IMG-LOGO
 2021-11-23

Сэтгүүлч Ц.Алтанцэцэг: Иргэний шүүх санаачилгаараа баримт бүрдүүлэх эрх байдаггүй

Иргэдийн эрх зүйн боловсролд зориулсан “Эрх зүйн хөтөч”, “Монгол Улсын нэрийн өмнөөс” зэрэг хууль эрх зүйн нэвтрүүлгээрээ та бидний танил Монголын үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч Ц.Алтанцэцэгтэй шүүхийн байгууллага, тэдгээрийн онцлогийн талаар ярилцлаа.

 

-Та хууль эрх зүйн чиглэлээр нэвтрүүлэг бэлтгэдэг болохоор шүүхийн талаар сайн ойлголттой болсон байх. Харин жирийн иргэд эрүү, иргэн, захиргааны хэрэг юугаараа өөр байдгийг тэр бүр мэдэхгүй. Та эдгээр шүүхүүд хоорондоо ямар ялгаатай талаар энгийн үгээр тайлбарлаж өгөөч? 

Эрүү, иргэн, захиргааны хэргүүд нь хоорондоо нэлээд ялгаатай юм байна лээ. Тийм ч учраас эрүүгийн хэргийг эрүүгийн шүүх,  иргэний хэргийг иргэний, захиргааны хэргийг захиргааны шүүх шийддэг. Би өөрөө хуульч, шүүгч хүн биш л дээ. Гэхдээ боломжоороо тайлбарлахыг хичээе.

Маш энгийнээр хэлбэл цагдаа хэргийг мөрдөөд бүрдүүлсэн баримтыг прокурор хянаад эрүүгийн шүүхэд шилжүүлдэг. Цагдаа, прокуророос “боож багцлаад” ирүүлсэн хэргийг эрүүгийн шүүх шийддэг. Жишээлбэл хулгай, дээрэм, авлига, зам тээврийн осол гэхчлэн гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон бол ял шийтгэл ногдуулах, тогтоогдохгүй бол цагаатгах эсэх асуудлыг эрүүгийн шүүх шийднэ.

Харин захиргааны шүүх бол зарим  албан тушаалтны гаргасан шийдвэртэй холбоотой гомдлыг  шийддэг. Тухайлбал газар олгох, татвар ногдуулах асуудлаар ч юмуу хэн нэгэн албан тушаалтны гаргасан шийдвэртэй холбоотой гомдол гаргахаар бол захиргааны шүүхэд  хандаж болно. Захиргааны  шүүх  нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг өөрөө хийдэг, талууд нь бас баримт гаргаж өгдөг. Иймд маргаантай холбоотой өөрт  байгаа баримтаа  аль болох шүүхэд өөрөө өгч байх нь чухал. Ингэвэл маргаан шийдэх хугацаа удаашрахгүй гэсэн үг.

Бусад маргааныг буюу иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдол, нэхэмжлэлийг Иргэний шүүх  шийддэг. Жишээ нь, хүүхдийн тэтгэвэр тогтоох, гэр бүл цуцлах, зээлийн маргаан гэх мэт. Иргэний шүүхийн онцлог нь өргөдөл өгсөн хүн, тэрний эсрэг тал нь өөр өөрийн  баримтаа шүүхэд бүрдүүлж өгдөг. Энэ бол тэд нарын хуулиар хүлээсэн үүрэг. Иргэний шүүх бол маргалдагч талуудын шүүхэд өгсөн баримтыг үндэслэж хэрэг шийддэг. Иргэний шүүх санаачилгаараа баримт бүрдүүлэх эрх байдаггүй онцлогтой. 

 

-Хэрэг маргааны төрлөөр эрүү, иргэн, захиргааны шүүх гэж байхаас гадна анхан, давах, хяналтын шатны шүүхүүд гэж бий. Эдгээр шат шатны шүүхүүдийн онцлогийг хэлээч гэвэл?

Ямар ч хэрэг маргаан эхлээд заавал анхан шатны шүүхээр шийдэгддэг. Анхан шатны шүүхийн  гаргасан  шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол дараагийн шатны шүүхэд хандах боломж бас бий. Дараагийн шатны шүүх гэдэг нь “давж заалдах шатны шүүх”.  Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол “хяналтын шатны шүүх”-д хандах боломжтой. Хяналтын шатны шүүх гэдэг нь Улсын дээд шүүх юм.

 

-Нэг маргааныг гурван шүүх шийдэж байхаар шууд нэг мөр Дээд шүүхээр хэргээ шийдүүлж болдоггүй юмуу гэсэн ойлголттой иргэд цөөнгүй байх?

Ер нь бол нэг зүйлийг маш сайн ойлгоод авах нь зөв. Эдгээр шат шатны шүүх нь хоорондоо ялгаатай. Жишээ нь захиргааны мөн иргэний анхан шатны шүүх нь “..хүн, хуулийн этгээдийн шүүхэд гаргасан өргөдөл, нэхэмжлэл..”-г шийддэг. Хүмүүсийн дунд анхан шатны шүүх бол яахав, давж заалдахдаа энэ баримтыг гаргаад өгье ч гэдэг юмуу буруу ойлголт түгээмэл байх шиг ажиглагдаад байдаг юм. Давж заалдах шатны шүүх баримтыг шинээр бүрдүүлдэггүй харин тухайн хэрэг, маргааныг “анхан шатны шүүх зөв шийдсэн эсэх”-ийг л хянадаг юм байна лээ. Улсын дээд шүүх ч ялгаагүй давж заалдах шатны шүүхийн шийдсэн хэргийг хянана. Илүү хязгаарлагдмал байдлаар шийднэ гэсэн үг. Шүүх шүүхийн  шийддэг асуудал нь өөр.  

 

-Шүүх хэрэг шийдэхдээ их чирэгдүүлж байна гээд иргэд бухимддаг. Гэтэл хуульд хэргийг шийдэх тодорхой хугацаа заасан байдаг. Энэ талаар?

Шүүх бусад хуулийн байгууллагын адил хэрэг маргааныг шийдэхдээ заавал хуульд заасан дараалал, журмыг баримтлах ёстой. Энгийн үгээр тайлбарлавал шүүх өргөдөл, гомдлыг хэрхэн яаж хүлээн авах, ямар хугацаанд ямар ажиллагаа хийх  гэх мэт бүх үе шатыг хуульд тодорхой хугацаатай нь маш нарийн заасан байгаа. Үүнийг хэрэг шийдэх “процесс” гэдэг юм байна лээ. Эрүү, иргэн, захиргааны аль ч хэрэгт  Та  хуульд заасан журмыг баримтлан идэвхтэй  оролцох нь чухал. Хэрэг шийдэх асуудлыг хуулиар зохицуулдаг гэж онцлоод байгаа нь шалтгаантай. Эрүү, иргэн, захиргааны хэргийг шийдэхдээ ямар дараалал журам баримтлах вэ гэдгийг  хуульд нарийн заасан байгаа. Энэ  дараалал журмыг   зөвхөн шүүгч биш,  хэргээ шийдүүлж байгаа  хүн бүр заавал баримтлах ёстой. Үүнийг сайн ойлгоогүйгээс шүүх дуудаад байхад очдоггүй эсхүл аль болох шүүх хурал хойшлуулах шалтгаан хайдаг.  Үүнээс болж шүүх хэрэг шийдэхгүй удаж байна гэсэн яриа гардаг болов уу. 

 

-Ярилцсанд баярлалаа.

 

Г.Хишиг

 

Эх сурвалж: https://gogo.mn/r/n4d92