Үндсэн агуулга руу шилжих

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

THE JUDICIAL GENERAL COUNCIL OF MONGOLIA

 
  Хэвлэх
 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ,

ДОТООД ХЭРГИЙН САЙД,

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

 

2021 оны 05 дугаар                                                                                                                      Дугаар   А/116/65                                                                                 Улаанбаатар  

сарын 20-ны өдөр                                                                                                                                                                                                                                              хот

 

 

 

Журам шинэчлэн батлах тухай

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 71 дүгээр зүйлийн 71.2, 81 дүгээр зүйлийн 81.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

1.”Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”-ыг нэгдүгээр, “Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

 

2.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлт, үр дүнг тооцож ажиллахыг  Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /О.Амгаланбаатар/, Цагдаагийн ерөнхий газрын дарга /Ж.Болд/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга /Д.Загджав/ нарт тус тус үүрэг болгосугай.

 

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/40, 113 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

4.Энэ тушаалыг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

 

 

 

 

                                                                                                                    ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД                                           ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ

                                                                                                                       ХЭРГИЙН САЙД                                                  ЗӨВЛӨЛИЙН ДАРГА

 

 

 

 

                                                                                                            Х.НЯМБААТАР                                                           Э.БАТБАЯР

 

 

 

                             

 

 

 

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд,

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын

2021 оны 05 дугаар сарын 20-ны

А/116/65 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт

 

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ДЭГ САХИУЛАХ,

ШҮҮХ, ШҮҮГЧ, ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН, ШҮҮХ ХУРАЛДААНД

ОРОЛЦОГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шүүх, шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, шүүх хуралдааны дэг сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах ажиллагааг энэ журмаар зохицуулна.

1.2.Энэ журмын 1.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Цагдаагийн албаны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, энэ журмыг баримтална.

1.3.Шүүх, цагдаагийн байгууллага энэ журмын 1.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд онцгой нөхцөл байдал үүссэн үед хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна.

1.4.Шүүхийн тамгын газар, цагдаагийн байгууллагатай хамтран шүүхийн үйл ажиллагаанд аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийнэ. Эрсдэлийн үнэлгээ хийх журам, аргачлалыг Шүүхийн ерөнхий зөвлөл батална.

1.5.Цагдаагийн байгууллага нь шүүх хуралдааны дэг сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий мэргэшсэн нэгжтэй байна.

 

Хоёр.Шүүх, шүүхийн барилга байгууламжийн 

аюулгүй байдлыг хамгаалах

 

2.1.Бүх шатны шүүхийн байнгын болон нүүдэллэн ажиллах байр, шүүхийн захиргааны байр, шүүхийн тусгай архивын байр болон шүүхийн барилга байгууламжийн харуул хамгаалалтыг цагдаагийн байгууллага бүрэн хариуцаж, шүүхийн аюулгүй байдлыг хангах ажиллагааг холбогдох хууль тогтоомж, энэ журамд заасны дагуу гүйцэтгэнэ.

2.2.Цагдаагийн байгууллага нь шүүх, шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.2.1.шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдал, хамгаалалтыг хариуцах, шүүхийн байранд иргэдийг нэвтрүүлэх хөдөлгөөнд нь хяналт тавих үүрэг бүхий шүүхийн байрны харуулын цагдааг томилон, үйл ажиллагаанд нь өдөр тутмын хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангах;

2.2.2.шүүх, шүүхийн барилга байгууламжийг 24 цагаар харуул хамгаалалтад байхаар зохион байгуулж, харуулын цагдаагийн ажиллах дэг горимыг тогтоох;

2.2.3.шүүхийн харуулын цагдаагийн өдөр тутмын ажил хүлээлцэх, тусгай хэрэгсэл, эд зүйл хүлээлцэх, үүрэг гүйцэтгэлийн байдалд байнгын хяналт тавьж ажиллах;

2.2.4.шүүхийн харуулын цагдаагаас хууль тогтоомж, энэ журамд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийг шаардах, дотоод хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг шалгах, арилгах арга хэмжээг зохион байгуулах;

2.2.5.шүүх хуралдааныг өөр газар явуулах /цагдан хорих байр, нүүдэллэн ажиллах г.м/ болон “Сахилгын хороо”-ны хуралдаанд шүүгч оролцох үеийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг шүүхийн тамгын газартай хамтран зохион байгуулах;

2.2.6.ажлын ачаалал үүссэн тохиолдолд шүүхийн харуулын цагдааг нэмж томилох, нэмэлт хүч авах;

2.2.7.шүүх болон түүний гадна орчинд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, гэнэтийн халдлага гарах, шүүгч, гэрч, хохирогчийн амь биед халдах, барьцаалах, шүүхийн байр руу дайрах, бүслэх, үйл ажиллагааг тасалдуулахыг оролдох, галдан шатаах, шүүхийн байрны орчимд замын хөдөлгөөн хаах зэрэг иргэд, байгууллагын зүгээс учруулж буй аливаа хууль бус үйлдлийн улмаас шүүхийн шүүн таслах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй, мөн үйл ажиллагаанд нь саад учруулсан буюу учруулахаар оролдсон онцгой нөхцөл үүссэн тохиолдолд учрах эрсдэл, аюулыг зайлуулах, түүний хохирлыг багасгах талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, шүүхийн байрыг хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад авах;

2.2.8.шүүхийн тамгын газартай хамтарч ажиллах чиглэлээр харилцан санал солилцож, хариу мэдэгдэх;

2.3.Шүүх, шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэг гүйцэтгэж буй хамгаалалтын офицер, хамгаалалтын болон харуулын цагдаа /цаашид “цагдаагийн алба хаагч” гэх/ дараах үүрэг гүйцэтгэнэ:

2.3.1.шүүхийн байранд нэвтрэх иргэдийн биеийн байцаалт, холбогдох баримт бичгийг шалгаж, бүртгэн оруулахдаа шатах, тослох, тэсэрч дэлбэрэх материал, хорт бодис, зэвсгийн чанартай эд зүйлс байгаа эсэх, гадаад төрх, биеэ авч яваа байдлаараа сэжиг бүхий этгээд, согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэсэн этгээдийн бие, эд зүйлд үзлэг хийх, согтуурлын зэрэг тогтоох багаж /драгер/-аар шалгаж согтуурлын зэрэг нь 0.20-с дээш байгаа тохиолдолд шүүх хуралдаанд оруулахгүй, шүүхээр үйлчлүүлэхгүй байх арга хэмжээ авах;

2.3.2.тухайн шүүхийн байрны барилгын бүтэц, онцлог, зохион байгуулалтын талаар болон техник хэрэгсэл ажиллуулах мэдлэгтэй байж аливаа эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд шүүхийн тамгын газар, хамгаалалтын офицерт нэн даруй мэдэгдэнэ. Хамгаалалтын офицер гэж шүүх, шүүгч, шүүх хуралдаанд оролцогч, шүүхийн барилга, байгууламжийн аюулгүй байдлыг хангах, шүүх хуралдааны дэг сахиулах, хуяглан хүргэх, албадан ирүүлэх, учирч болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хамгаалалтын болон харуулын цагдааг мэргэжлийн удирдлагаар шууд удирдан зохион байгуулах үүрэг бүхий цагдаагийн алба хаагчийг ойлгоно.

2.3.3.нээлттэй шүүх хуралдааныг сонирхогч этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг тухайн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас урьдчилан өгсөн нэрсийн жагсаалтын дагуу тулган шалгаж, дотогш нэвтрүүлэх;

2.3.4.шүүх хуралдаанд оролцогч болон сонирхогч этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид шүүхийн байранд энэхүү журмаар /дуу, дүрсний бичлэг хийх, дуу чимээ гаргах, чанга ярих, хашхирах, хөгжмийн хэрэгсэл ажиллуулах, хог хаях, эд зүйл эвдлэх, гэмтээх, зарлал, мэдээлэл наах, зураг зурах, дайрч орох, хууль бус аргаар нэвтрэх, бусад зөрчил г.м/ хориглосон үйлдэл гаргуулахгүй байх, таслан зогсоох арга хэмжээг авах, шүүхийн эзэмшлийн нутаг дэвсгэрт шүүх хуралдаантай холбогдуулан жагсаал, цуглаан, аливаа арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг шаардах, таслан зогсоох арга хэмжээ авч зөрчил, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг нутаг дэвсгэрийн харьяаллаар цагдаагийн газар, хэлтэст шилжүүлэх;

2.3.5.шүүхийн байранд үүрэг гүйцэтгэхдээ шүүхийн дотоод дэг журам, хөдөлмөр хамгааллын болон галын аюулгүй байдлын дүрэм, зааврыг чанд мөрдөж ажиллах.

2.4.Шүүхийн барилга байгууламжийг хамгаалах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангахдаа харуулын цагдаа дараах эрх эдэлнэ:

2.4.1.хамгаалалтын үүрэг гүйцэтгэхтэй холбоотой шаардлагатай мэдээллийг шүүхийн тамгын газраас гаргуулан авах;

2.4.2.шүүгч, ажилтан, шүүхэд нэвтэрч буй бусад этгээдээс шүүхийн дотоод дэг журмыг дагаж мөрдөхийг шаардах;

2.4.3.шүүхийн барилга, байгууламжийн хамгаалалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах ажлын байр, орчин нөхцөлийг бүрдүүлэх тухай санал гаргаж, шийдвэрлүүлэх.

2.5.Шүүхийн байрны аюулгүй байдлыг хангах зорилгоор хамгаалалтын бүсийг эрх бүхий байгууллагаас олгосон газрын кадастрын зураглал, газрыг тогтоосон хашаа болон бусад тэмдэглэгээгээр шүүхийн тамгын газар баталгаажуулна. Хамгаалалтын бүс, түүний аюулгүй байдлыг хангах ажлыг Цагдаагийн байгууллага, Шүүхийн тамгын газартай хамтран зохион байгуулна. Шүүхийн аюулгүй байдал гэдэгт шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдал, шүүх хуралдааны дэг сахиулах, шүүхийн харуул хамгаалалт, барилга байгууламж, түүний орчны аюулгүй байдлыг хангахыг ойлгоно.

2.6.Шүүхийн байранд шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах, аюулгүй байдлыг хангахад шаардагдах техник хэрэгсэл /дохиолол, холбооны болон гал унтраах хэрэгсэл, хяналтын камер, металл илрүүлэгч хаалга, гар металл илрүүлэгч, ачаа тээш шалгах рентген төхөөрөмж г.м/ -ээр хангах ажлыг цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн Шүүхийн төсөвт тусгуулж, зохион байгуулах чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл хариуцна.

2.7.Ачаа тээш шалгах рентген төхөөрөмжид сэжигтэй дүрс илрэх болон дуут дохиогоор мэдээлэл өгвөл харуулын цагдаа нарийвчилсан үзлэгийг биечлэн, эсхүл гар металл хайгчаар хийж, ноцтой зөрчил /галт зэвсэг, галт хэрэглэл, зэвсгийн чанартай эд зүйл, тэсэрч дэлбэрэх болон химийн хорт бодис, түргэн шатамхай шингэн г.м/ илэрсэн тохиолдолд түр саатуулж шүүхийн тамгын газар, хамгаалалтын офицер, нэгжийн даргадаа нэн даруй мэдэгдэнэ.

2.8.Шүүхийн байрны үүдний хэсэгт ачаа тээш түр хадгалах хайрцаг бүхий төмөр шүүгээ байрлуулж, иргэд түүнд гар цүнх, бусад овор ихтэй эд зүйлсээ хадгалуулан дотогш нэвтэрнэ. Шүүхийн байранд нэвтрэгсэд нь биеийн байцаалт, баримт бичгээ харуулын цагдаад шалгуулж, бүртгүүлэн дотогш нэвтрэх бөгөөд гар тээш, сав, баглаа боодол, бусад зүйлд шаардлагатай гэж үзвэл харуулын цагдаа үзлэг хийнэ. Шүүгч, шүүхийн ажилтнуудаас бусад этгээд нэвтэрч байгаа тохиолдолд энгэрийн зүүлт зүүлгэнэ.

2.9.Шүүхийн серверийн өрөө, хэргийн эд мөрийн баримт хадгалах өрөө, архивын өрөөнүүд нь галын аюулгүй байдал, архивын баримт бичгийн хадгалалт хамгаалалтын аюулгүй байдлын стандартын дагуу тоноглогдсон байна. Дээрх өрөөнүүдийг Шүүхийн тамгын газрын холбогдох ажилтан ажлын цаг дууссаны дараа түгжин, лацдаж, лац хүлээлцсэн тухай бүртгэл үйлдэн харуулын цагдаад хүлээлгэн өгнө.

2.10.Шүүхээр үйлчлүүлж байгаа иргэнээс хүн, малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн үед эрх бүхий байгууллагын шийдвэр гарах хүртэл хугацаанд тухайн шүүхээс тусгаарлах байранд тусгаарлах арга хэмжээ авна.

2.11.Шүүхийн байрны нэгдүгээр давхар, шүүх хуралдааны танхим, яллагдагч, шүүгдэгч, ялтныг тусгаарлах өрөө, хонгил, шат хоорондын цонх дотроосоо онгойх цоожтой төмөр хаалттай байх ба түлхүүрийг харуулын цагдаа хадгална.

2.12.Шүүгчийн өрөө, шүүх хуралдааны танхим, зөвлөлдөх тасалгаа дуу чимээ нэвтрэхээс хязгаарласан 2 давхар хаалгатай байна. Мөн шүүгч, шүүхийн ажилтан орох, гарах тусгай хаалгатай байж болно.

2.13.Шүүх хуралдааны танхим дахь шүүгдэгчийн суух хэсгийг 200х80 см харьцаатай хаалга бүхий 220 см хүртэл өндөр, яллагдагч, шүүгдэгч, ялтны бие харагдах, яриа сонсогдох зай завсартай, сум нэвтэрдэггүй шилэн материалаар хийгдсэн хаалттай байж болно.

2.14.Шүүх хуралдааны танхим, шүүгчийн өрөө, яллагдагч, шүүгдэгч, ялтныг тусгаарлах өрөөнд аюулын дохио өгөх тусгай төхөөрөмж суурилуулна. Яллагдагч, шүүгдэгч, ялтныг тусгаарлах өрөөнд хяналтын камер суурилуулсан байх бөгөөд сандал нь шаланд хөдөлгөөнгүй бэхлэгдсэн байна.

2.15.Шүүх хуралдааны танхимд шүүгч, шүүх бүрэлдэхүүн, улсын яллагч, өмгөөлөгч болон хэргийн оролцогч, зохигчийг тус тусын хаалгаар орох, гарах нөхцөлөөр хангасан байх бөгөөд шүүх бүрэлдэхүүний индрийн хэсгийг шүүх хуралдаанд оролцогчдын сууж буй хэсгээс 150 см-ээс доошгүй өндөртэй хаалтаар тусгаарлахаас гадна танхимд үүрэн утасны сүлжээ сарниулагч байрлуулна.

2.16.Шүүгч, шүүхийн ажилтан, хэргийн оролцогч, зохигч бусад оролцогчийг шаардлагатай тохиолдолд ослын болон нөөц хаалгаар оруулж, гаргана. Тухайн шүүхийн тамгын газрын даргын болон хамгаалалтын офицерын зөвшөөрснөөс бусад тохиолдолд ослын болон нөөц хаалгаар аливаа этгээд болон эд зүйлс оруулж, гаргахыг хориглоно.

2.17.Шүүгч, шүүхийн ажилтан амралтын болон нийтээр тэмдэглэх баярын өдөр ажиллахаар бол энэ талаар тамгын газраас харуулын цагдаад урьдчилан мэдэгдэж, тэдгээрийн нэрсийн жагсаалтыг хүргүүлнэ.

2.18.Шүүхийн байранд холбооны хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж, барилгын засвар, үйлчилгээг ажлын бус цагаар гүйцэтгэхдээ тухайн байгууллага, аж ахуйн нэгжээс ажиллах хүмүүсийн нэрс, цагийн хуваарийг шүүхийн тамгын газар, харуулын цагдаад урьдчилан өгсөн байна.

2.19.Шүүхэд аливаа эд зүйл, техник хэрэгслийг оруулж, гаргах тухай холбогдох байгууллага, албан тушаалтны албан бичиг, зөвшөөрлийн хуудсыг үндэслэн харуулын цагдаа тоо ширхэг, дугаарыг бүртгэлтэй нь тулган шалгаж, энэ тухай бүртгэлийн дэвтэрт тэмдэглэнэ.

2.20.Цагдаагийн байгууллага нь шүүхийн барилга байгууламж болон түүний гадна орчинд аюулт үзэгдэл, гамшиг үүссэн үед ажиллах төлөвлөгөөг баталж, шүүхийн тамгын газар, онцгой байдлын алба болон холбогдох бусад байгууллагатай баталсан төлөвлөгөөний дагуу дадлага сургуулилтыг тодорхой хугацаанд хийж, бэлэн байдлыг хангана.

2.21.Шүүхийн байрны хамгаалалтад үүрэг гүйцэтгэсэн тухай дэлгэрэнгүй илтгэх хуудас бичих дэвтэртэй байна. Энэ дэвтэрт ажиллах үед болсон үйл явдал шүүх хуралдааны явц, нөхцөл байдал, анхаарал татсан зүйл, гарсан зөрчил дутагдал, саналыг тодорхой тусгаж өгнө. Ээлж хүлээлцэх үедээ илтгэх хуудсаа дараагийн ээлжийн харуулын цагдаа, хамгаалалтын офицерт танилцуулах бөгөөд хамгаалалтын офицер анхаарах асуудлыг шүүхийн тамгын газрын даргад мэдээлнэ.

