Үндсэн агуулга руу шилжих

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

THE JUDICIAL GENERAL COUNCIL OF MONGOLIA

 
  Хэвлэх
 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

 

2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр                                                              Дугаар 49                                                                                                Улаанбаатар хот

 

 

Аргачлал, загвар батлах тухай

  

Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.21а, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс  ТОГТООХ нь:

            1.“Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ыг нэгдүгээр хавсралтаар, "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх баримтын загвар"-ыг хоёрдугаар хавсралтаар шинэчлэн баталсугай.

            2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандарт" батлах тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2007 оны 61 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

            3.Тогтоолыг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

                                                                                            ДАРГА                                                      Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

 

 

 

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2019 оны

04 дүгээр сарын 23-ны өдрийн 

49 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт 

 

 

Эрүүгийн хэргийн хөдөлгөөний

 нийтлэг аргачлал

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

            1.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем /цаашид “Систем” гэх/-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдахад /бүртгэх, хяналт тавих, зохицуулах гэх мэт/ энэ аргачлалыг баримтална.

            1.2. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид энэ аргачлал нийцсэн байна.

            1.3. Шүүгч эрүүгийн хэргийн хөдөлгөөнийг манлайлан удирдана.

 

Хоёр.Систем ашиглах

2.1. Эрүүгийн хэргийн хөдөлгөөнийг удирдахад системийг ашиглана.

2.2. Тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан хэрэг хуваарилах журам /цаашид “Хэрэг хуваарилах журам” гэх/-ыг шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтэн системд тохируулна.

2.3. Системийн хэрэглэгч-шүүгч, шүүхийн захиргааны ажилтан /цаашид “Хэрэглэгч” гэх/ өөрийн нэвтрэх нэр, нууц үгийн аюулгүй байдлыг хариуцна.

2.4. Хэрэглэгч бүр шүүхийн албаны нууцын баталгаа гаргана.

2.5. Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн /цаашид “Ажилтан” гэх/ эрүүгийн хэрэг, гомдол, хүсэлт, эсэргүүцэл, санал, дүгнэлт ирмэгц системд бүртгэж, Хэрэг хуваарилах журамд заасны дагуу системээс шүүгчид хуваарилна.

2.6. Хэрэглэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гаргасан эрх зүйн акт /нууцад хамаарахаас бусад/-ыг системд бүртгэж хадгална.

2.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гаргасан эрх зүйн актад хэрэглэгч зөвхөн системээс олгосон дугаарыг бичнэ.

2.8. Системийн ашиглалт, хэвийн үйл ажиллагаанд шүүхийн тамгын газрын дарга хяналт тавина.

 

Гурав. Хэрэг, гомдол, хүсэлт, санал, дүгнэлт хүлээн авах

3.1. Эрүүгийн хэрэг хүлээн авах

3.1.1. Эрүүгийн хэргийг ажлын цагт ямар нэг хязгаарлалт тогтоолгүйгээр Ажилтан хүлээн авч, “Эрүүгийн хэргийн албан хэрэг хөтлөлтөд хэрэглэх бүртгэлийн загвар” /цаашид “Бүртгэл” гэх/-ын Бүртгэл №1-д бүртгэж, хүлээлгэн өгсөн хүнээр гарын үсэг зуруулна.

3.1.2. Ажилтан хэргийг хүлээж авахдаа дараах ажиллагааг шалгана. Үүнд:

а/Эрүүгийн хэргийг харьяалах прокурорын газраас системээр ирүүлсэн байх,

б/Яллах дүгнэлтийг яллагдагч, хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчид гардуулсан байх, хэрэв яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзсан тохиолдолд энэ тухай тэмдэглэл үйлдсэн байх,

в/Яллагдагч, хуулийн этгээдийн иргэний болон улсын бүртгэлийн баримт бичгийг шүүхэд ирүүлсэн байх, эсхүл энэ талаарх лавлагаа авсан байх,

г/Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн тухай тэмдэглэлийг зохих журмын дагуу баталгаажуулж ирүүлсэн байх,

д/Хавтас хэргийн хуудасны тоо зөв дугаарлагдсан байх,

е/Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримт нь тоо хэмжээ, бусад байдлаараа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гаргасан шүүх, прокурорын шийдвэртэй тохирч байгаа эсэх, хэрэв хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шүүхэд ирүүлээгүй бол хаана хадгалагдаж байгаа талаарх баримтыг хэрэгт хавсаргасан байх,

ё/Таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол:

            -Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол уг хугацаа дуусахаас 7-оос доошгүй хоногийн өмнө хэргийг ирүүлсэн байх, эсхүл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгасан байх,

            -Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол барьцааны мөнгийг шүүхийн дансанд шилжүүлсэн байх,

            -Цагдан хорихоос бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол яллагдагчийг шүүхэд ирүүлсэн байх,

3.1.3. Ажилтан аргачлалын 3.1.2-т заасан ажиллагааны аль нэг нь дутуу эсхүл алдаа, зөрчилтэй байвал заавал нөхөн гүйцэтгүүлж хүлээн авна.

3.1.4. Ажилтан хэргийг хүлээн авч “Шүүхэд албан хэрэг хөтлөх журам”-д заасны дагуу дардас дарж, баталгаажуулна.

 

3.2. Зөрчлийн хэрэг хүлээн авах

3.2.1. Шүүгчийн туслах прокурорын дүгнэлт, оролцогчийн гомдол, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болон Зөрчлийн тухай хуулийн 15.3, 15.4, 15.5 дугаар зүйлд заасан зөрчлийн хэргийг Бүртгэл №20-д бүртгэж, энэ аргачлалын 3.1.4-т заасны дагуу баталгаажуулж, хүлээн авна.

3.2.2. Аргачлалын 3.2.1, 3.4.2-т заасан шүүгчийн туслах гэдгийг тухайн шүүхийн зөрчлийн хэрэг хүлээн авч, шийдвэрлэх дагнасан шүүгчийн “туслах” гэж ойлгоно.

3.2.3. Хэрэв тухайн шүүхийн Хэрэг хуваарилах журамд зөрчлийн хэрэг хүлээн авч, шийдвэрлэх дагнасан шүүгчийг томилоогүй буюу зөрчлийн хэргийг тухайн шүүхийн нийт шүүгч хүлээн авч шийдвэрлэхээр заасан бол зөрчлийн хэргийг аргачлалын 3.1.4-т заасны дагуу баталгаажуулж, Ажилтан хүлээн авна.

 

3.3. Таслан сэргийлэх арга хэмжээний санал, хүсэлтийг хүлээн авах

3.3.1. Шүүгчийн туслах сэжигтнийг баривчлах, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах тухай прокурор, оролцогчийн санал, хүсэлтийг Бүртгэл №16-д бүртгэж, аргачлалын 3.1.4-т заасны дагуу баталгаажуулж, хүлээн авна.

3.3.2. Аргачлалын 3.3.1, 3.4.3-т заасан шүүгчийн туслах гэдгийг тухайн шүүхийн таслан сэргийлэх арга хэмжээний санал, хүсэлт хянан шийдвэрлэх шүүгчийн “туслах” гэж ойлгоно.

 

3.4. Хэргийг шүүгчид хүлээлгэн өгөх

3.4.1. Ажилтан эрүүгийн хэргийг Хэрэг хуваарилах журамд заасны дагуу системээс хуваарилмагц эд мөрийн баримтын хамт шүүгчид хүлээлгэн өгч, Бүртгэл №1-д гарын үсэг зуруулна.

3.4.2. Шүүгчийн туслах зөрчлийн хэргийг Хэрэг хуваарилах журамд заасны дагуу дагуу системээс хуваарилмагц шүүгчид хүлээлгэн өгч, Бүртгэл №20-д гарын үсэг зуруулна.

3.4.3. Шүүгчийн туслах таслан сэргийлэх арга хэмжээний санал, хүсэлтийг Хэрэг хуваарилах журамд заасны дагуу системээс хуваарилмагц шүүгчид хүлээлгэн өгч, Бүртгэл №16-д гарын үсэг зуруулна.

 

3.5. Давж заалдах болон хяналтын шатны шүүх хянасан эрүүгийн хэрэг хүлээн авах, системд бүртгэх

            3.5.1. Ажилтан давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хянан шийдвэрлээд ирүүлсэн хэргийг хүлээн авч, аргачлалын 3.1.4-т заасны дагуу баталгаажуулж, Бүртгэл №4, Бүртгэл №5-д бүртгэж, Ерөнхий шүүгч болон хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнд танилцуулж, шийдвэрлэсэн шүүгчид даруй хүлээлгэн өгч, холбогдох бүртгэлд гарын үсэг зуруулна.

3.5.2. Прокурорт буцаасан хэрэг дахин ирсэн, адил шатны шүүхээс харьяаллын дагуу шилжүүлсэн хэргийг Бүртгэл №1-д, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэргийг Бүртгэл №13-д, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэргийг Бүртгэл №42-т, харьяалал тогтоож ирүүлсэн хэргийг Бүртгэл №14-т Ажилтан тус тус бүртгэж, аргачлалын 3.1.4-т заасны дагуу баталгаажуулж, Хэрэг хуваарилах журамд заасны дагуу системээс хуваарилсныг шүүгчид даруй хүлээлгэн өгч, холбогдох бүртгэлд гарын үсэг зуруулна.

3.5.3. Ажилтан давж заалдах болон хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэрэг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэргийг системд бүртгэхдээ давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон буюу прокурор, оролцогчийн хяналтын журмаар болон Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол, эсэргүүцэл гаргах хугацаа дууссаны дараа бүртгэж, хэрэг хуваарилах журамд заасны дагуу системээс хуваарилна.

 

3.6. Гомдол, хүсэлт, дүгнэлт хүлээн авах

            3.6.1. Ажилтан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан прокурор, оролцогчийн гомдол, хүсэлтийг систем болон Бүртгэл №2-т бүртгэж, аргачлалын 3.1.4-т заасны дагуу баталгаажуулж, шүүгчид даруй хүлээлгэн өгнө.

            3.6.2. Ерөнхий шүүгчийн харьяалан шийдвэрлэх прокурор, оролцогчийн гомдол болон шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаатай холбоотой гаргасан прокурорын дүгнэлтийг Ерөнхий шүүгчийн туслах систем болон Бүртгэл №43, Бүртгэл №18-д тус тус бүртгэж, аргачлалын 3.1.4-т заасны дагуу баталгаажуулж, Ерөнхий шүүгчид даруй хүлээлгэн өгнө.

 

Дөрөв.ШҮҮХ ДЭХ АЖИЛЛАГАА

4.1. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх

4.1.1.Туслах прокуророос ирсэн хэргийн яллагдагчид ямар таслан сэргийлэх арга хэмжээ авах талаар сайтар судалж, шүүгчид мэдээлэл өгөх үүрэгтэй.

4.1.2. Шүүгчийн шийдвэрийн дагуу яллагдагч, шүүгдэгчид “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх баримтын загвар” /цаашид “Баримт” гэх/-ын Баримт №1-г, “Барьцаа авах” таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол Баримт №2-г, “Цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах” таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол Баримт №3-г тус тус шүүгчийн туслах үйлдэж, гарын үсэг зуруулан, холбогдох баримтын хамт хэрэгт хавсаргана.

4.1.3. Шүүгчийн шийдвэрийн дагуу яллагдагч, шүүгдэгчид “Тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх”, “Хязгаарлалт тогтоох”, “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах оролцогчид танилцуулж, Баримт №9-д гарын үсэг зуруулж, хэрэгт хавсаргана.

4.1.4. “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсан яллагдагч, шүүгдэгчийг шүүгчийн захирамжийн хамт хуяглан хүргэх цагдаад хүлээлгэн өгч, Баримт №15-д гарын үсэг зуруулж, хувийг хэрэгт хавсаргана.

4.1.5. Шүүгчийн туслах яллагдагчийг цагдан хорих хугацаа дуусахаас 3-аас доошгүй хоногийн өмнө энэ тухай шүүгчид мэдэгдэнэ.

4.1.6. Яллагдагчийг шүүхэд шилжүүлмэгц системээс хуваарилсан индексийг “Хэргийн индексийн журам”-ын дагуу хэргийн хавтсанд шүүгчийн туслах байрлуулна.

4.1.7. Хавтаст хэргийн материалыг прокурор, оролцогчид шүүгчийн туслах танилцуулж, Баримт №4-т гарын үсэг зуруулж, хэрэгт хавсаргана.

4.1.8. Шүүгчийн туслах Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан “Нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан тухай баримт”-г прокурор, оролцогч болон бусад оролцогчид танилцуулж, гарын үсэг зуруулж, хэрэгт хавсаргана.

4.1.9. Тухайн шүүхийн Ерөнхий шүүгч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг сунгасан тохиолдолд Ерөнхий шүүгчийн туслах энэ талаарх мэдээллийг системд бүртгэнэ.

4.1.10. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, хорих ял шийтгүүлсэн яллагдагч, шүүгдэгчтэй уулзах зөвшөөрлийг холбогдох хуульд заасны дагуу анхан шатны шүүхийн шүүгч олгоно. Хорих ангид ял эдэлж байгаа ялтанд энэ заалт хамаарахгүй.

4.1.11. Уулзах зөвшөөрлийг олгоход шүүгчийн туслах Баримт №21-г үйлдэнэ.

           

4.2. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг

4.2.1. Шүүгчийн туслах шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, оролцогчид танилцуулсан бол Баримт №10-д гарын үсэг зуруулна, мэдэгдсэн бол Баримт №10-д тэмдэглэж, хэрэгт хавсаргана.

4.2.2. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшилсон бол шүүгчийн туслах прокурор, оролцогчид танилцуулж, Баримт №10-д гарын үсэг зуруулна, мэдэгдсэн бол Баримт №10-д тэмдэглэж, хэрэгт хавсаргана.

4.2.3. Шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн бол шүүгчийн туслах Баримт №9-г үйлдэж, хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийн хамт шүүхийн бичиг хүргэгч /цаашид “Бичиг хүргэгч” гэх/-д хүлээлгэн өгнө.

4.2.4. Бичиг хүргэгч хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг Бүртгэл №41-т бүртгэж, прокурорын байгууллагын бичиг хэргийн ажилтанд даруй хүлээлгэн өгч, Баримт №9-д гарын үсэг зуруулж, баримтыг шүүгчийн туслахад хүлээлгэн өгнө.

4.2.5. Прокурор хуульд заасан хугацаанд эсэргүүцэл бичээгүй тохиолдолд шүүгчийн туслах хэргийг эд мөрийн баримтын хамт харьяалах прокурорт хүргүүлнэ.

4.2.6. Прокурорт буцаасан хэргийн яллагдагчид цагдан хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол шүүгчийн туслах түүнийг аргачлалын 5.2.1-т зааснаар дуудан ирүүлж, хэргийн хамт хүргүүлнэ.

4.2.7. Прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүгчийн туслах аргачлалын 7.3.1, 7.3.2-т заасан ажиллагааг хийж, аргачлалын 7.7.1, 7.7.2-т зааснаар хэргийг харьяалах шүүхэд хүргүүлнэ.

4.2.8. Шүүгчийн туслах хэргийг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг прокурор, оролцогчид танилцуулсан бол Баримт №9-д гарын үсэг зуруулна, мэдэгдсэн бол Баримт №9-д тэмдэглэж, хэрэгт хавсаргана.

4.2.9. Яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлуулах тухай шүүгчийн захирамжийг гарсан өдөрт нь Бүртгэл №17-д бүртгэж, захирамжийг цагдаагийн байгууллагад хүргүүлэхээр шүүгчийн туслах Бичиг хүргэгчид хүлээлгэн өгнө. Шүүхийн тамгын газрын даргын тушаалаар томилогдсон шүүхийн захиргааны ажилтан уг захирамжийг “Эрэн сурвалжлах, албадан ирүүлэх бүртгэл, тайлангийн систем”-д бүртгэж, баталгаажуулан хэрэгжилтэд хяналт тавина.

4.2.10. Яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлуулах тухай шүүгчийн захирамжийг Бичиг хүргэгч Бүртгэл №41-т бүртгэж, аргачлалын 4.2.4-т заасан хугацаанд харьяалах цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч, хүлээн авсан хүнээр гарын үсэг зуруулна.

4.2.11. Хэргийг түдгэлзүүлэх үндэслэл арилж, сэргээх тухай шүүгчийн захирамж гармагц шүүгчийн туслах прокурор, оролцогчид танилцуулсан бол Баримт №9-д гарын үсэг зуруулна, мэдэгдсэн бол Баримт №9-д тэмдэглэж, хэрэгт хавсаргана.

4.2.12. Шүүгчийн туслах хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамжийг прокурор, оролцогчид танилцуулсан бол Баримт №9-д гарын үсэг зуруулна, мэдэгдсэн бол Баримт №9-д тэмдэглэж, хэрэгт хавсаргана.

4.2.13. Хэргийг харьяалах шүүхэд аргачлалын 7.7.1, 7.7.2-д зааснаар шүүгчийн туслах хүргүүлнэ.

 

тав. Шүүх хуралдаанд бэлтгэх

5.1. Шүүх хуралдааны бэлтгэл, тов

 5.1.1. Шүүгчийн даалгаснаар шүүх хуралдаанд прокурор, оролцогч болон бусад оролцогчийг товлосон цагт оролцуулах арга хэмжээг шүүгчийн туслах гүйцэтгэнэ.

 5.1.2. Шүүх хуралдааны танхимын техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хариуцна.

 5.1.3. Шүүх хуралдаан товлогдмогц шүүгчийн туслах шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч болон бусад оролцогчийг шүүх хуралдаанд дуудан ирүүлэхдээ Баримт №5-г үйлдэж, Бичиг хүргэгчид хүлээлгэн өгнө.

 5.1.4. Бичиг хүргэгч Баримт №5-г Бүртгэл №41-д бүртгэж, аргачлалын 4.2.4-т заасан хугацаанд оролцогч болон бусад оролцогчид гардуулан өгч, баримтад гарын үсэг зуруулж, буцах хувийг шүүгчийн туслахад хүлээлгэн өгнө.

 5.1.5. Шүүгчийн туслах оролцогч болон бусад оролцогчид шүүх хуралдааны товыг утас, факс, цахим шуудангаар мэдэгдсэн бол Баримт №6-г үйлдэж, хэрэгт хавсаргана.

 5.1.6. Шүүх хуралдаан товлогдмогц шүүгчийн туслах шүүх бүрэлдэхүүнд товыг мэдэгдэж, хэргийн материалыг танилцуулна.

 5.1.7. Шүүх хуралдааны товыг “Шүүхийн шийдвэрийн цахим сан” /цаашид “Цахим сан” гэх/-д шүүхийн мэдээлэл, технологийн мэргэжилтэн, “Шүүхийн мэдээллийн самбар”-т шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн эсхүл шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн тус тус байршуулна.

 5.1.8. Цагдан хоригдож байгаа яллагдагч, шүүгдэгчийг шүүх хуралдаан, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дуудан ирүүлэхдээ шүүгчийн туслах Баримт №7-г үйлдэж, шүүхийн тамгын газрын даргын тушаалаар томилогдсон шүүхийн захиргааны ажилтанд хүлээлгэн өгнө.

 5.1.9. Шүүхийн тамгын газрын даргын тушаалаар томилогдсон шүүхийн захиргааны ажилтан яллагдагч, шүүгдэгчийг дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг Бүртгэл №6-д бүртгэж, хорих байгууллагын ажилтанд хүлээлгэн өгч, холбогдох бүртгэлд гарын үсэг зуруулна.

 5.1.10. Шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг прокурор, оролцогч болон бусад оролцогчид танилцуулсан бол Баримт №11-д гарын үсэг зуруулна, мэдэгдсэн бол Баримт №11-д тэмдэглэж, хэрэгт хавсаргана.

 5.1.11. Шүүх хуралдаан хойшилсон бол шүүгчийн туслах прокурор, оролцогч болон бусад оролцогчид танилцуулж, Баримт №11-д гарын үсэг зуруулна, мэдэгдсэн бол Баримт №11-д тэмдэглэж, хэрэгт хавсаргана.

 

            5.2. Оролцогчийг албадан ирүүлэх

            5.2.1. Оролцогчийг албадан ирүүлэх тухай захирамжийг гарсан өдөрт нь цагдаагийн байгууллагад хүргүүлэхээр шүүгчийн туслах Бичиг хүргэгчид  хүлээлгэн өгнө. Шүүхийн тамгын газрын даргын тушаалаар томилогдсон шүүхийн захиргааны ажилтан уг захирамжийг “Эрэн сурвалжлах, албадан ирүүлэх бүртгэл, тайлангийн систем”-д бүртгэж, хэрэгжилтэд хяналт тавина.

            5.2.2. Бичиг хүргэгч оролцогчийг албадан ирүүлэх тухай захирамжийг Бүртгэл №41-т бүртгэж, аргачлалын 4.2.4-т заасан хугацаанд харъяалах цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч, холбогдох бүртгэлд гарын үсэг зуруулна.

            5.2.3. Цагдаагийн байгууллага уг захирамжийн дагуу ажиллагааг хийж, захирамжид заасан хугацаанд тухайн хэргийн оролцогчийг шүүхэд албадан ирүүлнэ.

            5.2.4. Цагдаагийн байгууллага тухайн хэргийн оролцогчийг аргачлалын 5.2.3-т зааснаар албадан ирүүлээгүй бол энэ талаар шүүхэд бичгээр тайлбар ирүүлнэ.

 

ЗУРГАА. АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА

            6.1. Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх

            6.1.1. Шүүх хуралдааны явцад бусад оролцогчид эрх, үүргийг тайлбарлаж, Баримт №8-д гарын үсэг зуруулж, хэрэгт хавсаргана. Энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тусгана.

            6.1.2. Тэмдэглэлийн хуудас бүр дээр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

            6.1.3. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүгчээр хянуулж, албажуулсны дараа прокурор, оролцогч танилцсан тохиолдолд Баримт №14-д гарын үсэг зуруулж, хэрэгт хавсаргана.

 

            6.2. Иргэдийн төлөөлөгч оролцуулах

            6.2.1. Шүүх хуралдаан товлогдсон даруйд шүүгчийн туслах хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийг сонгох талаар шүүхийн тамгын газарт 7-оос доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, сонгогдсон иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах арга хэмжээг авна.

            6.2.2. ”Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ын дагуу иргэдийн төлөөлөгчийг сонгож, шүүх хуралдаанд оролцуулсан талаарх баримтыг шүүгчийн туслах хэрэгт хавсаргана.

            6.2.3. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн бичгээр гаргасан буюу уншиж сонсгосон саналыг шүүгчийн туслах хэрэгт хавсаргана.

 

ДОЛОО. ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСНИЙ ДАРААХ АЖИЛЛАГАА

            7.1. Шүүхийн шийдвэрийг систем болон цахим санд байршуулах

            7.1.1. Шүүгчийн туслах хэргийг шийдвэрлэсэн өдөрт нь хэргийн шийдвэрлэлт буюу оногдуулсан ял, албадлагын арга хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эд мөрийн баримтын шийдвэрлэлтийг системд бүрэн оруулж, системээс шийтгэх, цагаатгах тогтоолын дугаарыг авна.

            7.1.2. Шүүгчийн туслах шийтгэх, цагаатгах тогтоолыг албажуулсан өдөрт нь бүрэн эхээр нь системд оруулж, баталгаажуулна.

            7.1.3. Шүүхийн шийдвэрийг цахим санд байршуулахдаа “Шүүхийн шийдвэрийг нийтлэх журам”-ыг баримтална.

            7.1.4. Шүүхийн тамгын газрын дарга шүүхийн шийдвэрийг цахим санд хугацаандаа бүрэн, зөв байршсан эсэхэд хяналт тавина.

            7.1.5. Шүүгчийн туслах шүүхийн шийдвэрийг цахим санд байршуулах талаар прокурор, оролцогчид танилцуулсан бол Баримт №13-д гарын үсэг зуруулна, мэдэгдсэн бол Баримт №13-д тэмдэглэж, хэрэгт хавсаргана.

 

            7.2. Шийтгэх, цагаатгах тогтоолыг гардуулах, хүргүүлэх

            7.2.1. Шүүгчийн туслах шийтгэх, цагаатгах тогтоолыг прокурор, оролцогчид гардуулах буюу хүргүүлэхдээ энэ тухай системд бүртгэж, Баримт №12-т гарын үсгийг зуруулж, хэрэгт хавсаргана.

            7.2.2. Хэргийн оролцогчид шийтгэх, цагаатгах тогтоолыг гардан авах талаар шүүгчийн туслах мэдэгдсэн боловч гардаж аваагүй бол байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд албан бичгээр, иргэдэд хавтаст хэрэгт бичигдсэн буюу шүүх хуралдаанд оролцохдоо мэдүүлсэн хаягаар хүргүүлэхээр Бичиг хүргэгчид Баримт №12-н хамт хүлээлгэн өгнө.

            7.2.3. Бичиг хүргэгч шийтгэх, цагаатгах тогтоолыг Бүртгэл №41-т бүртгэж, аргачлалын 4.2.4-т заасан хугацаанд прокурор, оролцогчид хүлээлгэн өгч, Баримт №12-т гарын үсэг зуруулж, шүүгчийн туслахад хүлээлгэн өгнө.

            7.2.4. Аргачлалын 7.2.2-т заасан хүргүүлэх ажиллагааг шуудангаар гүйцэтгэж болно. Энэ тохиолдолд Бичиг хүргэгч Баримт №12-т шуудангийн ажилтнаар огноо, гарын үсгийг зуруулан, тэмдэг даруулж баталгаажуулна.

           7.2.5. Хорих ял шийтгүүлж, цагдан хоригдсон ялтанд шийтгэх тогтоолыг хүргүүлэхдээ шүүгчийн туслах Баримт №12-г үйлдэж, шийтгэх тогтоолын хамт аргачлалын 5.1.8, 5.1.9-д зааснаар хорих байгууллагад хүргүүлнэ.

