Үндсэн агуулга руу шилжих

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

THE JUDICIAL GENERAL COUNCIL OF MONGOLIA

 
  Хэвлэх
 

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

2022 оны 03 дугаар                                                                                                                                                                                              Улаанбаатар

сарын 25-ны өдөр                                                                              Дугаар 76                                                                                                                хот

 

 

Шүүгчийн сонгон шалгаруулалтыг

 зохион байгуулах аргачлал батлах тухай

 

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.5 дахь заалт, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.5 дахь хэсгийг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

 

            1.“Шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах аргачлал”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Шүүгчийн сонгон шалгаруулалтад хэрэглэх загвар, маягт”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

       2.“Шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах аргачлал”-ын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Р.Батрагчаа/-д үүрэг болгосугай.

 

            3.Энэ тогтоолыг “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-ыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

                                                                                                  ДАРГА                                   Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн

2022 оны 76 дугаар тогтоолын

1 дүгээр хавсралт

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ

ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГАЧЛАЛ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах аргачлал /цаашид “аргачлал” гэх/-ыг шүүгчийн сонгон шалгаруулалтын зар гаргах, нэр дэвшигчээс ирүүлсэн баримт бичгийг нягтлах, олон нийтэд мэдээлэх, санал авах, даалгавар боловсруулах, шалгалтын бэлтгэл  хангах, авах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахад баримтална.

1.2.Энэ аргачлал нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчид тавих болзол шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам /цаашид “журам” гэх/ болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байна.

1.3.Шүүгчийн сонгон шалгаруулалт /цаашид “сонгон шалгаруулалт” гэх/-ын зохион байгуулалттай холбоотой үйл ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж  /цаашид “хүний нөөцийн нэгж” гэх/ хариуцан  гүйцэтгэж, Шүүхийн ерөнхий зөвлөл /цаашид “Ерөнхий зөвлөл” гэх/   удирдлагаар хангана. Хүний нөөцийн нэгж сонгон шалгаруулалтын ажлын төлөвлөгөөг боловсруулж, Ерөнхий зөвлөлийн хуралдаанд танилцуулж, Ерөнхий зөвлөлийн дарга  батална.

1.4.Энэ аргачлалыг хэрэгжүүлэхдээ хариуцлагатай байх, нууц хадгалах, төлөвлөгөөнд захирагдах, уялдаа холбоотой ажиллах зарчмыг баримтална.

Хоёр.Сонгон шалгаруулалтын үед хэрэглэх загвар, маягтыг боловсруулж батлах

2.1.Сонгон шалгаруулалтын зохион байгуулалт, бэлтгэл хангахтай холбоотой дараах баримт бичгийн загвар, маягт, танилцуулгыг хүний нөөцийн нэгж боловсруулж, Ерөнхий зөвлөл батална:

 2.1.1.сонгон шалгаруулалтын зарын загвар;

 2.1.2.сонгон шалгаруулалтын хугацаа, хуваарийн загвар;

 2.1.3.шүүгчид нэр дэвшигч иргэний өргөдлийн загвар;

2.1.4.баримт бичиг хүлээн авсан баримтын загвар;

2.1.5.баримт бичгийг нягтлан шалгах маягт;

2.1.6.цаасан болон цахим баримт бичгийг тулгаж шалгах маягт;

2.1.7.нэр дэвшигчийн танилцуулгын загвар;

2.1.8.нэр дэвшигчээр бүртгэсэн тухай олон нийтэд мэдээлэх танилцуулгын загвар;

2.1.9.шалгалт тус бүрийн үнэлгээний хуудасны загвар;

2.1.10.хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын үнэлгээг нэгтгэх хуудасны загвар;

2.1.11.мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын үнэлгээний хуудасны загвар;

2.1.12.иргэдээс ирүүлсэн санал, асуултын хуудасны загвар;

2.1.13.ярилцлагын тэмдэглэлийн загвар;

2.1.14.зөрчил гаргасан тухай тэмдэглэлийн загвар;

2.1.15.нэр дэвшигчээс гомдол гаргасан тухай танилцуулгын загвар;

2.1.16.нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын онооны хуудасны загвар;

2.1.17.нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадвар болон мэргэжил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын оноо, эрэмбийн хуудасны загвар;

2.1.18.нууцын баталгааны загвар;

2.1.19.Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх саналыг хүргүүлэхэд хавсаргах материалын жагсаалт;

2.1.20.нөлөөллийн мэдүүлгийн загвар;

2.1.21.илтгэгч гишүүнийг тохиолдлын журмаар сонгосон тухай тэмдэглэл, бүртгэл;

2.1.22.гомдол хуваарилсан бүртгэлийн загвар;

2.1.23.татгалзан гарах тухай маягт;

2.1.24.гомдол бүртгэх хуудасны загвар;

2.1.25.шалгалтын илтгэх хуудасны загвар.

Гурав.Сонгон шалгаруулалтын зар гаргах

3.1.Шүүгчийн сул орон тоо гарсан тухай хүний нөөцийн нэгж Шүүхийг хүний нөөцөөр хангах чиг үүргийн хороо /цаашид “Хороо” гэх/-нд мэдэгдэж, уг орон тоонд сонгон шалгаруулалт явуулах төлөвлөгөө, цаг хугацаа, хуваарийн төслийг танилцуулна.

3.2.Сонгон шалгаруулалт явуулах зар, хуваарийг Ерөнхий зөвлөлийн тогтоолоор батална.   

3.3.Сонгон шалгаруулалтын зарыг батлагдсан маягтын дагуу гарган, Ерөнхий зөвлөлийн цахим хуудасны шүүгчийн сонгон шалгаруулалтын цэст байрлуулна. Хүний нөөцийн нэгж  нь бүртгэлийн дуусах хугацааг өдөр, цаг минутаар харуулж, зөв эсэхийг тогтмол хянана.

3.4.Сонгон шалгаруулалтын ил тод байдлыг хангах, илүү олон хуульч өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зарыг хүртээмжтэй болгох үүднээс сул орон тоо гарч, сонгон шалгаруулалт зарлагдаж буй шүүхийн цахим хуудаст болон тухайн шүүх байрлаж буй засаг захиргааны нэгж, аймаг, нийслэлийн цахим хуудаст байршуулна. Зарыг засаг захиргааны нэгж, аймаг, нийслэлийн өдөр тутмын хэвлэлд нийтэлж болно.

3.5.Хүний нөөцийн нэгж  зарыг өөрийн болон хуульчдын “facebook”, “twitter” зэрэг олон нийтийн сүлжээнд давтамжтайгаар хуваалцах, түгээх, дамжуулах ажлыг хариуцна.

“3.6.Шүүгч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөл хэлэлцэж шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан тохиолдолд Ажлын алба энэ тухай хүсэлт гаргасан шүүгчид мэдэгдэнэ.”

                     / Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 255 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан/

Дөрөв.Өргөдөл, баримт бичгийг хүлээх авах, бүртгэх

4.1.Хүний нөөцийн нэгж нь нэр дэвшигчийн дараах өргөдөл, баримт бичгийг хүлээн авч, бүртгэлийн маягтыг хөтөлнө:

4.1.1.бичиг хэрэгт цаасан хэлбэрээр ирсэн; 

4.1.2.цахимаар ирсэн.

4.2.Баримт бичгийн бүрдүүлбэр бүрэн эсэхийг хянаж, цахим болон цаасан суурьтай ирүүлсэн баримт бичгийг нэг бүрчлэн тулгалт хийнэ.

4.3.Нэмж бүрдүүлсэн баримт бичгийг зөвхөн бүртгэлийн хугацаанд хүлээн авна. Баримт бичгийг дутуу ирүүлсэн тохиолдолд нэр дэвшигчид мэдэгдэх, нөхөн бүрдүүлэх үүргийг Ерөнхий зөвлөл хүлээхгүй.

4.4.Бүртгэх, бүртгэхээс татгалзах талаарх Ерөнхий зөвлөлийн  тогтоол гарахаас өмнө бүртгүүлэхээр өргөдөл ирүүлсэн иргэний мэдээллийг задруулахгүй.

4.5.Хууль тогтоомжийн дагуу үнэлгээ нь хүчинтэй байгаа нэр дэвшигч шалгалтад дахин оролцох эрхтэй бөгөөд энэ тохиолдолд дахин оролцсон шалгалтын нийлбэр оноогоор эрэмбэлэгдэнэ.

Тав.Шүүгчид нэр дэвшигчээс ирүүлсэн өргөдөл, баримт бичгийг нягтлан шалгах

5.1.Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчээс ирүүлсэн баримт бичгийн бүрдүүлбэр, үнэн зөв эсэхийг дараах аргаар нягтлан шалгана:

5.1.1.журмын 3.3.1-д заасан хууль зүйн дээд боловсролын дипломын тухайд:

5.1.1.1.нотариатаар гэрчлүүлсэн эсэх;

            5.1.1.2.гадаад улсад хууль зүйн сургууль төгссөн бол хууль зүйн боловсролын зэрэг нь Монгол Улсын холбогдох дүрэм, журмын дагуу их, дээд сургуулиас олгох хууль зүйн бакалаврын зэрэгтэй агуулга болон кредит цагийн багцтай дүйцэж байгаа эсэх, диплом, түүний хавсралтыг баталгаат орчуулгын газраар орчуулж, нотариатаар гэрчлүүлсэн эсэх;

             5.1.1.3.дотоодын их, дээд сургуульд хууль зүйн дээд боловсрол эзэмшсэн эсэхийг холбогдох эрх бүхий байгууллагаас лавлагаа авч нягтлах.

5.1.2.Хуульчаар 3-аас доошгүй жил ажилласан тухай лавлагааг дараах  байгууллагаас авч нягтална:

            5.1.2.1.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүчинтэй эсэх талаар Монголын хуульчдын холбооны  тодорхойлолт авах;

           5.1.2.2.өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлдэг бол Өмгөөлөгчдийн холбооноос, нотариатч бол Нотариатчдын танхимаас, прокурор бол Улсын ерөнхий прокурорын газраас тодорхойлолт авах;

            5.1.2.3.бусад хуульчийн тухайд холбогдох байгууллагаас ажил байдлын болон албан тушаалын тодорхойлолт авах.

5.1.3.Хуульчаар ажилласан хугацааг хуульчийн гэрчилгээ авсан өдрөөс хойш мэргэжлээрээ ажилласан байдлаар тогтооно. 3 жилийн хугацааг нийт 36 сар ажилласнаар нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, эсхүл лавлагаа, өмгөөллийн гэрчилгээ зэрэгт үндэслэн тооцно.

5.1.4.Журмын 3.3.3-т заасан шаардлагыг хангасан эсэхийг Цагдаагийн ерөнхий газраас авсан тодорхойлолт эх хувь эсэх болон хүчинтэй эсэхийг шалгана.

5.1.5.Журмын 3.3.4-т заасан шаардлагыг хангасан эсэхийг Улсын ерөнхий прокурорын газраас авсан тодорхойлолтын эх хувь эсэх болон хүчинтэй эсэхийг шалгана.

5.1.6.Журмын 3.3.6-д заасан төрийн албан хаагчийн анкет нь 1, 2 дугаар маягтыг үнэн зөв, бүрэн бөглөсөн байдлыг шалгана.

5.1.7.Журмын 3.3.8, 3.3.9, 3.3.10, 3.3.11-д заасан Монгол Улсын иргэний үнэмлэхээс бусад баримт бичгийг эх хувиар байгаа эсэхийг шалгана.

5.1.8.Аргачлалын 5.1.7-д төрийн албан ёсны цахим системээс авч ирүүлсэн баримтыг эх хувиар заавал шаардахгүй

                       / Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 255 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан/

5.1.9.Нэр дэвшигчийн шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон дүгнэлт, магадалгаа нь “Шүүгчид нэр дэвшигчийн эрүүл мэндийн тодорхойлолт гаргах журам”-д нийцсэн эсэхийг шалгана

                        / Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 255 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан/

5.1.10.Журмын 3.3.3, 3.3.6, 3.3.7, 3.3.9, 3.3.11-д заасан баримт  бичгийн огноо нь шүүгчийн сонгон шалгаруулалтын зард заасан баримт бичиг хүлээн авах хугацааны дотор байгаа эсэхийг шалгана.

                       / Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 255 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан/

5.2.Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчээс ирүүлсэн баримт бичгийг дараах байдлаар шалгана:

         5.2.1.анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн баримт бичгийг шалгасантай адил аргачлалаар нягтлах;

          5.2.2.шүүгчээр 6-аас доошгүй жил ажилласан гэдгийг нийт 72 сар шүүгчээр ажилласныг нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, лавлагаанд  үндэслэн тооцох.

5.3.Хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчээс ирүүлсэн баримт бичгийг дараах байдлаар нягтална:

5.3.1.анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн баримт бичгийг шалгасантай адил аргачлалаар нягтлах;

            5.3.2.Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шүүгчээр, прокурор,  өмгөөлөгчөөр дагнан ажилласан, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн их дээд сургуульд багшилсан 10-аас доошгүй жил ажилласан хугацааг 120 сараар нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, лавлагаа, өмгөөлөгчийн гэрчилгээ зэрэгт үндэслэн тооцох;

             5.3.3.аргачлалын 5.3.1-д заасан магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн их дээд сургууль эсэхийг 5.1.1.3-т заасны дагуу шалгах.

Зургаа.Нэр дэвшигчээр бүртгэх, бүртгэсэн эсэхийг танилцуулах

6.1.Шүүгчид нэр дэвшихээр ирүүлсэн өргөдөл, баримт бичгийг нягтлан шалгасны дараа хүний нөөцийн нэгж  энэ аргачлалын 2.1.7-д заасан загвараар танилцуулгыг бэлтгэж, нэрсийг цагаан толгойн үсгийн дарааллаар жагсаан Хороонд танилцуулна.

6.2.Хороо нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ.

6.3.Бүртгэхээс татгалзсан тухай Ерөнхий зөвлөлийн тогтоолыг тухайн иргэнд мэдэгдэх ажиллагааг хүний нөөцийн нэгж зохион байгуулна. Тогтоолд үндэслэлийг заасан байна.

6.4.Нэр дэвшигчээр бүртгэсэн тухай Ерөнхий зөвлөлийн тогтоол гарснаас хойш ажлын гурван өдрийн дотор тогтоолыг Ерөнхий зөвлөлийн болон тухайн орон нутгийн цахим хуудас, өөрийн болон хуульчдын “facebook”, “twitter” зэрэг олон нийтийн сүлжээнд  байршуулж, нэр дэвшигчийн танилцуулга мэдээлэл, мөн нэр дэвшигчийн талаар санал авах тухай олон нийтэд мэдээлнэ.

            Долоо. Нэр дэвшигчийн талаар ирүүлсэн саналыг бүртгэх

7.1.Цахимаар болон бичгээр ирүүлсэн асуулт, санал нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хүний нөөцийн нэгж  нягтална.   

7.2.Хүний нөөцийн нэгж нь асуулт, саналыг нэр дэвшигч бүрээр /шаардлага хангасан, хангаагүй/ нэгтгэн илтгэгч гишүүнд хүлээлгэн өгнө.

Найм.Шалгалт зохион байгуулах

8.1.Шалгалт зохион байгуулахад Ажлын алба дараах бэлтгэл ажлыг хангана:

         8.1.1.нэр дэвшигч бүр тусдаа суух сандал, ширээ /дугаартай/, компьютер /дугаартай/, шалгалтын зохион байгуулалтыг хянах камер, ханын цаг зэргийг бэлтгэсэн танхим байна;

     8.1.2.Мэдээллийн технологийн газар танхимын техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хариуцаж, компьютерт шалгалт өгөхөд шаардлагатай хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, аргачлалыг суулгаж, шалгалтын цахим системээс бусад сүлжээнээс салгасан байна. Төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлыг Хороо шалгана;

       8.1.3.Шалгалтад хэрэглэх А-4 бичгийн цаасанд  ижил тэмдэг дарж, баллуур болон ижил өнгийн харандаа, балыг хүн бүрд хүрэлцэхээр бэлтгэнэ;

           8.1.4.Нэр дэвшигчийн биеийн байцаалт, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийг шалгаж, суух ширээг сугалаагаар хуваарилна; 

         8.1.5.Шалгалтын даалгаврын лац, битүүмжлэлийг нэр дэвшигчээр нягтлан шалгуулж, Ерөнхий зөвлөлийн дарга, эсхүл гишүүн нийтийн өмнө задалж, шалгалтыг эхлүүлнэ;

         8.1.6.Шалгалт эхлэхээс өмнө журмын 7.1-д заасан хориглолтын талаар сануулах ба зөрчсөн тохиолдолд уг журамд заасан арга хэмжээ авна;  

          8.1.7.Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын үйл явцыг  нээлттэй байдлаар харуулах дэлгэцийг танхимын гадна талд байрлуулж болно.

8.2.Журмын 7.1-д заасан хориглох зүйл, бусад зөвлөмж зааварчилгааг хүний нөөцийн нэгж  танилцуулж, хяналт тавина. Шалгалт бүрийн дараа илтгэх хуудас бичнэ.

8.3.Шалгалтын үеэр богино хугацааны техникийн саатал зэрэг нөхцөл байдлын улмаас даалгаврыг компьютер дээр үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд  Ерөнхий зөвлөл шалгалтыг саатал арилах хүртэл хугацаанд зогсоож, арилсан тохиолдолд шалгалтыг үргэлжлүүлэн авна. Тухайн техникийн саатал нь урт хугацаанд үргэлжилбэл шалгалтыг дахин шинээр авах бөгөөд шалгалтын даалгавар өөр байна.

8.4.Нэр дэвшигч шалгалтын үеэр зайлшгүй шалтгаанаар эм хэрэглэх, эмчилгээ хийлгэх шаардлагатай бол энэ тухай шалгалт эхлэхээс өмнө хүний нөөцийн нэгжид бичгээр мэдэгдэж, зөвшөөрөл авсан байна. Зөвшөөрсөн тохиолдолд эм, эмчилгээний хэрэгслийг ил харагдахаар уут, саванд хийж, хүний нөөцийн нэгжид хадгалуулан хэрэглэнэ.

8.5.Нэр дэвшигч нь товлогдсон хугацаанд шалгалтад ирж оролцоогүй бол шалгалтыг нөхөн авахгүй.

8.6.Хугацаанаас өмнө даалгаврыг гүйцэтгэсэн нэр дэвшигчийн даалгаврын гүйцэтгэлийг томилогдсон ажилтан бүртгэн авч, бусдад саад болохгүйгээр гарахыг зөвшөөрнө.

8.7.Журмын 4.10-т заасан эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад нэгэн зэрэг нэрээ дэвшүүлсэн тохиолдолд шалгалтыг давхцуулахгүйгээр зохион байгуулна.  

