Шүүхийн тухай хууль хэрэгжээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. МУ-ын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Шүүхийн тухай хуульд заасны дагуу шинэчлэн байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөл хуульчдаас шүүгчийг шилж олох чиг үүргийнхээ дагуу өнгөрсөн хугацаанд шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх эрх зүйн баримт бичгүүдийг батлаад байна. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатартай ярилцлаа.

 

 

 

 

-ШЕЗ шинэчлэн байгуулагдаад, шүүгч сонгон шалгаруулах журмаа баталсан байна. Өмнө нь энэ журмыг Ерөнхийлөгчийн зарлигаар баталдаг байсан шүү дээ. Энэ журмыг шинэчилсний ач холбогдол, үр дүн юу вэ гэдгээс ярилцлагаа эхэлье.

 

- Таны асуултад албаны болон хуулийн модон үг хэллэг хэрэглэхгүй аль болох энгийн ойлгомжтойгоор хариулахыг хичээе. Шүүхийн ерөнхий зөвлөл бол Монгол Улсын Үндсэн хуулиар хуульчдаас шүүгчийг шилж олох үндсэн үүрэгтэй байгууллага. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталж, 2021 оны гуравдугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Үүнтэй уялдуулан ШЕЗ-ийн гишүүдийг шинээр сонгож, бид 2021 оны арванхоёрдугаар сарын 9-нд даргаа сонгож, дөрөв дэх сардаа ажиллаж байна. Шүүхийн тухай хуульд нийцүүлж хэд хэдэн эрх зүйн баримт бичгийг баталсны нэг нь “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам” юм. Олон нийтийн зүгээс шүүгчийн сонгон шалгаруулалт шударга явагдаж байгаа эсэхт эргэлзээ хардлага дагуулсаар ирсэн. Өндөр ёс зүйтэй шүүгчдээр иргэд хэрэг маргаанаа шударгаар шийдвэрлүүлэхийг хүсч байгаагийн адил шүүхийн хүний нөөцийг чадавхижуулах, шинэ залуу хуульчдаар “цус сэлбэх”, чадварлаг хуульчдын өрсөлдөөнөөс шилмэл шүүгчдийг сонгохыг бид бодлогын түвшинд юун түрүүнд анхаарч байна. Шинээр баталсан журмыг энэ зорилгод нийцүүлэх үүднээс Шүүхийн ерөнхий зөвлөл тал бүрээс нь нухацтай хандаж, олон нийтээс санал авч нэгтгэж, багагүй хугацаанд ажиллалаа. Одоо шүүгчийн сонгон  шалгаруулалтын бэлтгэл ажлыг хангаж байна.

 

-Журам хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Шинэ баталсан журмаараа шүүгчдийг сонгон шалгаруулах ажлыг хэзээ зохион байгуулахаар төлөвлөв?

 

-УИХ-ын 2016 оны 42 дугаар тогтоолд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхэд нийт 699 шүүгч ажиллах ёстой. Гэвч хэзээ ч энэ дээд хязгаарт хүрч ажиллаж байгаагүй. Жил бүр 200 шүүгч дутуу ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор шүүгчдийн ажлын ачаалал өндөр байгаа. Шүүгчдэд төдийгүй шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд хүндрэл чирэгдэл ч учруулж буй учраас сонгон шалгаруулалтыг нэн яаралтай хийх ажил тулгамдсан асуудал болсон. Шүүхийн ерөнхий зөвлөлийн төлөвлөснөөр дөрөвдүгээр сарын 11-нд сонгон шалгаруулалт зарлахаар бэлтгэж байна.

Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам бол нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт. Шалгалт өгч байгаа хуульчид төдийгүй шүүгч болохоор зорьж буй бүх хүнд хамаатай. Тиймээс зайлшгүй ХЗДХЯ-нд бүртгүүлж, Захиргааны хэм хэмжээний акт учраас хэвлэн нийтлэх учиртай. ШЕЗ-өөс уг журмаа ХЗДХЯ-нд бүртгүүлэхээр хүргүүлсэн.

 

-Өмнө нь Шүүхийн мэргэшлийн хороо шүүгч сонгон шалгаруулах ажил хийдэг байсан нь өөрчлөгдсөн гэж ойлгож болох нь ээ?

 

-Тийм ээ. Өмнө нь шүүгчийн сонгон шалгаруулалтыг Шүүхийн мэргэшлийн хороо Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хараат бусаар зохион байгуулдаг байсан. Нэрээ дэвшүүлсэн хуульчдыг шалгалтад авсан оноогоор нь жагсаадаг. ШЕЗ тэр дундаас сонгохдоо оноогоороо тэргүүлсэн хүнийг шалгаруулахгүй байх явдал багагүй байсан нь хуульчдын дунд хардлага төрүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлд үл итгэх, эргэлзэх байдлыг төрүүлдэг байсныг үгүйсгэхгүй. Оноогоороо хоёрдугаарт, зарим тохиолдолд тавд жагссан хүнийг ч сонгох тохиолдол гарч байсан. Харин шинэ журмаар хуульд заасны  дагуу нэр дэвшигчдийг шалгалтад авсан онооны дарааллаар эрэмбэлэхээр зохицуулсан. Сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч, нэгдүгээрт эрэмбэлэгдсэн бол тухайн хуульчийг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид маргаангүй өргөн мэдүүлэх юм. Энэ бол зарчмын  чухал ач холбогдолтой. Мэргэшлийн хороо ажиллаж байхад зарим нэр дэвшигч сонгон шалгаруулалтын ярилцлагад ороход зарим нь 5-10-хан минут болоод гарч ирдэг. Нэг хэсэг нь 30-40 минут ч болдгийг бусад нэр дэвшигч, шалгуулагч хардах тохиолдол байсан юм билээ. 5-10-хан минут болоод гарч ирсэн хүнийг шүүгч болох нь тодорхой гэж үздэг, 30-40 минут ярилцаж байгаа нь “Намайг зориуд унагах гэж олон зүйл асуулаа” гэж хардах явдал гардаг байсан нь үнэн. Тиймээс энэ мэтчилэн нэр дэвшигчдэд тэгш бус байдал үүсгэхгүйгээр журамд шинэлэг зохицуулалтыг тусгасан. Шүүхийн тухай хуулиар ШЕЗ өөрөө сонгон шалгаруулалтаа гардаж хийх юм. Тэгэхээр ШЕЗ хариуцлагаа 100 хувь өөрсдөө хүлээнэ.

 

-Шинэ журмын 6.6-д “Ерөнхий зөвлөлийн ярилцлага” гэх заалт оржээ. Энэ нь саяын таны ярьсан, нэр дэвшигчтэй хийх ярилцлага хардлага дагуулж байсан асуудлаас ангид байж чадах уу?

 

-Шинэ журамд ярилцлагын үеэр юу асуух талаар тухайлан зааж, жишиг асуулт бэлтгэж, бүх нэр дэвшигчийн ярилцлагын цаг хугацаа адил байхаар зарчмын шинжтэй хэд хэдэн заалт тусгасан.  

 

-Өмнө үйлчилж байсан хуулийн дагуу шүүхийн Мэргэшлийн хороо цөөнгүй хүнээс шүүгчийн шалгалт авч, нөөцдөө бүртгэсэн. Тэднийг томилох боломж бий юү?

 

- Нөөцөд байгаа хуульчдын шалгалтын үнэлгээ хуульд заасны дагуу хоёр жилийн хугацаанд хүчинтэй. Тэгэхээр тэдний шалгалтын үнэлгээний хүчинтэй хугацаа дуусахаас өмнө шүүгчийн сонгон шалгаруулалтаа зарлаж байгаа. Энэ онд шалгуулагчдын авсан оноо нөөцөд буй хүмүүсийнхээс илүү гарвал шүүгчээр томилуулахаар нэрийг нь дэвшүүлнэ. Харин дутуу бол нөөцөд буй хүмүүсийн нэрийг өргөн мэдүүлэх юм.

Ер нь бол өмнө нь явуулсан сонгон шалгаруулалтын үр дүнд нөөцөд бүртгэгдсэн хуульчдын хоёр жилийн хүчинтэй хугацаа дуусаагүй. Тийм болохоор тэдний эрх ашиг хөндөгдөхгүй.

