IMG-LOGO
 2020-11-16

Анхан болон Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, тамгын газрын дарга нарт зөвлөмж хүргүүлэв

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/1183 тоот "Зөвлөмж хүргүүлэх тухай" албан бичгийг Анхан болон Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, тамгын газрын дарга нарт хүргүүлэв.

 

Уг албан бичигт "Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон бөгөөд уг тогтоолд шүүхийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохгүй ажиллуулахаар заажээ.

 

Иймд Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-д “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх болон бусад эрх бүхий байгууллагын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зарим ажиллагааг цахимаар явуулж болох бөгөөд эдгээр байгууллага иргэний үндсэн эрх, эрх чөлөөний баталгааг дордуулахгүйгээр өөрийн бүрэн эрхийн хүрээнд холбогдох журмыг баталж, хэрэгжилтийг зохион байгуулна” гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн  25.2.1-д “тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн дотоод ажлын зохион байгуулалт, журмыг шүүхийн тамгын газартай хамтран тогтоох асуудлыг Шүүгчдийн зөвлөгөөн шийдвэрлэнэ” гэж заасны дагуу цар тахлын хугацаанд шүүн таслах ажиллагааг явуулах журмыг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар эрх бүхий байгууллагаас гаргасан зөвлөмжид нийцүүлэн баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг зөвлөж байна.

 

Түүнчлэн дээрх журмыг шүүх бүр тус тусдаа боловсруулж батлах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэг мөр хэрэгжүүлэхэд хүндрэл учруулах эрсдэлтэй нөхцөл байдал үүсч болзошгүй байгааг харгалзан, шүүхүүдийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, холбогдох зөвлөмж, чиглэл боловсруулах асуудлаар хамтран ажиллах саналыг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн болно." гэжээ.