Шүүхийн ёс зүйн хороо, “Ханнс-Зайделийн сан” хамтран "Шүүхэд итгэх итгэл ба шүүгчийн сахилга хариуцлага" сэдэвт хэлэлцүүлгийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний 09.00-13.00 цагт "Holiday Inn" зочид буудлын 2 давхрын хурлын их танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэл дэх бүх шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл, шүүгч, эрдэмтэн, судлаачид, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн, зарим удирдах албан тушаалтан оролцлоо. 

 

     

       Уг хэлэлцүүлгийн үеэр "Шүүгчийн ёс зүйн гомдлыг хянан шийдвэрлэж буй өнөөгийн байдал, зарим асуудал" сэдвээр Шүүхийн Ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар, "Шүүхийн сахилгын хорооны эрх зүйн байдал" /харьцуулалт/ сэдвээр Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, МУИС-ын багш Т.Мөнх-Эрдэнэ, "Шүүгчийн ёс зүйн талаарх олон улсын стандартыг баримтлах нь" сэдвээр Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүн, судлаач Л.Галбаатар тус тус илтгэл тавин хэлэлцүүлэв.

 

   

     Илтгэгчдээс 1. Сахилгын хорооны бүрэлдэхүүн улс төрийн институтээс хараат бус байх, харин тэдгээрийн байгуулсан хамтын удирдлагын байгууллагаас нэр дэвшүүлэх;

2. Сахилгын хэргийг шалгах, шийдвэрлэх чиг үүргийг салгах, шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх алба орон тооны байх, хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн 11-15 гишүүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус байх;

3. Сахилгын хорооны шийдвэр эцсийнх байснаар шүүгчийн хариуцлагын тогтолцоо хараат бус ажиллах нөхцөл бүрдэнэ гэсэнтэй холбогдуулан оролцогчдын зүгээс асуулт асууж, хариулт авлаа.

    Шүүгчдийн зүгээс гаргасан санал: Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнийг Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлэхээр төсөлд тусгасан нь илтгэлд дурдсан олон улсын зөвлөмж, сайн туршлагатай үл нийцэж байна, шүүгчийн сахилга, хариуцлагыг шүүхийн шатанд эцэслэн шийдвэрлэх, шүүн таслах ажлын туршлагатай хүнийг Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр ажиллуулах, сахилгын хороо зөвлөх чиг үүрэг хэрэгжүүлэх, шүүгчийг түдгэлзүүлэх тохиолдол үүсвэл эдийн засгийн хараат бус байдлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэх, цалин бууруулах сахилгын шийтгэлийн төрлийг хасах гэсэн хэд хэдэн санал гаргасан байна.

 

 

Шүүхийн ёс зүйн хорооны ажлын алба