 

- 2013 оны Шүүхийн тухай багц хуульд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж буй залуусыг шүүгчээр нэрээ дэвшүүлэх боломжийг хязгаарласан гэхэд хилсдэхгүй. Ирээдүйд шүүгчээр ажиллахаар төлөвлөсөн залуус шүүхийн анхан шатнаас нь буюу шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичиг зэргээр ажлаа эхэлдэг гэж боддог. Шинэ хуулиар эдгээр ажлыг хийж байгаа залуус шүүгчид нэрээ дэвшүүлж болох уу?

 

- 2021 оны Шүүхийн тухай хуульд шүүгчийн туслах нь хуульч байх шаардлага тавигдсан. Тэгэхээр шүүгчийн туслахаар ажилласан жил хуульчаар ажилласанд тооцогдох юм. Өмнөх хуулийн үйлчлэлийн үед таны асуусан шиг хүсэл эрмэлзэлтэй залуус хохирсон нь үнэн. Шүүх дотроо ажиллаад “тогоонд нь чанагдана” гэдэг бол сайн хуульч, сайн шүүгч болохын эхлэл. Шүүхэд ажиллаж байгаа гэдгээр нь тэднийг ялгаварлан гадуурхаж болохгүй.

 

- Шүүхэд итгэх ард түмний итгэл буурсан, шүүх рүүгээ улстөрчид ч, бизнесийн бүлэглэлийнхэн ч их дайрах болсныг олон нийтийн сүлжээ, хэвлэлд өгсөн ярилцлагаас нь та харж байгаа байх. Үүнээс болоод ч тэр үү, цөөнгүй шүүгч энэ албан тушаалаасаа больё гэх хандлага гаргаж, зарим нь ажлаасаа гарах болсон гэдэг.

 

-Ганц шүүх, шүүгчийг ч бус, нийгэм даяараа бусдыг үзэн ядах сэтгэхүй давамгайлчихаж. “Даарин дээр давс” гэгчээр тодорхой зорилготойгоор иргэд, хэргийн зарим оролцогчийн зүгээс шүүхэд нөлөөлөхийн тулд, эсвэл өөрийнхөө гэм буруутай үйлдлийг нуухын тулд зориуд сөрөг мэдээллийг дэвэргэх явдал бий. Улс төрийн сонгууль дөхөөд ирэхээр улс төрчдийн зүгээс ард түмэнд таалагдах, “оноо авах”-ын тулд тодорхой зорилгоор дайрдаг явдал ч гардаг. Энэ бол туйлын харамсалтай. Нийгмийн сэтгэл зүй, иргэдийн ухамсар, соёл тогтворжихын хэрээр энэ үзэгдэл аяндаа “илаарших” байх.

 

- Ачаалал ихтэй шүүхүүд рүү зарим шүүгчийг саналаар нь сэлгэн ажиллуулах явдал байдаг. Сүүлийн үед ингэж ажиллах сонирхолтой шүүгч багассан мэт санагдаад байгаа л даа.

 

- Өмнөх хуулийн үед шүүгчийг томилолтоор ажиллуулж  байсан. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд зааснаар журмын дагуу өөрийнх нь саналыг харгалзан шүүгчийг сэлгэн ажиллуулж байна. Гэхдээ энэ бол асуудлыг цогцоор нь шийдэж буй арга хэлбэр биш. Ачаалал ихтэй шүүхэд шүүгчийг ажиллуулаад, ёстой л нөгөө амь торгоож буй хэрэг юм. Шүүгчийн орон тоо дутуу, нэмье гэхээр цалингийн сан хүрэлцээгүй, цалингийн сан нь шүүхийн төсөвт суугдаагүй гэдэг гачигдал дутагдлын улмаас шүүгчийн хүний нөөц хомсдолд ороод удаж байна.

 

- Шүүгчийн орон тоо дутуу, ачаалал ихтэйгээс болж зарим шүүгч хугацаандаа тогтоол, шийдвэр, магадлалаа гаргаагүй гэх асуудлаар сахилгын арга хэмжээ авахуулах болсон тохиолдол ч дуулдаж байна. Үүнийг зохицуулах чиглэлээр ШЕЗ ямар арга хэмжээ авч байгаа вэ?

