IMG-LOGO
 2021-11-24

Шүүхийн тусгай архивт улсын үзлэг хийж байна

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн тусгай архивт төрийн архивын улсын үзлэг энэ сарын 22-ны өдрөөс хийж эхэллээ.

       Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан “Төрийн архивын үйл ажиллагаанд улсын үзлэг явуулах тухай удирдамж”, Архивын ерөнхий газрын даргын “Төрийн архивын ажлыг дүгнэх үзүүлэлт, аргачлал”-ын дагуу 37 төрийн  архивт улсын үзлэг хийж байгаа юм. Энэ хүрээнд Архивын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга Л.Уянга, Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Ц.Золжаргал, Мэдээллийн технологийн газрын мэргэжилтэн Б.Төрмөнх нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Шүүхийн тусгай архивт ажиллаж байна. Энэхүү үзлэг энэ сарын 25-ныг дуустал үргэлжилнэ.

 

       Шүүхийн тусгай архивт өнөөдрийн байдлаар 231 мянга 748 хадгаламжийн нэгж хэргийн баримт хадгалагдаж байна. Тухайлбал нийслэл, дүүргийн Шүүхийн тамгын газрын 10 хөмрөг үүсгэгч архив, орон нутгийн Шүүхийн тамгын газрын 30 хөмрөг үүсгэгч архив, ажлын албаны 1 нийт 41 хөмрөг үүсгэгч байгууллагын архив хадгалагддаг юм.

       Шүүхийн тусгай архив нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, хөмрөг үүсгэгч архивыг мэргэжил арга зүйгээр хангах, архивч-операторч нарыг давтан сургах, мэргэшүүлэх, архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг зохион байгуулах, иргэн, хуулийн этгээдэд архивын үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг.

 

       Төрийн архивын улсын үзлэг дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд энэ удаад архивуудын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, баримтын хадгалалт, хамгаалалт болон архивын цахим сан бүрдүүлэлтийн чиглэлээр явагдаж байгаагаараа онцлог байна.

 

 

ШҮҮХИЙН ТУСГАЙ АРХИВ