 

            7.3. Хавтаст хэргийг эмхлэх

            7.3.1. Шүүхийн шийдвэрийг прокурор, оролцогчид гардуулсан буюу хүргүүлсний дараа шүүгчийн туслах холбогдох баримтыг хавтаст хэрэгт бүрэн оруулж, эмхлэн цэгцэлж, Баримт №17-г үйлдэн шүүгчид хянуулна.

            7.3.2. Хавтаст хэргийг эмхлэхдээ шүүх хүлээн авснаас хойш хийсэн ажиллагаа болон хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтыг шүүхэд гаргасан он, сар, өдрийн дарааллаар байршуулна.

            7.3.3. Эмхлэсэн хавтаст хэргийг давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хугацаа дуустал тухайн шүүгч хадгална.

            7.3.4. Хавтаст хэрэгт холбогдох эд мөрийн баримтыг эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж, бүрэн бүтэн байдалд шүүхийн тамгын газрын дарга хяналт тавина.

 

            7.4. Гомдол, эсэргүүцэл хүлээн авч бүртгэх

            7.4.1. Ажилтан давж заалдах, хяналтын журмаар болон Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гаргасан прокурор, оролцогчийн гомдол, эсэргүүцлийг хүлээн авч Бүртгэл №2-т бүртгэж, гарын үсэг зуруулна.

            7.4.2. Аргачлалын 7.4.1-д заасан гомдол, эсэргүүцлийг аргачлалын 3.1.4-т заасны дагуу Ажилтан баталгаажуулж, шүүгчид даруй хүлээлгэн өгч, Бүртгэл №2-т гарын үсэг зуруулна.

             

            7.5. Гомдол, эсэргүүцэл гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг шийдвэрлэх

            7.5.1. Прокурор, оролцогчоос гаргасан гомдол, эсэргүүцэл гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг Ажилтан хүлээн авч Бүртгэл №2-т бүртгэж, аргачлалын 3.1.4-т заасны дагуу баталгаажуулж, хүсэлтийг шүүгчид даруй хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна.

            7.5.2. Шүүгчийн туслах хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүсэлт гаргагчид хүргүүлэх буюу гардуулж, Баримт №9-д гарын үсэг зуруулна.

            7.5.3. Хүсэлт гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргасан бол шүүгчийн туслах аргачлалын 7.7.1, 7.7.2-т зааснаар хэргийг харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.

 

            7.6. Гомдол, эсэргүүцлийг прокурор, оролцогчид танилцуулах

            7.6.1. Шүүгчийн туслах давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцэл, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гаргасан гомдлын хуулбарыг хуульд заасан хугацаанд прокурор, оролцогчид танилцуулах буюу хүргүүлж, Баримт №19-г үйлдэж, хэрэгт хавсаргана.

7.6.2. Хорих ялаар шийтгүүлж, цагдан хоригдсон шүүгдэгчид давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийн хуулбарыг танилцуулах буюу хүргүүлэхдээ шүүгчийн туслах Баримт №19-г үйлдэж, аргачлалын 5.1.8, 5.1.9-д зааснаар хүргүүлнэ.

            7.6.3. Хорих ял эдэлж байгаа ялтанд хяналтын гомдол, эсэргүүцэл, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гаргасан гомдлын хуулбарыг хүргүүлэхдээ шүүгчийн туслах Баримт №19-г үйлдэж, тухайн ялтны хорих ял эдэлж байгаа хорих байгууллагын хаягаар аргачлалын 7.2.4-т зааснаар хүргүүлнэ.

           

            7.7. Хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хүргүүлэх

            7.7.1. Шүүгчийн туслах хэрэг хүргүүлэх албан бичгийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч, эсхүл түүний эзгүйд томилсон шүүгчээр гарын үсэг зуруулж, давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцэл, хариу тайлбарын хамт хэрэгт хавсаргана. Хэрэг хүргүүлэх албан бичигт хэргийн дугаар, шүүгдэгчийн овог, нэр, шүүхийн шийдвэрийн огноо, дугаар, хавтас, хуудасны тоо, хавсаргасан эд мөрийн баримт зэргийг тодорхой дурдана.

            7.7.2. Шүүгчийн туслах системээр хэрэг хүргүүлэх ажиллагааг бүрэн, зөв хийж, аргачлалын 7.3.1, 7.3.2-т заасны дагуу хэргийг эмхлэж, түүнд хавсаргасан эд мөрийн баримтын хамт Бичиг хүргэгчид хүлээлгэн өгч, Бүртгэл №41-т бүртгэж, “Хавтаст хэрэг илгээх, хүлээн авах журам”-д заасны дагуу харьяалах шүүхэд хүргүүлнэ.

 

            7.8. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх

7.8.1. Шүүгчийн туслах “Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тухай тэмдэглэл”, “Эрүүгийн хариуцлага хүлээсэн хуулийн этгээдийн тэмдэглэл”-ийг бүрэн хөтөлж, шүүгчид танилцуулан гарын үсэг зуруулж, тамгын газрын даргын тушаалаар томилогдсон шүүхийн захиргааны ажилтанд хүлээлгэн өгнө.

7.8.2. Тамгын газрын даргын тушаалаар томилогдсон шүүхийн захиргааны ажилтан “Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тухай тэмдэглэл”, “Эрүүгийн хариуцлага хүлээсэн хуулийн этгээдийн тэмдэглэл”-ийг Бүртгэл №8-д бүртгэж, хувийг цагдаагийн байгууллагад хүргүүлнэ.