 

- Нийслэлийн дүүргийн шүүхүүд төдийгүй орон нутгийн шүүхүүдийн ачаалал хэрээс хэтэрч, жил ирэх тусам өсч байна. Нэг шүүгчид ногдох хэрэг маргааны тоо иргэний шүүгчийн хувьд 200 гаруй хэрэг байна. Хуульд зааснаар 60 хоногт шийдэх ёстой. Шүүгч яаж ч ажиллаад 200 хэргийг 60 хоногт шийдэх боломжгүй. Яаж ч хичээсэн энэ олон хэргийг уншиж амжихгүй. 200 шийдвэрээ 60 хоногт багтаан бичиж чадахгүй нь туйлын тодорхой юм. Ажлын байрны энэ ачаалалтай хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалж, шүүгчийн үйл ажиллагааны талаар Сахилгын хороонд гомдол гаргах нь ч байна. Шүүгчийн орон тоо, ажлын ачааллын тулгамдлын сөрөг үр дагавар нь шүүгчдэд бууж, түүнээсээ болж  Сахилгын хороонд олноороо  дуудагддаг нөхцөл байдал үүсвэл ШЕЗ, Сахилгын хороо хаа хаанаа анхаарал хандуулж, нухацтай авч үзэх шаардлагатай.

      Шүүгчийн ёс зүй, харилцаа хандлага, сахилга хариуцлагаас өөр асуудлаар тухайлбал, хэрэг маргааныг хугацаанд нь шийдээгүй гэдэг шалтгаанаар шүүгч Сахилгын хороонд дуудагддаг болчихвол шүүгч нараа Сахилгын хорооноос “хамгаалах” хэрэгцээ, шаардлага үүсэхийг үгүйсгэхгүй.

        Бодит байдлыг хэрхэн зөв ойлгож, шийдвэр гаргаж байгаа вэ, Сахилгын хороо хуулийн дагуу сайн эсвэл муу ажиллаж байгаа талаар шууд хэлж чадахгүй. Боломж ч үгүй. Шүүгчийн ажлын байрны энэ мэт хүндрэлтэй байдлаас шалтгаалж, шүүгч Сахилгын хороонд дуудагддаг “ажилтай” болчих тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөл бодит байдлыг ойлгуулах зайлшгүй шаардлага бий гэж үздэг. ШЕЗ Шүүхийн сахилгын хороо хэдийгээр хоёр өөр чиг үүрэгтэй боловч хэрэгжүүлж буй хууль маань нэг.

 

-Шүүхийн сахилгын хороонд зарим шүүгчийн эсрэг гомдол мэдүүлдэг. Тэр нь тус хорооны хурлаар тогтоогдолгүй, хэрэгсэхгүй болгох тохиолдол нэлээд байна. Энэ нь шүүхэд нөлөөлж, тухайн шүүгчийн нэр хүндэд сэв суулгаад байгаа явдал биш үү?

 

-Үндсэн хуульд зааснаар төрийн байгууллага албан тушаалтанд иргэд өргөдөл гомдол гаргах эрх нь нээлттэй. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх зорилгоор “Сахилгын хороонд өгнө, АТГ-аар шалгуулна” гэх мэтээр сүрдүүлбэл тухайн шүүгч Нөлөөллийн мэдүүлэг хөтлөөд тухайн иргэнийг шалгуулах боломжтой.

Шүүхийн сахилгын хороонд иргэд янз бүрээр л өргөдөл гомдол бичиж ханддаг. Үндэслэлтэй нь ч бий байх, үндэслэлгүй нь ч олон бололтой юм. Тус хорооны цахим хуудаснаас харахад иргэдээс шүүгч, шүүх бүрэлдэхүүний эсрэг гаргасан гомдлын нэлээд хувийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж буй нь тухайн иргэний гаргасан өргөдөл, гомдолд бодитой дүгнэлт хийгээд гаргасан шийдвэр гэж ойлгож байгаа.

Таны хэлсэнчлэн тухайн шүүгчийн нэр хүндэд сэв сууж байгаа гэдэгтэй санал нэг байна. Хамгийн гол нь тухайн шүүгчийн нэр хүнд буцаж сэргэхгүй байгаа нь харамсалтай. Тэгэхээр хуулийг илүү боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага бий.

 

-Тухайлбал яаж?

 

-Олон дахин Сахилгын хороонд дуудагдаж буй шүүгчийг байнга хэл ам таталж байдаг гэсэн ойлголт бий болдог. Үүнийг өөрчлөхийн тулд хэрэв гэм буруутай нь Сахилгын хороогоор тогтоогдоогүй бол тухайн шүүгч ахиж дэвшихэд нь нөлөөлөх ёсгүй гэх байдлаар хуульчилбал зөв болов уу гэж би хувьдаа боддог. Мөн олон дахин үндэслэлгүй гомдол гаргаж байгаа иргэн, байгууллагын төлөөлөлд хариуцлага тооцох заалт оруулбал хэрэгтэй байх. Тэгэхгүй бол шүүгч болгон руу дайрдаг, гүтгэдэг явдал хавтгайрах вий дээ гэж боддог. Гэхдээ үүнийг хуульчлахад бэрхшээл бий. Үндсэн хууль, олон улсын гэрээ конвенцтой уялдуулах хэрэгтэй болно.

 

-Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлд “Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байна. Шүүх хуралдааныг хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд нээлттэй явуулна” гэж заасан. Гэтэл танайхаас боловсруулж буй Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх журам хаалттай болох гэж байгаа санагдсан. Энэ талаар та ямар бодолтой байгаа бол?

 

-Аливаа харилцан үл ойлголцлыг нээлттэй байснаар даван туулна. Мэдээллээ нээлттэй хүргэж байж нэр хүндээ хамгаална, өргөнө. Үүнийг ШЕЗ-ийн гишүүд ойлгож байгаа. Хаалттай, бугшмал болъё гэсэн зорилгоор журам боловсруулаагүй. Магадгүй төсөл доторх зарим үг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынхан та бүхэнд буруу ойлгогдсон байх. Уг нь илүү нээлттэй, ил тод байлгахын тулд нээлттэйгээр боловсруулж санал авч байгаа юм.

Хуулиар хориглоогүй, нээлттэй шүүх хурлаас бүх л хэвлэл мэдээллийн байгууллагынхан, сэтгүүлчид сурвалжилж ажлаа хийхийг хүсэж байгаа нь мэдээж. Гэхдээ тухайн хэргийн оролцогчид зургаа авахуулах, зурагтаар гарахыг хүсэхгүй байх тохиолдол цөөнгүй. Хаалттай явуулахыг хүсэх тохиолдол олон. Тэгэхээр ШЕЗ-ийн зүгээс нээлттэй явуул гэж шууд хэлэх боломжгүй. Аль аль талынх нь эрх ашгийг харгалзаж байж шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргадаг. Тиймээс шинээр боловсруулж буй журамдаа энэ бүхнийг харгалзах юм.

 

-Э.Зоригтбаатар гэдэг шүүгчийг Захиргааны хэргийн шүүхэд л ажиллаж байсныг мэдэх юм. Та ер нь өөр шүүхэд ажиллаж байв уу?

 

-2004 онд анх захиргааны хэргийн шүүх байгуулахад Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр томилогдон очиж байлаа. Түүнээс хойш 2017 оны аравдугаар сарын 11-нд ШЕЗ-ийн гишүүнээр сонгогдтолоо захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр хангай, говьд, хот, хөдөөд ажиллаж байжээ. Миний шийдсэн нэг ч иргэний, эрүүгийн хэрэг гэж байхгүй.

Захиргааны эрх зүйн маргаан онцлогтой. Иргэний эрх зүйн маргаан бол талуудын зарчимд үндэслэж, өөрсдөө нотлох баримтаа гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ өөрөө нотолно. Хариуцагч нь татгалзаж буй бол үндэслэлээ бас өөрөө нотлох ёстой.

Эрүүгийн хэргийн шүүх бол бэлэн ирсэн хэрэг дээр ажиллаж, нотлогдохгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаах, гэм буруутай нь тогтоогдвол хуульд заасан ял шийтгэл оноодог.

Захиргааны хэрэг бол бүхнийг тэгээс эхэлж, шүүгч өөрөө нотлох баримтаа цуглуулж, түүнийгээ үндэслэж шийдвэрээ гаргадаг. Энэ утгаараа хэрэглэх хуулийн хүрээ нь ч өргөн. 400 шахам хуулийн хүрээнд шийдвэр гаргадаг гэсэн үг.

 

‌Г.ЦОЛМОН

 

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин 2022.03.25 №062 /7364/