2.22.Харуулын цагдаа галт зэвсэг, тусгай хэрэгсэл, техник тоног, төхөөрөмж, холбооны хэрэгсэл хүлээлцсэн, барилга байгууламж шалгасан, эд зүйлийн бүтэн байдал, лац, тэмдэг хүлээн авсан, гаднаас орсон, гадагш гаргасан эд зүйлийн талаарх бүртгэл хөтөлнө.

2.23.Цагдаагийн байгууллага шүүхийн байр, хамгаалалтын бүсийн талаарх судалгаа, зураглалтай байна.

2.24.Цагдаагийн алба хаагч нь шүүх, шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэг гүйцэтгэх үедээ дараах зүйлийг хориглоно:

2.24.1.төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс ирүүлсэн аливаа шуудан, илгээмж, албан бичиг, өргөдөл, урилга, мэндчилгээ, дурсгалын болон бусад зүйлсийг хүлээн авах, түүнийг шүүгч, ажилтанд дамжуулан өгөх;

2.24.2.ажлын байранд өөрт хариуцуулан олгосон тусгай хэрэгсэл, галт зэвсгийг ил орхих, бусдад шилжүүлэх, ажлын байрнаас гадуур авч явах, зориулалтын бусаар ашиглах, хадгалах, зэвсгийн чанартайгаар хэрэглэж болохуйц, галын аюултай эд болон шингэн зүйлийг ил тавих, хяналтгүй орхих;

2.24.3.шүүхийн байр, шүүх хуралдааны танхимын зохион байгуулалт, шүүн таслах болон бусад үйл ажиллагаа, шүүх хуралдааны зар, шүүхийн бүтэц, зохион байгуулалтын талаарх аливаа мэдээлэл, шүүгч, ажилтнуудын утас /ажил, гэр, гар/, тээврийн хэрэгслийн дугаар, гэрийн хаягийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хэргийн оролцогчид, бусад этгээдэд мэдээлэх;

2.24.4.хамгаалж байгаа байр, объект, пост, хэсгийг орхиж явах, шүүх хуралдааны дэг сахиулж буй алба хаагчид хариуцуулан орхих;

2.24.5.үүрэг гүйцэтгэж байх үедээ унтах, байгууллагын утсаар болон үүрэн холбооны утсаар ажил үүрэгт холбогдолгүй зүйлийг бусадтай ярих;

2.24.6.албан үүрэг гүйцэтгэж байгаагаас бусад үед шүүхийн байрны өрөө тасалгаа, танхим, агуулах, автомашины зогсоолд дур мэдэн нэвтрэх, тэдгээрийг албаны бус зорилгоор ашиглах, эд зүйлийг хувьдаа завших, хэрэглэх.

2.25.Шүүхийн тамгын газар шүүхийн харуул, хамгаалалттай холбогдуулан дараах  эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

2.25.1.цагдаагийн алба хаагчаас хууль тогтоомж, энэ журамд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийг шаардах, хэрэгжилтэд хяналт тавих;

2.25.2.цагдаагийн алба хаагчийг шагнаж, урамшуулах болон сахилгын зөрчлийн талаар шууд удирдах байгууллагад санал өгөх;

2.25.3.шүүхийн байр, шүүх хуралдааны танхимын зохион байгуулалт, онцлог, гадна орчны талаарх мэдээллээр цагдаагийн алба хаагч /офицер, ахлагч/-ийг хангах;

2.25.4.шаардлага хангасан техник хэрэгсэл суурилуулж, тэдгээрийг ажиллуулах техникийн нөхцөлийг бүрдүүлэх, онцгой нөхцөлд ажиллах ажилтнуудын нэрс, ажлын зааврыг баталж, харуулын цагдаа болон шүүгч, ажилтнуудад урьдчилан танилцуулах;

2.25.5.хуулийн хүрээнд цагдаагийн алба хаагчаас ажиллах нөхцөлөө хангуулах, зөрчил дутагдлын үр дагаврыг арилгуулах, түүнээс урьдчилан сэргийлэх талаар гаргасан санал хүсэлтийг хүлээн авч, холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулах, энэ талаар цагдаагийн байгууллагын удирдлагад мэдээлэх;

2.25.6.тухайн шүүхэд сахилга хариуцлага, дэг журам, сонор сэрэмжийг дээшлүүлэх зорилгоор нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүр, эргүүлийг шүүгч, ажилтнаас томилон ажиллуулах, тэдгээрт хяналт тавих;

2.25.7.архивын болон хэргийн эд мөрийн баримт хадгалах өрөө, тасалгааг түгжиж, лацдаж бүртгэлээр хүлээлцэх болон бусад өрөө тасалгааг түгжиж, лацдаж, харуулын цагдаад хүлээлгэн өгөх ажилд хяналт тавих;

2.25.8.шүүх нь шүүх хуралдааны товыг долоо хоног бүрийн “Пүрэв” гарагийн ажлын цаг дуусахаас өмнө, товд тусгагдаагүй шүүх хуралдааны мэдээллийг тухайн шүүхэд томилогдон ажиллаж байгаа цагдаагийн эрх бүхий албан тушаалтанд бичгээр эсхүл цахим шуудангаар тухай бүр хүргүүлнэ;

2.25.9.шүүхийн тамгын газрын дарга, ажилтнаас цагдаагийн алба хаагчийг хууль, энэ журамд заагдаагүй ажил үүрэг гүйцэтгүүлэх, албан шаардлага, хүсэлт гаргахыг хориглоно.

2.25.10.цагдаагийн албан хаагч нь шүүхээр үйлчлүүлж буй иргэдтэй адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харьцаж, тэдний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн харилцаж буйд шүүхийн тамгын газар хяналт тавих.

2.25.11.тусгаарлах өрөөний аюулгүй байдал, эрүүл ахуйн хэвийн нөхцөлийг хангах.

2.26.Харуулын цагдаа шүүхийн хамгаалалтын бүсэд хавтаст хэрэгтэй богцны цоож, лацыг шалган хүлээлцэхэд аюулгүй байдлыг хангана. Шаардлагатай тохиолдолд шүүхийн тамгын газраас ирүүлсэн албан бичгийн дагуу цагдаагийн байгууллага хавтаст хэрэгтэй богцыг шүүх, шууданд хүргэх үеийн аюулгүй байдлыг хангах цагдаагийн алба хаагчийг томилж болно.

2.27.Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хариуцсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Цагдаагийн ерөнхий газрын холбогдох нэгжийн удирдлага, албан хаагчид энэ журмын хэрэгжилтийн талаар улирал бүр уулзалт зохион байгуулж, хамтарч ажиллана.

2.28.Цагдаагийн ерөнхий газар, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангаж ажилласан тухай мэдээллийг улирал бүрийн эхний 7 хоног болон дараа оны 01 дүгээр сарын 15-ны дотор Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ.

2.29.Цагдаагийн байгууллага, Шүүхийн тамгын газар нь жил бүрийн 01 дүгээр сарын 15-ны дотор хийх ажлын төлөвлөгөөг хамтран баталж, үр дүнгийн мэдээг харилцан солилцоно.

 

Гурав.Шүүх хуралдааны дэг сахиулах

 

3.1.Цагдаагийн байгууллага шүүх хуралдааны дэг сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, шүүн таслах ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

3.2.Шүүх хуралдааны дэг гэдэгт хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны үед шүүх хуралдааны танхимын аюулгүй байдлыг хангаж шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааны танхимд орж ирэх үеэс хуралдаан хааж, танхимаас гарах хүртэлх хугацаанд явагдаж байгаа хянан харгалзах журам сахиулахтай холбогдсон цогц ажиллагааг ойлгоно.

3.3.Шүүхийн тамгын газрын эрх бүхий ажилтны амаар болон бичгээр гаргасан хүсэлтийн дагуу ажлын цаг дууссанаас хойш шүүх хуралдаан зайлшгүй үргэлжлэх тохиолдолд болон олны анхаарал татсан, олон үйлдэл, оролцогчтой гэмт хэргийг шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг цагдаа, шүүхийн албан ажлын болон үйлчилгээний автомашинаар гэрт нь хүргэх ажлыг цагдаагийн байгууллага зохион байгуулна.

3.4.Шүүх хуралдааны дэг сахиулагч цагдаагийн алба хаагч нь тухайн өдрийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх хуралдааны танхим /нүүдэллэн ажиллах байр/-д орж, танхимын аюулгүй байдлыг шалгаж, шүүх бүрэлдэхүүн танхимд орж ирэхэд бэлэн байна.

3.5.Цагдаагийн алба хаагч нь шүүх хуралдааны үед хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдана.

3.6.Шүүх хуралдааны дэгийг сахиулах ажиллагаа нь шүүх хуралдааны дэг сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах ажиллагаагаар хязгаарлагдана.

3.7.Цагдаагийн алба хаагч нь шүүх хуралдааны танхимд шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг орж ирэх, гарч явах үед “Эрхэм шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг хүндэтгэн босохыг хүсье” гэж хэлнэ.

3.8.Шүүх хуралдаанд сэтгэцийн өвчтэй яллагдагч, шүүгдэгчийг оролцуулах үед тухайн шүүх сэтгэл зүйч, эмнэлгийн ажилтныг заавал байлцуулах арга хэмжээг авна.

3.9.Шүүх хуралдааны дэг сахиулах талаар хамгаалалтын офицер, хамгаалалтын цагдаа дараах ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.9.1.цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэгчээс хүлээн авч, яллагдагч, шүүгдэгч, ялтны хувийн байдлыг магадлан холбогдох бичиг баримттай нь тулган шалгах, бие, эд зүйлд нь үзлэг хийх;

3.9.2.шүүх хуралдааны явцад яллагдагч, шүүгдэгч, ялтанд эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай болсон тохиолдолд шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн мэргэжилтэн ирж үйлчлэх журам”-ын дагуу эмнэлгийн тусламж үзүүлэх;

3.9.3.шүүх хуралдаанд согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй байдалтай биеэ авч яваа этгээд, энэ тухай гомдол, мэдээлэл, шаардлага ирсэн тохиолдолд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг зориулалтын багаж, төхөөрөмж /нэг удаагийн сорилын тест, тандагч, согтуурлын зэрэг тогтоогч багаж /драгер/ г.м/ ашиглан шалгах;

3.9.4.холбогдох журмын дагуу үзлэг шалгалт хийсний дараа хамгаалалтын офицер, цагдаа яллагдагч, шүүгдэгч, ялтныг хүлээн авсан тухай тэмдэглэлд гарын үсэг зурж хүлээн авах;

3.9.5.шүүх хуралдааны танхимын аюулгүй байдлыг шалган, гарсан зөрчлийг арилгах талаар хуралдаан даргалагчид нэн даруй танилцуулж, шууд захирах хамгаалалтын офицерт мэдэгдэж холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх;

3.9.6.шүүх хуралдааны танхимд шүүгч, шүүх бүрэлдэхүүн орж ирэхээс өмнө шүүх хуралдаанд оролцогчдод хамгаалалтын офицер, цагдаа хуралдааны дэг сахих зөвлөмж өгөх ба уг зөвлөмжийг хуралдааны танхимын гадна байрлуулсан байх;

3.9.7.шүүх хуралдаанд оролцогчид болон хурлын танхимд ирсэн бусад хүмүүсийн биедээ авч яваа зүйлийг шалган галт зэвсэг болон зэвсгийн чанартай бусад эд зүйл илэрсэн тохиолдолд тэмдэглэл үйлдэн түр хураан авч, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад мэдэгдэн, хүлээлгэж өгөх;

3.9.8.цагдан хорих байрнаас шүүх хуралдаанд ирсэн яллагдагч, шүүгдэгч, шүүх хуралдааны явц, завсарлагааны үед зөвхөн цагдан хорих байрнаас ирүүлсэн хоолыг олгох ба аюулгүй байдлыг хангаж хяналт тавих,  шүүх хуралдааны дараа тусгаарлах өрөөнд байнгын хяналтад харгалзах;

3.9.9.цагдан хоригдсон яллагдагч, шүүгдэгч, ялтны гар, хөл, хурууны гав болон бусад тусгай хэрэгслийг тухайн хамгаалалтын офицерын зөвшөөрлөөр тайлж салгах;

3.9.10.шүүх хуралдааны явцад оролцогчдын зүгээс шүүгч, шүүх бүрэлдэхүүн рүү аюултай байдлаар халдсан, довтолсон бол уг үйлдлийг таслан зогсоох зорилгоор хуралдаан даргалагчийн шийдвэргүйгээр шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг түр танхимаас авч гарах.

3.9.11.шүүх хуралдаан бүрд хамгаалалтын цагдаа үүрэг гүйцэтгэх бөгөөд хэргийн олон оролцогчтой, олны анхаарал татсан хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны үед тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын албан хаагчийг нэмэлтээр авч ажиллуулж болно.

3.10.Хамгаалалтын офицер, цагдаа нь шүүх хуралдааны үед шүүх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг сахин хамгаалж, шүүх хуралдааны дэгийг зөрчсөн яллагдагч, шүүгдэгч, ялтан, бусад оролцогчийг шүүх хуралдаан даргалагчийн шийдвэрийн дагуу хуралдааны танхимаас гаргаж, уг үйлдлээ зогсоохыг сануулах, шаардлагатай тохиолдолд хүч хэрэглэн шүүхийн байрнаас гаргана.

3.11.Хамгаалалтын цагдаа гэж шүүх, шүүгч, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, шүүх хуралдааны дэг сахиулах, хуяглан хүргэх, албадан ирүүлэх, тусгаарлах өрөөнд яллагдагч, шүүгдэгч, ялтанг харгалзах үүрэг бүхий цагдаагийн алба хаагчийг ойлгоно.

3.12.Хамгаалалтын офицер, цагдаа нь яллагдагч, шүүгдэгч, ялтныг шүүх хуралдааны завсарлага болон шүүх хуралдаан дууссаны дараа дараах байдлаар тусгаарлах өрөөнд тусгаарлана:

3.12.1.насанд хүрээгүй яллагдагч, шүүгдэгч, ялтныг, насанд хүрсэн яллагдагч, шүүгдэгч, ялтнаас;

3.12.2.эмэгтэй яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэгтэй яллагдагч, шүүгдэгч, ялтнаас;

3.12.3.хүнд гэмт хэрэг үйлдсэн, олон удаагийн ял шийтгэлтэй яллагдагч, шүүгдэгч, ялтныг анх удаа гэмт хэрэг үйлдсэн яллагдагч, шүүгдэгч, ялтнаас;

3.12.4.нэг гэмт хэрэгт холбоотой яллагдагч, шүүгдэгч, ялтныг.

3.13.Шүүхэд хуяглан хүргэгдэж ирсэн яллагдагч, шүүгдэгч, ялтныг шүүх дэх тусгаарлах өрөөнд хамгаалалтын цагдаа хүлээн авч дор дурдсан ажиллагаа хийж, тухай бүрд бүртгэл хөтөлнө:

3.13.1.яллагдагч, шүүгдэгч, ялтны бие, эд зүйлд үзлэг, нэгжлэг хийж, тухайн этгээдийн зан, сэтгэл зүйн болон биеийн байдлын талаарх мэдээллийг тэмдэглэлд тусгана. Хориотой эд зүйл илэрсэн тохиолдолд гэрэл зургаар бэхжүүлэн эд зүйлсийг хураан авч, тэмдэглэл үйлдэн тухайн этгээдээр гарын үсэг зуруулж, хэргийг шийдвэрлэж буй шүүгчийн туслахад хүлээлгэн өгнө.

3.13.2.шүүх хуралдааны явцад таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдөж цагдан хоригдох болсон этгээдийг хүлээн авсан тухай тэмдэглэл хөтлөх бөгөөд тэмдэглэлд уг этгээдийг хорих болсон шалтгаан, цагдан хорих гэж байгаа газрын талаар түүний ар гэрийнхэн, төрөл төрөгсөд болон өмгөөлөгчид нь албан ёсоор мэдэгдсэн эсэх талаар тусгана.

3.13.3.тусгаарлах өрөөнд эмэгтэй яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэгтэйгээс, насанд хүрээгүй хүүхдийг бусад саатуулагчдаас тусад нь байрлуулна.

3.13.4.тусгаарлах өрөөнд яллагдагч, шүүгдэгч, ялтныг оруулах эсхүл гаргахдаа хамгаалалтын цагдаа аюулгүй байдлыг бүрэн хангана.

3.13.5.яллагдагч, шүүгдэгч, ялтныг шүүх хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцах, бие засах, шүүгчийн зөвшөөрлөөр өмгөөлөгч болон ар гэрийнхэнтэй уулзах, эмнэлгийн тусламж авах, хорих анги, урьдчилан хорих төв болон сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв рүү хуяглан хүргэхээс бусад тохиолдолд тусгаарлах өрөөнөөс гаргахыг хориглоно.

3.13.6.яллагдагч, шүүгдэгч, ялтныг тусгаарлах өрөөнөөс энэ журмын 3.13.5-д заасны дагуу гаргахдаа тэдгээрийг нэг, нэгээр нь гаргах ба эргэж ирмэгц тэдний биед үзлэг хийж, нэн даруй түр саатуулах өрөөнд оруулна.

3.13.7.тусгаарлах өрөөнд саатуулагдаж байгаа яллагдагч, шүүгдэгч, ялтантай хамгаалалтын цагдаа болон шүүхийн ажилтан хувийн харилцаа тогтоох, эд зүйл дамжуулахыг хориглоно.

3.13.8.тусгаарлах өрөөнд саатуулагдсан этгээдийн эрх, үүрэг болон хориглосон зүйлийн талаарх мэдээллийн самбарыг нүдэнд ил харагдах газар байрлуулсан байна.

3.14.Тусгаарлан харгалзаж байгаа яллагдагч, шүүгдэгч, ялтанг бусад этгээдтэй харилцах, аливаа эд зүйл дамжуулахгүй байх арга хэмжээг авна.

3.15.Шүүх хуралдааны явц, завсарлах, дуусах үед яллагдагч, шүүгдэгч, ялтныг өмгөөлөгчөөс бусад хүмүүстэй уулзуулах, эд зүйл дамжуулах, оруулахгүй байхад хяналт тавина.

3.16.Шүүх хуралдаан завсарлах, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орох үед хуралдаан даргалагч тусгайлан дэг тогтоогоогүй бол шүүх хуралдааны өмнө танилцуулсан дэгийг хамгаалалтын цагдаа үргэлжлүүлэн сахиулна.

3.17.Шүүх хуралдаан дууссаны дараа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч, ялтныг шүүх хуралдаан даргалагч шүүгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлтэйгөөр аюулгүй байдлыг хангасны дараа гэр бүл, төрөл садны хүнтэй уулзуулах бөгөөд уулзалтын хугацаа 10 минутаас хэтрэхгүй байна.

3.18.Хамгаалалтын офицер, цагдаа нь шүүх хуралдааны дараа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч, ялтан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэгчид энэ журамд заасны дагуу хүлээлгэн өгнө.

3.19.Энэ журмын 3.17-д заасан уулзалтын үеэр хууль тогтоомжоор хориглосон зүйл, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх аливаа мэдээлэл дамжуулахыг оролдсон тохиолдолд хамгаалалтын офицер, цагдаа уулзалтыг нэн даруй таслан зогсооно.

3.20.Яллагдагч, шүүгдэгч, ялтны амь нас, эрүүл мэндэд аюул тулгарсан, бусад этгээдийн зүгээс түүнд заналхийлсэн, довтолсон тохиолдолд хамгаалалтын офицер, цагдаа тухайн этгээдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авна.

3.21.Цагдаагийн алба хаагч нь шүүгч, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгсэл, галт зэвсгийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэглэнэ.

3.22.Шүүх хуралдааны явцад эсэргүүцэл үзүүлэх, эмх замбараагүй байдал үүсэж болзошгүй тохиолдолд  тухайн шүүх дэх хамгаалалтын офицер, цагдаа болон Шүүхийн тамгын газрын дарга нэмэлт хамгаалалт хийх санал гаргах бөгөөд хамгаалалтын арга хэмжээг цагдаагийн байгууллага зохион байгуулна.

3.23.Хамгаалалтын офицер, цагдаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч, ялтныг болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэгчид хүлээлгэн өгөх, хүлээн авах бүртгэлийг хөтөлнө.

3.24.Хамгаалалтын офицер, цагдаа нь эрүүгийн хэргийн шүүх хуралдааны дэг сахиулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1 дүгээр зүйлийн 3.3, 18.11 дүгээр зүйлийн 1, 34.20 дугаар зүйл, 35.3 дугаар зүйл, 35.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хуралдаан даргалагчийн шийдвэрийг биелүүлж ажиллана.

3.25.Хамгаалалтын офицер, цагдаа нь иргэний хэргийн шүүх хуралдааны дэг сахиулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 90.4, 102 дугаар зүйлийн 102.2, 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хуралдаан даргалагчийн шийдвэрийг биелүүлж ажиллана.

3.26.Хамгаалалтын офицер, цагдаа нь захиргааны хэргийн шүүх хуралдааны дэг сахиулахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 82 дугаар зүйлийн 82.1, 82.2, 82.3, 82.4, 93 дугаар зүйлийн 93.2, 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасныг биелүүлж ажиллана.

3.27.Шүүх хуралдаан дууссаны дараа хамгаалалтын офицер, цагдаа тэмдэглэл хөтөлнө.

3.28.Шүүх хурлын явцад хэвлэл мэдээллийн байгууллагыг оролцуулах, гэрэл зураг авах, дуу, дүрсний бичлэг хийх эсэхийг шүүх хуралдаан даргалагч шийдвэрлэнэ.

3.29.Хаалттай шүүх хуралдаанд оролцогчдын гар утас, дуу, дуу дүрсний бичлэг хийх төхөөрөмж зэргийг дэг сахиулагч унтраалган, хураан авч, шүүх хуралдаан дууссаны дараа буцаан олгоно.

3.30.Шүүх хуралдаан дууссаны дараа танхимаас оролцогчдыг гаргах, цагдан хоригдсон болон хорих ял шийтгүүлсэн этгээдийг хуяглан хүргэх чиг үүрэг бүхий алба хаагчид хүлээлгэн өгнө.

3.31.Цагдаагийн алба хаагч шүүх хуралдааны дэг сахиулах үед дараах зүйлийг хориглоно:

3.31.1.шүүхийн дотоод үйл ажиллагаатай холбоотой ажил үүрэг гүйцэтгэх;

3.31.2.албаны техник хэрэгслийг хувийн зорилгоор ашиглах;

3.31.3.шүүн таслах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг задруулах;

3.31.4.яллагдагч, шүүгдэгч, ялтанг хяналтгүй орхих;

3.31.5.холбогдох албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр гар, хөл, хурууны гав, бусад тусгай хэрэгслийг тайлах, салгах;

3.31.6.яллагдагч, шүүгдэгч, ялтан нартай хувийн харьцаа тогтоох.

3.32.Шүүх хуралдааны дараа хорих ялаар шийтгүүлсэн шүүгдэгч, ялтанг гэр бүлийн хүмүүстэй уулзуулах үед дараах эд зүйл дамжуулахыг хориглоно:

3.32.1.өөрийн бие, эрүүл мэндэд хохирол, гэмтэл учруулах буюу бусдын эсрэг зэвсгийн чанартай ашиглаж болох эд зүйл;

3.32.2.согтууруулах, мансууруулах үйлчилгээ бүхий бүх төрлийн ундаа, бодис;

3.32.3.мөнгөн дэвсгэрт;

3.32.4.зөвшөөрөлгүй эм, эмийн бүтээгдэхүүн;

3.32.5.гар утас болон бусад холбооны төхөөрөмж;

3.32.6.хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан ном хэвлэл, бичлэг;

3.32.7.гэрэл зургийн болон дуу, дуу дүрс бичлэгийн техник хэрэгсэл;

3.32.8.хоол, хүнсний бүтээгдэхүүн.

 

Дөрөв.Шүүгч, шүүх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангах

 

4.1.Шүүгч, шүүх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг цагдаагийн байгууллага хариуцна.

4.2.Хамгаалалтын арга хэмжээнд дараах шаардлага, нөхцөлийг харгалзана:

4.2.1.хамгаалалтын арга хэмжээ нь хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, эрүүл мэнд, аюулгүй байдалд харшлахгүй байх;

4.2.2.хамгаалалтын арга хэмжээний нэр, төрөл, нууцлалын нөхцөл, шуурхай байдал;

4.2.3.хамгаалалтын арга хэмжээ нь хууль сахиулах байгууллага, төрийн болон иргэний нийгмийн байгууллага, иргэдтэй харилцахдаа саад учруулахгүй, аюулгүй байдлыг хангасан байх;

4.2.4.хамгаалалтын арга хэмжээний гэрээ, төлөвлөгөөтэй байх;

4.3.Шүүн таслах ажиллагаатай холбогдуулан шүүгч, шүүх бүрэлдэхүүн, тэдгээрийн гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан, эсхүл учирч болзошгүй бодит нөхцөл байдал үүсвэл шүүгч өөрийгөө болон гэр бүлийн гишүүн, эд хөрөнгөө хамгаалалтад авхуулах тухай хүсэлтээ шүүхийн тамгын газар болон цагдаагийн байгууллагад амаар, эсхүл бичгээр гаргана.

4.4.Улаанбаатар хотод цагдаагийн төв байгууллагын дарга, орон нутагт нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын дарга хүсэлтийг хүлээн авч нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, шаардлагатай гэж үзвэл хамгаалалтын арга хэмжээг нэн даруй зохион байгуулахаас гадна мэдээллийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлнэ. 

4.5.Цагдаагийн байгууллага хамгаалалтад авах шийдвэр гарсны дараа энэ тухай шүүгчид мэдэгдэж, хамгаалалтад авах тухай гэрээ байгуулж, үйл ажиллагааны талаар төлөвлөгөөг боловсруулан нэгжийн даргаар батлуулна. Гэрээнд дараах зүйлийг тусгана:

4.5.1.гэрээний үндсэн нөхцөл, талуудын эрх, үүрэг;

4.5.2.хамгаалалтын хамрах хүрээ, чиглэл, хугацаа;

4.5.3.хамгаалагчийн тоо, хамгаалагчийн гүйцэтгэх ажил, үүрэг, ашиглах техник, тусгай хэрэгсэл;

4.5.4.хамгаалалтын арга хэмжээний хугацааг сунгах, зогсоох нөхцөлийг дэлгэрэнгүй тусгах.

4.6.Шүүгч, шүүх бүрэлдэхүүний аюулгүй байдлын хамгаалалтыг биечлэн дагах хэлбэрээр зохион байгуулна.

4.7.Цагдаагийн алба хаагч нь шүүгч, шүүх бүрэлдэхүүн, тэдгээрийн гэр бүлийн гишүүний аюулгүй байдлыг хангах зорилгоор биеийн хүч, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, галт зэвсгийг хууль тогтоомжид заасан журмын дагуу хэрэглэнэ.

4.8.Хамгаалалтад авах шүүгч, шүүх бүрэлдэхүүнд ажлын байранд учирч болох аюул, эрсдэлийг тооцож мэдэгдэх, урьдчилан сэргийлэх, хамгаалалтын арга хэмжээний дэг горимыг мөрдөх сургалт явуулна.

4.9.Шүүхийн тамгын газар цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хамгаалалтад байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангах зорилгоор шүүхэд нэвтрэх ажилтнуудын картын нууцлалыг тухай бүр солих, шүүгч, шүүхийн ажилтны өрөө, шүүхийн барилга байгууламжид нэвтрэх, гарах хэсэг, эвлэрүүлэн зуучлах хэсэг, авто машины ил, далд зогсоол, лифт, коридор, уулзалтын өрөө зэргийг хамгаалалтын дохиолол, камерын хяналтад авах ажлыг зохион байгуулна.

4.10.Цагдаагийн байгууллага хамгаалалтыг зогсоохдоо тухайн шүүгч, шүүхийн тамгын газартай зөвшилцөнө.

4.11.Шүүгч хамгаалалтын талаар мэдээлэл авах эрхтэй бөгөөд хамгаалалтыг хэрэгжүүлж буй цагдаагийн алба хаагч хууль бус шийдвэр, үйлдэл гаргасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтанд гомдол, хүсэлт гаргах эрхтэй.

4.12.Заналхийлэл болон бодит аюул занал таслан зогсоогдсон эсхүл арилсан нь бүрэн тогтоогдохоос өмнө хамгаалуулахаас татгалзвал үүнээс учирч болох эрсдэлийг шүүгч өөрөө бүрэн хариуцна.

4.13.Хамгаалалтад байгаа шүүгчийн хамгаалалттай холбогдон тавьсан хууль ёсны хүсэлт, шаардлагыг цагдаагийн алба хаагч биелүүлэх үүрэгтэй.

 

/Энэ бүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 28-ны А/301/186 дугаар хамтарсан тушаалаар хүчингүй болгосон./

 

 

---оОо---

no
 
 
Судалгааны сан