Монгол Улсын шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 18-19-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.

 

       Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан тус зөвлөгөөнд анхан болон давж заалдах шатны шүүхийн 41 тамгын газрын дарга оролцож, шүүхийн тамгын газрын 2021 онд хийсэн ажлаа тайлагнаж, тулгамдсан асуудлын талаар танилцууллаа. Тайлангийн хурлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа удирдан явуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Э.Зоригтбаатар, Н.Мөнгөнцэцэг, А.Насандэлгэр, Р.Онончимэг, Б.Ундрах, Л.Энхбилэг нар байлцаж, шүүхийн тамгын газрын дарга нараас тайлантай холбоотой асуулт асууж, тодруулга авснаар зөвлөгөөний эхний өдөр өндөрлөсөн юм.

 

 

       Харин зөвлөгөөний хоёр дахь өдөр буюу өнөөдөр Монгол Улсын Их сургуулийн багш, Хууль зүйн ухааны доктор, профессор О.Мөнхсайхан Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулж, шүүхийн тамгын газрын дарга нарын сонирхсон асуултад хариуллаа. Дараа нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) Мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдлын зөвлөх Б.Мөнхбаяр “ИРГЭН-2014 системийн гацалтыг арилгах, хурдыг сайжруулах төсөл”-ийн үр дүнгийн талаар танилцуулж, мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгөв.

 

       Зөвлөгөөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуулиар хүлээсэн чиг үүргийн хороодын мэдээллээр үргэлжилсэн бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд тус тусын хариуцсан хорооны талаар танилцууллаа. Шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүргийн хорооны ахлагч Р.Онончимэг, Шүүхийг хүний нөөцөөр хангах чиг үүргийн хорооны ахлагч Б.Ундрах, Шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хорооны ахлагч Л.Энхбилэг, Шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах чиг үүргийн хорооны ахлагч А.Насандэлгэр, Мэдээллээр хангах чиг үүргийн хорооны ахлагч Н.Баасанжав нар тус тус хариуцсан чиг үүргийн хороодын цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, шүүхийн тамгын газрын дарга нарын сонирхсон асуултад хариулав.

 

 

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн ухааны доктор Д.Зүмбэрэллхам зөвлөгөөнийг хааж, Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газруудын хэмжээнд тулгамдсан асуудлаар бүрэн мэдээлэл авч чадсан нь зөвлөгөөний гол үр дүн байсныг онцлоод цаашид тэдгээрийг шийдвэрлэх чиглэлээр болон шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнд хүргэхийн төлөө илүү эрчимтэй хамтран ажиллахын чухлыг тэмдэглэлээ.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс