Мэдээллийн “www.asu.mn” сайтад 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Шүүгч Н.Дуламсүрэн үнэлгээний хорооны халдашгүй бүрэн эрхэд халдаж ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан” гэх агуулга бүхий худал, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл гарчээ. 


 “Голден дрийм” ХХК, “Кристалхилл капитал” ХХК нараас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн. Улмаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр  нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. 


Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн зүгээс давж заалдах журмаар гомдол гаргаж, хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ. 


Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад “ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан” гэж худал, гүтгэлгийн шинжтэй мэдээллийг санаатайгаар олон нийтэд тарааж байгаа нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, мэргэжлийн болон хувь хүний нэр төр, алдар хүндэд нь бүдүүлгээр халдсан, хэргийг шийдвэрлэсэн шүүгч болон дараагийн шатанд хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд дарамт шахалт үзүүлсэн хууль бус үйлдэл гэж үзэж байна. 

 

Иймд дээрх үндэслэлгүй мэдээллээ нэн даруй зогсоож, залруулга хийхийг “www.asu.mn” сайтад анхааруулж байна. 
Дээрх шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, нэр хүндэд халдсан хууль бус үйлдлээ яаралтай таслан зогсоогоогүй тохиолдолд холбогдох хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх болохыг мэдэгдье.

 


Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар