IMG-LOGO
 2021-11-24

Шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтний мэргэшүүлэх сургалт эхэллээ

 

       Шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтний мэргэшүүлэх сургалт өнөөдөр /2021.11.24/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ. Шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн мэдээллийн аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээг тогтмолжуулах, мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг, программ, техник хангамж, практик мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгын хүрээнд энэ жилийн сургалтыг зохион байгуулж байна.

       Сургалтаар Шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг чадвар олгохоос гадна, домэйн удирдлагын системийн ерөнхий ойлголт, хэргийн хөдөлгөөний удирдлагын системд шүүгчийн зөвлөгөөний тогтоолын журмыг тохируулах аргачлал, мультмедиа, видео эвлүүлэг зэрэг сэдвээр хичээл заах юм. 

       Сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар оролцож үг хэллээ.

 

 

       Тэрбээр хэлсэн үгэндээ “Шүүхийн мэдээллийн технологийн үйл ажиллагаа 1989 оноос эхлэлтэй гэдгийг Та бүхэн мэдэж байгаа. Үүнээс хойш Дэлхий нийтийн мэдээлэл технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, нийт шүүхийн хэмжээнд 25 төрлийн системийг амжилттай нэвтрүүлээд байна. Уг системүүдийг шүүхийн захиргааны бодит практикт хэрэгжүүлэх, амьдруулах, хэрэглэгчдэд сурталчлах зэрэг олон чухал ажлыг Та бүхэн гүйцэтгэсний үр дүнд нийт шүүхүүдэд амжилттай нэвтэрч, ашиглагдаж байгааг онцолмоор байна. Бид шүүхэд мэдээллийн технологийн ололт амжилтыг нэвтрүүлээд зогсохгүй түүний мэдээллийн аюулгүй байдал, цаашдын хөгжилд тогтмол анхаарал хандуулж, цогц чадамжийн түвшинд хариуцлагатай ажиллах ёстойг шүүхийн хөгжлийн эрин үе шаардаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн захиргааны ажилтны сургалтын хөтөлбөрийг сургалтын үр нөлөөг хүртэж буй та бүхний эрэлт хэрэгцээнд тулгуурлаж жилээс жилд чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллана. Сургалтын агуулга, хөтөлбөрийг сайжруулахад та бүхний санал үнэлгээ, оролцоо чухал юм” гээд сургалтад оролцогчдод амжилт хүслээ.

       Тус сургалт нь жил бүр уламжлал болон зохион байгуулагдсаар ирсэн бөгөөд энэ удаад Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан цахим хэлбэрээр болж байгаа юм. Энэ удаагийн сургалтад нийслэл болон орон нутгийн шүүхийн тамгын газрын 53 мэдээлэл, технологийн мэргэжилтэн оролцож байна.  

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс