Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр, гишүүн Ж.Сүхбаатар, Н.Алтанхуяг, Ш.Раднаасэд нар өнөөдөр буюу 2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагуудтай уулзлаа. 

 

   

      Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр , Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа, Л.Атарцэцэг, Д.Цогтсайхан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар болон  Ажлын албаны газар, хэлтсийн дарга нар оролцов.

          Уулзалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Монгол Улсын шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн төсөв, шүүгчийн ачаалал, шүүгчийн цалин болон шүүхийн байртай холбоотой тулгамдсан асуудлыг танилцуулсан юм.

 

           

          Тэрээр улсын хэмжээнд нийт 198 шүүгчийн орон тоо дутуу байгаа ч шүүхийн төсөв хүрэлцээгүйн улмаас орон тоог нэмэгдүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Шүүхийн тамгын газруудад ажиллаж буй шүүхийн захиргааны ажилтны  ажлын ачаалал ажиллах орчин, нөхцөл хүнд, цалин бага, буцалтгүй тусламж, нэмэгдэл урамшуулал байхгүй учраас шилжилт хөдөлгөөн их, тогтвор суурьшил муутай байгаа зэрэг асуудлуудыг хөндөв. Мөн найман шүүх өөрийн байргүй, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа болон сүүлийн зургаан жилийн хугацаанд Улсын Их Хурлаас шүүхэд хөрөнгө оруулалтын төсөв батлагдаагүйн улмаас шүүхүүд зориулалтын бус, стандартын шаардлага хангахгүй, ашиглалтын зай талбай багатай барилгад ашиглалтын хугацаа дууссан техник, тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаа явуулж байна гэлээ. Үүний улмаас шүүн таслах үйл ажиллагаа тасалдах, шүүхээс иргэдэд үйлчлэх үйлчилгээ доголдох бодит эрсдэл үүсэж шүүх иргэдэд түргэн шуурхай, нээлттэй үйлчлэх үүргээ биелүүлж ажиллахад хүнд болоод байгааг онцлон тэмдэглэв.

 

     

       Улсын Их Хурлын Ажлын хэсгийн гишүүд цаашид хөрөнгө оруулалтын төсвийг нэмэгдүүлэх, шүүхийн байрны тулгамдсан асуудал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагуудтай санал солилцож, хуулийн төсөлтэй холбоотой асуултад хариулт авсан юм.

 

Шүүхийн хэвлэл, мэдээллийн хэлтэс