Ес. Шалгалтын даалгавар боловсруулах

9.1.Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шалгалтын даалгавар боловсруулахад тавигдах шаардлага

9.1.1.Журмын 5.1.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчээс Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэгийн шалгалтын даалгавар боловсруулахад дараах үндсэн шаардлага тавигдана:

              9.1.1.1.сорил нь Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэгийг шалгах зорилго агуулах;   

9.1.1.2.сорилын тоо 60 байх;

9.1.1.3.сорил тус бүр 4  хариулттай, зөвхөн нэг хариулт нь зөв байх;

9.1.1.4.сорилд  зөв хариултыг хавсаргах;

9.1.1.5.сорилын асуулт нь хэл найруулгын хувьд ойлгомжтой, хавсарсан нийлмэл өгүүлбэрийг хэрэглэхээс зайлсхийсэн байх.

9.1.2.Журмын 5.1.1.2-т заасны дагуу  анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчээс эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн чадварын  шалгалтын даалгавар боловсруулахад дараах үндсэн шаардлага тавигдана:

             9.1.2.1.эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн  чадварыг шалгах зорилго бүхий /эрүү, иргэн, захиргаа/ эрх зүйн тохиолдол байх;

                 9.1.2.2.боловсруулах эрх зүйн баримт бичгийн төрлийг нэр дэвшигч өөрөө тодорхойлох шийдэлтэй байх;

                 9.1.2.3.даалгаварт зөв шийдлийг хавсаргах;

                 9.1.2.4.үнэлгээний 15 онооны хуваарилалт буюу хариултыг үнэлэх үндэслэл, шалгуур, гаргалгааг заах.         

9.1.3.Журмын 5.1.1.3-д заасны дагуу  анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчээс  салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадварын шалгалтын даалгавар боловсруулахад дараах үндсэн шаардлага тавигдана:

            9.1.3.1.салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадварыг  шалгах зорилготой /эрүү, иргэн, захиргаа/ эрх зүйн тохиолдол байх;

            9.1.3.2.онол практикийн мэдлэг, хууль хэрэглэх арга техник эзэмшсэн  байдлыг тодорхойлох шийдэлтэй байх;

            9.1.3.3.даалгаварт зөв шийдлийг хавсаргах;

            9.1.3.4.үнэлгээний  25 онооны хуваарилалт буюу хариултыг үнэлэх үндэслэл, шалгуур, гаргалгааг заах.   

9.1.4.Журмын 5.1.1.4-д заасны дагуу анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчээс салбар эрх зүйн мэдлэгийн шалгалтын даалгавар боловсруулахад дараах үндсэн шаардлага тавигдана:  

             9.1.4.1.тухайн салбар эрх зүйн /эрүү, иргэн, захиргаа/ онол, хууль тогтоомжийн мэдлэгийг шалгах зорилго агуулах;    

             9.1.4.2.сорилын тоо 60 байх;

            9.1.4.3.сорил тус бүр 4 хариулттай, зөвхөн нэг хариулт нь зөв байх;

            9.1.4.4.сорилд зөв хариултыг хавсаргах.   

            9.1.4.5.сорилын асуулт нь хэл найруулгын хувьд ойлгомжтой, хавсарсан нийлмэл өгүүлбэрийг хэрэглэхээс зайлсхийсэн байх.

9.2.Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шалгалтын даалгавар боловсруулахад тавигдах шаардлага

9.2.1.Журмын 5.2.1.1-д заасны дагуу давж заалдах  шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчээс магадлал бичих чадварын шалгалтын даалгавар боловсруулахад дараах үндсэн шаардлага тавигдана:

     9.2.1.1.магадлал бичих чадварыг шалгах зорилготой /эрүү, иргэн, захиргаа/ анхан шатны шүүхийн шийдвэр хэлбэртэй, хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон материаллаг эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх мэдлэгийг шалгах агуулгатай байх;

            9.2.1.2.магадлалын үндэслэлийг нэр дэвшигч өөрөө тодорхойлох шийдэлтэй  байх;

      9.2.1.3.даалгаварт анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн магадлалын зөв шийдлийг хавсаргах;

            9.2.1.4.үнэлгээний 15 онооны хуваарилалт буюу хариултыг үнэлэх  үндэслэл, шалгуур, гаргалгааг заах

9.2.2.Журмын 5.2.1.2-д заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчээс хууль хэрэглэх мэдлэг, чадварын шалгалтын даалгавар боловсруулахад дараах үндсэн шаардлага тавигдана:

            9.2.2.1.салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадварыг шалгах зорилготой /эрүү, иргэн, захиргаа/ эрх зүйн тохиолдол байх;

            9.2.2.2.онол практикийн мэдлэг, хууль хэрэглэх арга  техник  эзэмшсэн  байдлыг тодорхойлох шийдэлтэй байх;

            9.2.2.3.даалгаварт зөв шийдлийг хавсаргах;   

            9.2.2.4.үнэлгээний 25 онооны хуваарилалт буюу хариултыг үнэлэх үндэслэл, шалгуур, гаргалгааг заах.  

9.2.3.Журмын 5.2.1.3-т заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шүүн таслах ажлын туршлагыг шалгах даалгавар боловсруулахад дараах үндсэн шаардлага тавигдана:  

9.2.3.1.шүүн таслах ажлын туршлагыг тодорхойлох зорилго агуулах;   

           9.2.3.2.анхан шатны шүүхийн /эрүү, иргэн,захиргаа/ шийдвэрт дүн шинжилгээ хийх, онол практикийн мэдлэг, хэрэг хянан шийдвэрлэх тухай болон материаллаг хууль хэрэглэх ур чадвар  эзэмшсэн байдлыг үнэлэх  боломжтой байх; 

            9.2.3.3.дүн шинжилгээ хийх анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэрийн цахим сангаас тохиолдлын журмаар сонгоно. Хэрэв нэр дэвшигч тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд оролцсон тохиолдолд цахим сангаас дахин сонгоно;

            9.2.3.4.үнэлгээний 20 онооны хуваарилалт буюу хариултыг үнэлэх үндэслэл, шалгуур, гаргалгааг заах.   

   9.2.4.Журмын 5.2.1.4-т заасны дагуу  давж заалдах  шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчээс салбар эрх зүйн хууль тогтоомжийн мэдлэгийн шалгалтын даалгавар боловсруулахад дараах үндсэн шаардлага тавигдана:

            9.2.4.1.салбар эрх зүйн хууль тогтоомжийн мэдлэгийг шалгах зорилго агуулах;

            9.2.4.2.сорилын тоо 60 байх  /эрүү, иргэн хамт, захиргааных тусдаа/;

            9.2.4.3.сорил тус бүр 4  хариулттай, зөвхөн нэг хариулт нь зөв байх;

            9.2.4.4.сорилд зөв хариултыг хавсаргах.   

9.3.Хяналтын  шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шалгалтын даалгавар боловсруулахад тавигдах шаардлага:

9.3.1.Журмын 5.3.1.1-д заасны дагуу хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчээс Үндсэн хуулийн эрх зүйн онол, мэдлэгийн шалгалтын даалгавар боловсруулахад дараах үндсэн шаардлага тавигдана:  

           9.3.1.1.Үндсэн хуулийн материаллаг болон процессын эрх зүйн онол,  мэдлэгийг  шалгах зорилготой эрх зүйн тохиолдол байх;

            9.3.1.2.Үндсэн хуулийг хэрэглэх арга техник эзэмшсэн байдлыг тодорхойлох шийдэлтэй байх;

            9.3.1.3.даалгаварт зөв шийдлийг хавсаргах;

            9.3.1.4.үнэлгээний 10 онооны хуваарилалт буюу хариултыг үнэлэх үндэслэл, шалгуур, гаргалгааг заах.   

 9.3.2.Журмын 5.3.1.2-т заасны дагуу хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчээс хууль тайлбарлах мэдлэг, чадварын шалгалтын даалгавар боловсруулахад дараах үндсэн шаардлага тавигдана:  

           9.3.2.1.хууль тайлбарлах мэдлэг, чадварыг  шалгах зорилготой байх;

            9.3.2.2.хууль хэрэглэх, тайлбарлах арга зүй эзэмшсэн байдлыг тодорхойлох шийдэлтэй байх;

            9.3.2.3.даалгаварт зөв шийдлийг хавсаргах;

            9.3.2.4.үнэлгээний 15 онооны хуваарилалт тайлбар болон хуулийн үндэслэл, гаргалгааг заах.   

9.3.3.Журмын 5.3.1.3-т заасны дагуу хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх чадварын шалгалтын даалгавар боловсруулахад дараах үндсэн шаардлага тавигдана:

            9.3.3.1.шүүхийн шийдвэр, магадлал дүн шинжилгээ хийх чадварыг  тодорхойлох зорилготой /эрүү, иргэн, захиргаа/ анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал хэлбэртэй, хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон материаллаг эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх мэдлэгийг шалгах агуулгатай байх;

            9.3.3.2.шүүхийн шийдвэр, магадлал /эрүү, иргэн, захиргаа/-ыг хянах онол практикийн мэдлэг, хууль хэрэглэх ур чадвар эзэмшсэн байдлыг үнэлэх боломжтой байх;

        9.3.3.3.анхан  болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлэж, дүн шинжилгээ хийсэн тогтоолын зөв шийдлийг хавсаргах;

            9.3.3.4.үнэлгээний 15 онооны хуваарилалт буюу хариултыг үнэлэх  үндэслэл, шалгуур, гаргалгааг заах. 

