Аймгийнхаа шүүхийн хамт олонд ажлын амжилт хүсэж, хууль зүйн хүрээнд, шударга ёсыг хэвшүүлэх талаар уйгагүй ажиллаж байна гэдэгт үнэн сэтгэлээс итгэдгээ илэрхийлье.

       Миний бие 1975 онд ХЦДСургууль төгсөж ирээд Ардын хэсгийн шүүхийн шүүгчээр томилогдон ажиллав. Тэр үед хариуцсан сумуудад очиж ажилладаг байсан тул шуудан буюу замын унаанд дайгдан хүрч, сумын төвөөс хөдөө бригадуудад ажиллах асуудал гарахад зорьсон газартаа хүрэхэд төвөгтэй байлаа. Шүүх эрүү, иргэний хэрэг шийдвэрлэхэд дагаж явдаг нарийн бичгийн дарга байгаагүй, аймгийн шүүхэд ганц нарийн бичгийн дарга ажилладаг тул тийм боломж ч байгаагүй. Орон нутгаас томилсон орон тооны бус, протокол бичиж сураагүй хэдэн хүн байсан нь зохих урамшуулалгүй, хэрэг төвөг маргаан ихтэй гэх шалтгаанаар хэдэн цаг үргэлжлэх шүүхийн хуралд суух ч дургүй байлаа. Тэдний хангалтгүй хөтөлсөн тэмдэглэлийг хэлж байгаад, дахин дахин засуулж бичүүлдэг байв. Хууль зүйн мэдлэггүй ардын төлөөлөгч нараас асуудлыг шударгаар шийдвэрлэхэд оновчтой санал, тус дэмжлэг авах нь бага байсан. Тэр үеийн иргэний хэрэг дээр мал булаацалдсан маргааны үнэн мөнийг олж шийдвэрлэх нь хамгийн хүнд байлаа.

Аливаа хэрэг маргааны гэрч, холбогдогч нар алс хол отор нүүдлээр явсан, тэднийг дуудан ирүүлэх ч төвөгтэй, тэд олон хоног хүлээгдэж байгаад ирэхэд өөр нэг гэрч, холбогдогч гарч ирдэг, тэр нь бас алс хол байдаг нь хүндрэл учруулдаг байв.

       Зарим сумдад хэрэг маш бага байхад шинээр томилогдсон залуу шүүгч миний хариуцдаг Дэлүүн сумын “Октябрь-39” нэгдэл болон малчин гишүүдийн хоорондын маргаан маш их, хоёр удаа очиход 100 гаруй өргөдөл ирсэн тул уг асуудалд анхаарлаа хандуулсан аймгийн шүүхийн дарга нь ахмад шүүгч, нарийн бичгийн дарга болон надтай хамт тус суманд очиж 15-30 хоног ажиллан барагдуулж, буцаж байлаа. Тэр үед аймгийн шүүх бүрэлдэхүүн байгаагүй, аймгийн шүүхийн эрхээр шийдвэрлэдэг хэргийг ардын хэсгийн шүүхүүдэд хуваарилан өгч, аймгийн шүүхийн ардын төлөөлөгч нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцэн шийдвэрлэдэг байсан.

      Аймгийн анхаарал татсан хүнд хэргүүдийг яагаад ч юм надад өгдөг байлаа. Ийнхүү хүнд байдалд мохолгүй, залуу насны эрч хүчийг зориулан, асуудлыг тал бүрээс гүйцэт судлан, үнэн мөнийг олж, шударгаар хандаж, хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг эрмэлздэг байлаа. Эрүү, иргэний хэрэг шийдвэрлэхийн зэрэгцээ хууль сурталчлах, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, социалист зан үйл, ардын ёс зүйг хэвшүүлэн тогтоох талаар чадлын хэрээр ажиллан, сургуулийн хүмүүжлийн цагаар сурагчдад яриа таниулга хийдэг байлаа.

1976 онд тэр үеийн Улсын Дээд шүүхийн дарга Гүнсэн, Иргэний коллегийн дарга Зэгвээ нарын бүрэлдэхүүнтэй иж бүрэн шалгалт ирээд манай аймгийн шүүхийн ажил “хангалттай” гэж дүгнэгдсэн. Шалгалтын дараа нийтлэгдсэн “УДШүүхийн мэдээлэл” сэтгүүлд манай аймгийн шүүхийн ажлыг дүгнэн бичихэд залуу шүүгч З.Хонай ажлаа сайн сурч байна гэж дурдсан байсан.

        Би гурван жил шүүгчээр уйгагүй ажиллан иргэний хэрэг маргааныг нэлээд барагдуулан ажилдаа дадлагажин эхэлсэн үед аймгийн нэгдлийн зөвлөлд ХАА-н нэгдлүүдийн дотоод ардчиллыг хариуцсан “Эрх ардчилал хариуцсан ахлах мэргэжилтэн”-ий орон тоо гарч хуульч мэргэжилтэн авна гэхэд миний бие өргөдөл өгч уг ажилд шилжсэн. Уг ажлын цалин өндөр, хэрэг маргаангүй ажил байсан. Аймгийн шүүхийн нийт ажиллагсдад эрүүл энх, эсэн мэнд байж, аз жаргал, амжилт ололтоор дүүрэн, туйлын хариуцлагатай эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж, улс нийгэм, олон түмэнд үнэлэгдсэн тэргүүний хамт олон байхыг шинэ сэтгэлээс хүсэн ерөөе.