Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн сургалтын хөтөлбөр болон холбогдох материалыг Улсын дээд шүүхийн Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнд цаасан болон цахим хэлбэрээр өнөөдөр /2021.09.16/ хүлээлгэн өглөө.

 

     Шүүхийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд үндэслэн жил бүр гаргадаг “Шүүхийн сургалтын катологи” болон олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулдаг гадаад, дотоод сургалтын хөтөлбөр, хамтран ажилладаг эрдэмтэн судлаач, сургагч багш нарын танилцуулга, гарын авлагыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Судалгаа мэдээлэл, сургалтын төвийн захирал Б.Айбек, Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хүлээлгэн өгсөн юм.

 

     

      Шүүхийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх,  шүүгч, ажилтны ур чадвар, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүхийн сургалтын нэгдсэн хөтөлбөрийг баталж, жил бүр сургалтын чанар, хүртээмж, үр дүнг шинэ шатанд ахиулж ирсэн. Ингэхдээ салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаач, сургагч багш нар болон Олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудтай хамтран шүүгч, ажилтан, шүүхэд ажиллах сонирхолтой иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж, нийгмийн болон эрх зүйн хөгжлийн чиг хандлагад тулгуурлан сургалт зохион байгуулж байсныг Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг онцоллоо.

 

           Цаашид шүүгчийн сургалтын чиглэлээр хоёр байгууллага хамтран ажиллахаа илэрхийлэв.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс