.
2.2.Эрүүл мэндийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар батлагдаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн сайтад байршуулсан маягтын дагуу нэр дэвшигч нь эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдана. Эрүүл мэндийн үзлэгийн маягтын дээд хэсгийг голлуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн тэмдгийг дарсан байна.
2.3.Нэр дэвшигч нь шүүгчийг сонгон шалгаруулах тухай зард заасан материал хүлээн авах хугацааны дотор харьяалах нутаг дэвсгэрийн төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагад үзлэгт хамрагдаж, эрүүл мэндийн тодорхойлолт гаргуулна.
2.4. Орон нутгийн төрийн өмчит эрүүл мэндийн байгууллага нь нэр дэвшигчид хараа, сонсгол, хэл ярианы согог, уушигны сүрьеэ, цээжний зургийн үзлэг, шинжилгээг хийж үзлэгийн тайланг холбогдох журмын дагуу гаргана.
2.5. Нэр дэвшигчийн сэтгэцийн эрүүл мэндийн дүгнэлтийг нийслэлд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд сэтгэцийн мэргэжлийн зэрэг цолтой 3 ба түүнээс дээш эмч, орон нутагт Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэгт сэтгэцийн мэргэжлийн эмчийн хүртээмжээс шалгаалж ажлын туршлагатай сэтгэцийн эмч, мэдрэлийн эмч, сэтгэл зүйч мэргэжлийн 3 ба түүнээс дээш эмнэлгийн мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй комисс гаргана.
/Эрүүл мэнд, спортын сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 39/11 дүгээр хамтарсан тушаалаар өөрчлөлт оруулсан./
2.6. Сэтгэцийн эрүүл мэндийн дүгнэлт гаргах комиссыг нийслэлд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал, орон нутагт Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлгийн захирал, даргын тушаалаар тус тус томилно.
/Эрүүл мэнд, спортын сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 39/11 дүгээр хамтарсан тушаалаар өөрчлөлт оруулсан./
2.5.3. 2.7. Нэр дэвшигчийн сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг, ярилцлага, шаардлагатай тохиолдолд сэтгэц эмгэг судлалын шинжилгээний аргуудыг ашиглан оношилж, тодорхойлолт гаргана.
2.6. 2.8. Нэр дэвшигчийн эрүүл мэндийн тодорхойлолт гаргаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд маягтыг бүрэн бөглөж, үзлэг, шинжилгээ бүрийн дүнг баталгаажуулна.
2.7.2.9. Эрүүл мэндийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан эцсийн дүгнэлт гаргаж, маягтанд гарын үсэг зурж, өөрийн гарын үсэг болон нэр дэвшигчийн зургийг эрүүл мэндийн байгууллагын тамга, тэмдгээр баталгаажуулна
2.8. 2.10. Нэр дэвшигч нь эрүүл мэндийн үзлэгийн төлбөрийг тухайн эрүүл мэндийн байгууллагад мөрдөж буй тарифын дагуу төлнө.
2.9. 2.11. Нэр дэвшигч нь энэ журамд зааснаас өөр эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан, эрүүл мэндийн хуурамч тодорхойлолт гаргуулсан, эсхүл албан ёсоор гарын үсэг зурж баталгаажуулах ёстой эмнэлгийн удирдах ажилтнаас өөр албан тушаалтны гарын үсэг зурагдсан тохиолдолд эрүүл мэндийн тодорхойлолтыг хүчингүйд тооцно.
Гурав.Хариуцлага
3.1.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.