7.8.3. Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эрх хасах ял оногдуулсан, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, албадлагын арга хэмжээ авсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгчийн туслах гүйцэтгэх хуудсыг бичиж, Баримт №18-г үйлдэж, шийтгэх тогтоол, зурагт анкет, холбогдох баримт бичгийг хавсарган Бичиг хүргэгчид хүлээлгэн өгнө. Гүйцэтгэх хуудсанд тухайн шийтгэх тогтоолын хуулийн хүчин төгөлдөр болсон огноог заавал тусгана.

7.8.4. Шүүхийн шийтгэх тогтоол, зурагт анкет, бусад баримт бичиг болон гүйцэтгэх хуудсыг Бичиг хүргэгч Бүртгэл №41-д бүртгэж, аргачлалын 4.3.2-т заасан хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгч, Баримт №18-д гарын үсэг зуруулж, шүүгчийн туслахад хүлээлгэн өгнө.

7.8.5. Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн болон албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд холбогдох шүүхийн шийдвэр, түүний гүйцэтгэх хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шүүгчийн албан бичгээр хүргүүлнэ.

7.8.6. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэрт эд мөрийн баримтыг устгахаар заасан тохиолдолд шүүгчийн туслах Баримт №23-г үйлдэж, хэрэгт хавсаргана. Харин шүүхийн шийдвэрт эд мөрийн баримтыг буцаан олгохоор, шилжүүлэхээр, хэрэгт хавсаргахаар тус тус заасан тохиолдолд шүүгчийн туслах энэ талаар тэмдэглэл үйлдэж, хэрэгт хавсаргана.

 

            7.9. Хавтаст хэргийг архивт шилжүүлэх

            7.9.1. Шүүгчийн туслах аргачлалын 7.3.1, 7.3.2-т заасны дагуу хавтаст хэргийг эмхлэн, системээр архивлах ажиллагааг бүрэн, зөв хийж, архив, бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгнө.

            7.9.2. Архив, бичиг хэргийн ажилтан шүүгчийн туслахаас шилжүүлсэн эрүүгийн хэргийг Бүртгэл №10-т, зөрчлийн хэргийг Бүртгэл №26-д тус тус бүртгэж, гарын үсэг зуруулна.

            7.9.3. Шийтгэх, цагаатгах тогтоол, магадлал, тогтоол, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шийтгэврийг эх хувийг шүүгчийн туслах архивт хүлээлгэн өгнө.

            7.9.4. Эрүүгийн хэргийн төв архивт шилжүүлэх эрүүгийн болон зөрчлийн хэргийг прокурорын баталсан маягтын дагуу бүртгэж, шилжүүлнэ.

 

НАЙМ. ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН АЖИЛЛАГАА

 

            8.1. Давж заалдах шатны шүүхэд хэрэг хүлээн авах

            8.1.1. Анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолд гаргасан гомдол, эсэргүүцэлтэй эрүүгийн хэрэг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах прокурорын дүгнэлттэй эрүүгийн хэргийг Бүртгэл №27-д, шүүхийн шийтгэвэрт гаргасан гомдол, эсэргүүцэлтэй зөрчлийн хэргийг Бүртгэл №28-д тус тус ирсэн огноо, цаг хугацааны дарааллаар Ажилтан бүртгэж, аргачлалын 3.1.4-т заасны дагуу баталгаажуулна.

            8.1.2. Ажилтан хавтаст хэргийг Хэрэг хуваарилах журамд заасны дагуу системээс хуваарилсныг шүүгчид шилжүүлэхдээ хавтаст хэргийн хавтас, хуудасны тоо, хавсарган ирүүлсэн эд мөрийн баримтыг нэг бүрчлэн хүлээлгэн өгч, Бүртгэл №27, Бүртгэл №28-д гарын үсэг зуруулна.

            8.1.3. Шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан татгалзан гарах үндэслэл тогтоогдвол энэ тухай Ерөнхий шүүгчид танилцуулан, Ажилтанд хэргийг буцаан өгнө.

            8.1.4. Шүүгч татгалзан гарсан хэргийг Ажилтан аргачлалын 8.1.2-т заасны дагуу системээс дахин хуваарилна.

 

            8.2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй буцаах, гомдлыг шийдвэрлэх

            8.2.1. Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй буцаах тухай шүүгчийн захирамж гармагц илтгэгч шүүгчийн туслах прокурор, оролцогчид мэдэгдэж, Баримт №9-г үйлдэж, хэрэгт хавсаргана.

            8.2.2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй буцаах тухай шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй бол илтгэгч шүүгчийн туслах хэргийг аргачлалын 7.7.1, 7.7.2-т заасны дагуу анхан шатны шүүхэд хүргүүлнэ.

            8.2.3. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй буцаах тухай шүүгчийн захирамжид прокурор, хэргийн оролцогч гомдол гаргавал илтгэгч шүүгчийн туслах гомдлыг захирамжийн хамт хэрэгт эмхлэж, Ерөнхий шүүгчид даруй шилжүүлэн өгнө.

            8.2.4. Ерөнхий шүүгчийн шийдвэрээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болговол хэргийг Хэрэг хуваарилах журамд зааснаар системээс дахин хуваарилна.

            8.2.5. Ерөнхий шүүгчийн шийдвэрээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй буцаах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээвэл илтгэгч шүүгчийн туслах хэргийг аргачлалын 7.7.1, 7.7.2-т заасны дагуу анхан шатны шүүхэд хүргүүлнэ.

 

            8.3. Магадлал гардуулах, хүргүүлэх

            8.3.1. Магадлалыг прокурор, оролцогчид аргачлалын 7.2.1-7.2.5-т зааснаар гардуулах ба хүргүүлнэ.

            8.3.2. Анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулсан, хүчингүй болгосон талаарх “Шүүхийн мэдэгдэх хуудас”-ыг илтгэгч шүүгчийн туслах аргачлалын 7.8.1, 7.8.2-т зааснаар баталгаажуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон цагдаагийн байгууллагад тус тус хүргүүлнэ.

 

            8.4. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх

            8.4.1. Магадлалыг прокурор, оролцогчид гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 3 хоногийн дотор илтгэгч шүүгчийн туслах хэргийг эмхлэн, аргачлалын 7.7.1, 7.7.2-т заасны дагуу анхан шатны шүүхэд хүргүүлнэ.

 

ЕС. ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХИЙН АЖИЛЛАГАА

           

            9.1. Хяналтын шатны шүүхэд хэрэг хүлээн авах

            9.1.1. Бичиг хэрэг, өргөдөл, гомдол хариуцсан ажилтан давж заалдах шатны шүүхийн магадлалд гаргасан гомдол, эсэргүүцэлтэй хэрэг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах прокурорын дүгнэлттэй хэрэг, харьяалал тогтоолгох прокурорын саналтай хэрэг, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан хэргийг Бүртгэл №31-д бүртгэж, аргачлалын 3.1.4-т заасны дагуу баталгаажуулж, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний туслахад хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна.

            9.1.2. Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний туслах хэргийг ирсэн огноо, цаг хугацааны дарааллаар Бүртгэл №32-т бүртгэж, Хэрэг хуваарилах журамд заасны дагуу системээс хуваарилсныг шүүгчид шилжүүлэхдээ хэргийн хавтас, хуудасны тоо, хавсарган ирүүлсэн баримтыг нэг бүрчлэн хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна.

 

            9.2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй буцаах, гомдлыг шийдвэрлэх

            9.2.1. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй буцаах тухай шийдвэр гармагц илтгэгч шүүгчийн туслах прокурор, оролцогчид мэдэгдэж, Баримт №9-г үйлдэж, хэрэгт хавсаргана.

            9.2.2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй буцаах тухай шийдвэртэй хэргийг Танхимын тэргүүний туслах аргачлалын 7.7.1, 7.7.2-т заасны дагуу анхан шатны шүүхэд хүргүүлнэ.

            9.2.3. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй буцаах тухай шийдвэрт хэргийн оролцогч гомдол гаргавал анхан шатны шүүх гомдлыг хүлээн авч, аргачлалын 7.7.1, 7.7.2-т зааснаар хэргийг хяналтын шатны шүүхэд ирүүлнэ.

            9.2.4. Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны тогтоолоор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй буцаах тухай шийдвэрийг хүчингүй болговол хэргийг Хэрэг хуваарилах журмын дагуу системээс дахин хуваарилна.

            9.2.5. Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны тогтоолоор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй буцаах тухай шийдвэрийг хэвээр үлдээвэл Танхимын тэргүүний туслах аргачлалын 7.7.1, 7.7.2-т заасны дагуу хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлнэ.

 

            9.3. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах

            9.3.1. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан эрүүгийн хэргийг хүлээн авах, шилжүүлэхэд Ерөнхий шүүгчийн захирамжаар батлагдсан “Улсын Дээд шүүхэд хэрэг болон иргэд хуулийн этгээд, хэргийн оролцогчдоос гаргасан өргөдөл, хүлээн авах, хуваарилах, шийдвэрлэх журам”-ыг баримтална.

 

            9.4. Хяналтын шатны шүүхийн тогтоолыг гардуулах, хүргүүлэх          

            9.4.1. Хяналтын шатны шүүхийн тогтоолыг прокурор, хэргийн оролцогчид аргачлалын 7.2.1-7.2.5-т заасны дагуу гардуулах ба хүргүүлнэ.

            9.4.2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан, хүчингүй болгосон талаарх “Шүүхийн мэдэгдэх хуудас”-ыг илтгэгч шүүгчийн туслах аргачлалын 7.8.1, 7.8.2-т зааснаар баталгаажуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон цагдаагийн байгууллагад тус тус хүргүүлнэ.

 

            9.5. Хэргийг анхан шатны шүүхэд буцаан хүргүүлэх

            9.5.1. Шүүгчийн туслах хяналтын шатны шүүхийн тогтоолыг прокурор, оролцогчид гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 3 хоногийн дотор хэргийг эмхэлж, Танхимын тэргүүний туслахад хүлээлгэн өгнө.

            9.5.2. Танхимын тэргүүний туслах аргачлалын 7.7.1, 7.7.2-т заасны дагуу хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлнэ.

            9.5.3. Хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлж байгаа тохиолдолд аргачлалын 9.5.2-т заасныг баримтална.

 

АРАВ. ХАРИУЦЛАГА

            10.1. Энэ аргачлалыг системийн бүх хэрэглэгч хэрэгжүүлэх үүрэгтэй. Зөрчсөн хэрэглэгч, шүүхийн захиргааны ажилтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

 

---oOo---

 

 
 
Судалгааны сан
Нийт шүүгчийн чуулган