Монголын хуульчдын холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хуульчийн про боно өдөрлөг”-ийг 2018 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулаад 4 дэх жилтэйгээ золгож байна.  Энэ жилийн хувьд “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь Та бидний үүрэг” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. 

    Тус өдөрлөгийн нээлтийн ёслол Сүхбаатарын талбайд 5 дугаар сарын 1-ний өдөр болсон бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, Шүүхийн тусгай архивын дарга Ш.Отгонцэцэг нар оролцсон юм. 

 

 

      Про боно өдөрлөгт Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн тусгай архив, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх оролцож, иргэдэд шүүхийн үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл өгөв. 

 

     

       Энэ үеэр Шүүхийн тусгай архив иргэдэд архивын лавлагаа, тодорхойлолт үнэ төлбөргүй гаргаж өгч үйлчиллээ. Түүнчлэн шүүхийн үйлчилгээ, шүүхэд мэдүүлэх эрх, шүүхийн иргэдийн төлөөлөгч, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сурталчилж, иргэдэд ном, гарын авлага тарааж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.       

       Насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэрэгтэй холбогдсон байдлын хувьд 2020 онд 14-15 насны 34 хүүхэд анхан шатны шүүхээр ял шийтгүүлж байсан бол 2021 онд 15 болж, 19 хүнээр буюу 55.9 хувиар буурсан дүнтэй байна.

2020 онд 16-17 насны 194 хүүхэд анхан шатны шүүхээр ял шийтгүүлж байсан бол 2021 онд 110 болж, 84 хүнээр буюу 43.3 хувиар буурчээ. Насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэгт холбогдохоос гадна гэмт хэргийн хохирогч болох нь түгээмэл.

       Гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо 2020 онд 712 байсан бол 2021 онд 757 болж өссөн дүнтэй байна. Насны ангиллаар авч үзвэл 0-4 насны 72, 5-9 насны 107, 10-14 насны 244, 15-17 насны 334 нийт насанд хүрээгүй 757 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон байна.

Энэ удаагийн хуульчийн про боно өдөрлөг улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаа бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл, анхан болон давж заалдах шатны 41 шүүхийн тамгын газар, Шүүхийн тусгай архив дэмжин оролцож, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд дуу хоолойгоо хүргэж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс