Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, зохих шаардлагыг хангасан 19 шүүхийн Тамгын газрын  94 албан хаагч өнөөдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Тангараг өргөх ёслолыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулав. Ёслолын ажиллагаанд нийслэл дэх 10 шүүхээс 78 албан хаагч танхимаар, орон нутаг дахь 9 шүүхээс 16 албан хаагч цахимаар оролцон эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм, хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав.

 

 

      Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журамд заасны дагуу Тангараг өргөх ёслолыг тусгайлан бэлдсэн танхимд зохион байгуулах тухай зохицуулалт цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2 жил хэрэгжээгүй байсан юм.

 

 

          Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүхийн тухай, Төрийн албаны тухай хуулийн хүрээнд шүүхийн захиргааны албан хаагчдыг сонгон шалгаруулах ажлыг 123 сул орон тоон дээр шат дараатай явуулж, төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын 80 орон тоог ийнхүү нөхсөнөөр шүүхүүдийн тамгын газрын өдөр тутмын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангах, шүүхээр үйлчлүүлэх иргэдэд шуурхай үйлчлэх нөхцөл боломжийг хуулийн дагуу бүрдүүлж байна. Мөн ирэх өдрүүдэд буюу 2022 оны 04 дүгээр сарын 28, 29-нд нийт 116 удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын бүртгэл явуулж, тавдугаар сард сонгон шалгаруулалтыг хийхээр төлөвлөж байна.

 

  

      Мөн  шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн зэрэг шүүхийн захиргааны  167 ажилтанд  ажлын үр дүн, гүйцэтгэлийн үнэлгээг үндэслэн зэрэг дэвийг нь олгон, шүүхийн Тамгын газрын 11 даргад Эрхэлсэн түшмэлийн зэрэг дэвийг ахиулан олгож, Төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хуульд нийцүүлэн хугацаа алдахгүй хангах арга хэмжээ авлаа.

 

 

      Төрийн албан хаагчийн тангаргаа өргөсөн шүүхийн захиргааны залуу албан хаагчдад хандан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам “Бусдын төлөө зүтгэж, өөрийгөө түүнд зориулж чадах, Монгол Улсынхаа хөгжлийн төлөө ажиллах чадвартай үнэнч, өгөөмөр хүмүүсийн ажил бол төрийн алба. Төрийн алба дотроо шүүхийн захиргааны алба гэдэг нь гүйцэтгэдэг чиг үүргээрээ онцлогтой. Шүүхийн салбарын шинэтгэл захиргааны алба хаагчдын ажлаас шууд хамаарна гэхэд хилсдэхгүй. Шүүхийн захиргааны албан хаагчид үнэнч шударгаараа бусдыг үлгэрлэгч байх ёстойг үргэлжид санаж яваарай. Өөрийн эрх ашгийг биш эх орон, ард түмэн, үндэстнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, тэдний төлөө эрдэм чадлаа зориулна хэмээн тангараглаж буй та бүхэн тангарагтаа ямагт үнэнч байгаарай.” гэж захив.