 9.3.4.Журмын 5.3.1.4-т заасны дагуу хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчээс хууль хэрэглэх мэдлэг, чадварын шалгалтын даалгавар боловсруулахад дараах үндсэн шаардлага тавигдана:

            9.3.4.1.салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадварыг  шалгах зорилготой /эрүү,иргэн,захиргаа/ эрх зүйн тохиолдол байх;

            9.3.4.2.онол практикийн мэдлэг, хууль хэрэглэх арга техник эзэмшсэн  байдлыг тодорхойлох шийдэлтэй байх;

            9.3.4.3.даалгаварт зөв шийдлийг хавсаргах;

            9.3.4.4.үнэлгээний 15 онооны хуваарилалт буюу хариултыг үнэлэх үндэслэл, шалгуур, гаргалгааг заах.   

9.3.5.Журмын 5.3.1.5-д заасны дагуу хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчээс хэрэг, маргааныг хяналтын журмаар болон бусад асуудлыг хянан шийдвэрлэх мэдлэгийн шалгалтын даалгавар боловсруулахад дараах үндсэн шаардлага тавигдана:

9.3.5.1.эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргааныг хяналтын журмаар шийдвэрлэх материаллаг болон процессын эрх зүйн мэдлэгийг шалгах зорилго агуулсан байх;   

            9.3.5.2.Улсын дээд шүүх хэрэг, маргаан шийдвэрлэхээс бусад асуудлыг шийдвэрлэх  мэдлэгийг  шалгах зорилго агуулах;

            9.3.5.3.сорил тус бүр 4  хариулттай, зөвхөн нэг хариулт нь зөв байх;

        9.3.5.4.сорилын тоо нийт 90 /эрүүгийн процессын эрх зүйн асуултын тоо-25, иргэний процессын эрх зүйн асуултын тоо-25, захиргааны процессын эрх зүйн асуултын тоо-25, хяналтын шатны журмаар шийдвэрлэхээс бусад асуудлыг шийдвэрлэх мэдлэгийг шалгах асуултын тоо-15/;

            9.3.5.5.сорилд зөв шийдлийг хавсаргах.

9.4.Журмын 6.7.4.1-д заасан мэргэшил, ёс зүй, зан төлөвийг тодорхойлох ярилцлагын асуултыг боловсруулахад дараах үндсэн шаардлага тавигдана:

9.4.1.журмын 6.7.2, 6.7.3-т заасан зан төлөвийг тодорхойлж болохуйц агуулгатай асуулт байх;

9.4.2.асуултад зөв шийдлийг хавсаргах.

9.5.Ерөнхий зөвлөлийн гишүүн зөвхөн ярилцлагын асуултын хүрээнд нэмэлт асуулт асууж болно.

9.6.Журмын 6.7.3-т заасан зан төлөвийг судлахад чиглэсэн шинжлэх ухааны арга зүйд үндэслэсэн сорил авч болно.

9.7.Шалгалтад хэрэглэсэн материалыг задарсанд тооцож, дахин хэрэглэхгүй.

9.8.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.11 дэх хэсэгт заасан шинжээч шалгалтын даалгавар боловсруулах тохиолдолд шинжээчийн нэрийг нууцална.

9.9.Ерөнхий зөвлөл шалгалтын үнэлгээний шалгуур, шийдэлтэй холбоотой  асуудлаар шинжээчээс тодруулга авч болно.

9.10.Шинжээчийг сонгож оролцуулах, шалгалтын даалгавар боловсруулж авах зэрэг асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар тухай бүр нууцлалыг хангаж шийдвэрлэнэ.

Арав.Шалгалтыг үнэлэх

10.1.Журмын 7.1.7-д заасан тэмдэг, тэмдэглэгээ хийсэн эсэхийг шалгана.

10.2.Нэр дэвшигчийг урьдчилан мэдэх боломжгүйгээр хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын материалыг кодолсон байна.

10.3.Ерөнхий зөвлөлийн гишүүн кодолсон шалгалтын материалд үнэлгээ өгнө. Үнэлгээг нэгтгэх ажлыг томилогдсон ажилтан хариуцаж, Ерөнхий зөвлөлийн дарга хяналт тавина.

10.4.Ерөнхий зөвлөлийн гишүүн шалгалтыг үнэлэх явцад хувийн гар утас хэрэглэхгүй, утсаар зайлшгүй ярих тохиолдолд албаны утас хэрэглэнэ.

10.5.Нэр дэвшигч аль нэг шалгалтад ирээгүй, шалгалтын явцад орхиж гарсан бол дараагийн шалгалтад оролцуулахгүй бөгөөд нэр дэвшигчийн үнэлгээг эрэмбэлэхгүй.

Арван нэг.Шалгалтын дүнг мэдээлэх, танилцуулах, сонирхогч этгээдээс санал авах

11.1.Шалгалтын үнэлгээг тухай бүрд Ерөнхий зөвлөлд танилцуулах үүргийг хүний нөөцийн нэгж хүлээх бөгөөд журмын 5.4.4-т заасан шалгалтын үнэлгээг нэгтгэн, онооны дарааллаар эрэмбэлэн, Ерөнхий зөвлөлд танилцуулна.

11.2.Шалгалтын үнэлгээг тухайн шалгалт дууссанаас хойш 24 цагийн дотор гаргана.

11.3.Нэр дэвшигчийг хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад тэнцсэнд тооцсон тогтоол гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор үнэлгээний нэгдсэн мэдээ, нэр дэвшигчийн өөрийн бичиж ирүүлсэн мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулга, хавсралтыг Ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршуулна.

11.4.Нэр дэвшигчийн талаар сонирхогч этгээдээс ирүүлсэн шаардлага хангасан санал, асуултыг Ерөнхий зөвлөлийн ажлын алба бүртгэж, нэгтгэнэ.

Арван хоёр.Илтгэгч гишүүнийг хуваарилах, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт авахад зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх

            12.1.Ерөнхий зөвлөл илтгэгч гишүүнийг тохиолдлын журмаар хуваарилж, тэмдэглэл үйлдэн, баталгаажуулсны дараа дараах ажиллагаа хийгдэнэ:

12.1.1.хүний нөөцийн нэгж нэр дэвшигчийн танилцуулга, ирүүлсэн өргөдөл, баримт бичиг, олон нийтээс ирсэн санал, асуултыг нэгтгэн илтгэгч гишүүнд шилжүүлнэ;

         12.1.2.хүний нөөцийн нэгж илтгэгч гишүүнд тайлан бичихэд шүүн таслах болон бусад ажилтай холбоотой шаардлагатай баримт бичгийг гаргаж өгнө.

12.2.Мэргэшил, ёс зүй, зан төлөвийн ярилцлагын бэлтгэл ажлыг дараах байдлаар хангана:

12.2.1.ярилцлагын тов, хүн нэг бүрээр гаргасан цагийн хуваарь, ярилцлага хийх танхим зэргийг багтаасан зарыг цахим хуудаст 7 хоногийн өмнө байршуулна;

12.2.2.нэр дэвшигчтэй хийх ярилцлагын танхим, шаардагдах техник хэрэгслийг бэлтгэнэ. Ерөнхий зөвлөлийн ажлын алба ярилцлагын тэмдэглэлийг хариуцна;

12.2.3.ярилцлагын үеэр гишүүн гар утас хэрэглэхгүй. Утсаар зайлшгүй ярих тохиолдолд албаны утас хэрэглэнэ.

            12.3.Журмын 6.7.6-д заасан шалгалтын үнэлгээг томилогдсон ажилтан нэгтгэж Ерөнхий зөвлөлийн дарга хяналт тавина.

            12.4.Шалгалтын нийлбэр оноог Ерөнхий зөвлөл эрэмбэлж тогтоол гаргаж, ажлын 3 өдөрт багтаан Ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршуулж, нийтэд мэдээлнэ.

Арван гурав.Гомдлыг хүлээн авах, танилцуулах

13.1.Журмын 8-д заасан гомдлыг Ерөнхий зөвлөлийн гишүүнд сугалаагаар хуваарилна.

13.2.Ерөнхий зөвлөлийн гишүүн гомдолтой холбоотой баримт материалыг судлан журамд заасан хугацаанд Ерөнхий зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлнэ.

13.3.Гомдол шийдвэрлэсэн тухай хариуг нэр дэвшигчид бичгээр мэдэгдэнэ.

 

Арван дөрөв.Нөлөөллийн мэдүүлэг

14.1.Журмын 7.1.8, 7.1.9-д зааснаар аливаа этгээдээс нөлөөлөх гэсэн оролдлого гарсан бол Ерөнхий зөвлөлийн гишүүн нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, Ерөнхий зөвлөлд танилцуулна.

14.2.Нөлөөллийн мэдүүлгийг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, журмын 7.2-т заасан арга хэмжээ авах эсэхийг шийдвэрлэнэ.

Арван тав.Бусад

15.1.Ерөнхий зөвлөл даалгавар, түүний шийдэл, зөв хариултыг цахим хуудастаа байршуулж болно.

15.2.Илтгэгч гишүүн өөрт хуваарилагдсан нэр дэвшигчийн материалыг нэгтгэн шалгалт дууссанаас хойш хүний нөөцийн нэгжид 3 хоногийн дотор хүлээлгэн өгнө.

15.3.Ажлын алба шалгалттай холбоотой материалыг  хуульд заасны дагуу архивын нэгж болгон архивд шилжүүлнэ.

15.4.Шалгалт дууссаны дараа эх хувиар ирүүлсэн баримт бичгийг иргэнд буцааж хүргүүлэх арга хэмжээг Ажлын алба зохион байгуулна.

 

---oOOo---

             

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

no