Үндсэн агуулга руу шилжих

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

THE JUDICIAL GENERAL COUNCIL OF MONGOLIA

 
  Хэвлэх
 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА,

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН,

ХАМТАРСАН ТУШААЛ

 

2021 оны 12 дугаар                                                                                                                           Дугаар А/301,186                                                                                       Улаанбаатар  

сарын 28-ны өдөр                                                                                                                                                                                                                                                          хот

 

 

Журам батлах тухай

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

 

1.”Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн үед хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

 

2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлт, үр дүнг тооцож ажиллахыг  Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай.

 

3.Тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/116, 65 дугаартай хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан ”Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын 4 дүгээр бүлгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                                                                                                     ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ                                           ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД

                                                                                                                       ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                                                ХЭРГИЙН САЙД

 

 

 

 

                                                                                                           Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ                                                    Х.НЯМБААТАР                                                        

 

 

 

 

 

 

 

 

   Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга,

Хууль зүй, дотоод хэргийн сайдын,

2021 оны 12 дугаар сарын 28-ны

А/301,186 дугаар хамтарсан

тушаалын хавсралт

 

ШҮҮГЧ, ТҮҮНИЙ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭД АЮУЛ ЗАНАЛ УЧРАХ НӨХЦӨЛ ҮҮССЭН ҮЕД ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ

 

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.1.Энэ журмын зорилго нь шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн үед таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Энэ журам нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна.

1.3.Шүүгч, түүний гэр бүлийн гишүүнийг хамгаалахад дараах зарчмыг баримтална:

            1.3.1.хүний эрхийг дээдлэх;

            1.3.2.хууль дээдлэх;

1.3.3.нууцлалыг хамгаалах;

1.3.4.шуурхай байх;

1.3.5.хамтран ажиллах.

            1.4.Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

                        1.4.1.”шүүгч” гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 3.1.3-т заасныг;

                        1.4.2.”гэр бүлийн гишүүн” гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасныг.

1.5.Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн үед хамгаалах ажиллагааг цагдаагийн байгууллага хариуцна.

1.6.Шүүгч, түүний гэр бүлийн гишүүнийг хамгаалахад шаардагдах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.


ХОЁР.ШҮҮГЧ, ТҮҮНИЙ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАЛТАД АВАХ ХҮСЭЛТ ГАРГАХ, ШИЙДВЭРЛЭХ

 

2.1.Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн, эсхүл аюул занал учирсан бол Цагдаагийн байгууллага /оршин суугаа, зорчиж буй, ажиллаж байгаа газрын харьяалах нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, түүний харьяа алба, нэгж, алба хаагч/-д утсаар болон биечлэн нэн даруй мэдэгдэнэ.

2.2.Цагдаагийн байгууллага шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн, эсхүл аюул занал учирсан талаар мэдээлэл авсан бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тухайн аюул, заналыг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээг даруй зохион байгуулна.

2.3.Шүүгч, түүний гэр бүлийн гишүүн нь энэ журамд заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ авхуулах хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргаж хүргүүлнэ. Албан томилолтоор болон бусад байдлаар оршин суугаа нутаг дэвсгэрээсээ өөр нутаг дэвсгэрт зорчиж байгаа тохиолдолд өөрөө хүсвэл тухайн нутаг дэвсгэрийн Шүүхийн тамгын газраар дамжуулан хүсэлтээ хүргүүлж болно. Хүсэлтийг дараах хэлбэрээр хүргүүлнэ:

            2.3.1.биеэр; 

2.3.2.утсаар;

            2.3.3.цахим шуудангаар;

2.3.4.бусад.  

2.4.Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчийн хараат бус, аюулгүй байдал хариуцсан нэгж нь шүүгч, түүний гэр бүлийн гишүүний гаргасан хүсэлтийг Цагдаагийн төв байгууллагад нэн даруй хүргүүлнэ.

2.5.Цагдаагийн төв байгууллага /эрх бүхий албан тушаалтан/ нь шүүгч, түүний гэр бүлийн гишүүнийг хамгаалалтад авах эсэх шийдвэрийг гаргахдаа дараах нөхцөлийг харгалзан үзнэ:

2.5.1.шүүгч, түүний гэр бүлийн гишүүний аюулгүй байдалд учирч болох эрсдэл;

2.5.2.хамгаалалтад авснаар олон нийтэд учирч болох эрсдэл;

2.5.3.шүүгч, түүний гэр бүлийн гишүүний өгсөн, өгөхөөр зөвшөөрсөн мэдээлэл, нотлох баримтын ач холбогдол;

2.5.4.нөхцөл байдлын үнэлгээ, аюулын эрсдэлийн түвшин;

2.5.5.хамгаалалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардал;

2.5.6.хамгаалах арга хэмжээ хэрэглэх эсэхийг тодорхойлох сэтгэл зүйн сорилын үр дүн;

2.5.7.бусад нөхцөл.

            2.6.Цагдаагийн төв байгууллага /эрх бүхий албан тушаалтан/ нь хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх эсэх тухай шийдвэрээ Шүүхийн ерөнхий зөвлөлд даруй мэдэгдэнэ.

2.7.Хамгаалалтад авах тухай шийдвэр гарсан бол цагдаагийн байгууллага хамгаалалтын арга хэмжээг нэн даруй зохион байгуулж, энэ тухай шүүгч, түүний гэр бүлийн гишүүнд мэдэгдэж, хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх тухай гэрээ байгуулж, үйл ажиллагааны талаар төлөвлөгөөг боловсруулан тусгай албаны даргаар батлуулна. Гэрээнд дараах зүйлийг тусгана:

2.7.1.гэрээний үндсэн нөхцөл, талуудын эрх, үүрэг;

2.7.2.хамгаалалтын хамрах хүрээ, чиглэл, хугацаа;

2.7.3.хамгаалагчийн тоо, хамгаалагчийн гүйцэтгэх ажил, үүрэг, ашиглах техник, тусгай хэрэгсэл;

2.7.4.хамгаалалтын арга хэмжээний хугацааг сунгах, зогсоох нөхцөлийг тодорхой тусгах.

2.8.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх гэрээг дараах үндэслэлээр цуцална:

2.8.1.шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд учирсан аюул занал, эсхүл аюул занал учрах нөхцөл байдал арилсан;

2.8.2.шүүгч, түүний гэр бүлийн гишүүн хамгаалуулахаас татгалзах хүсэлтээ бичгээр гаргасан;

2.8.3.шүүгч, түүний гэр бүлийн гишүүн нь хамгаалалт хэрэгжүүлэгч цагдаагийн байгууллагын алба хаагчийн шаардлага, арга хэмжээг санаатайгаар хоёр ба түүнээс дээш удаа зөрчсөн.

2.9.Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд учирсан аюул занал, эсхүл аюул занал учрах нөхцөл байдал арилсан нь бүрэн тогтоогдохоос өмнө шүүгч хамгаалуулахаас татгалзах хүсэлт гаргасан бол үүнээс учирч болох эрсдэлийг шүүгч, түүний гэр бүлийн гишүүн өөрөө бүрэн хариуцна.

2.10.Шүүгчийг албан үүргээ гүйцэтгэсэнтэй нь холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр түүний болон гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй мэдээ, мэдээллийг түгээсэн /заналхийлсэн, хүчирхийлэлд уриалсан зэрэг/ бол Шүүхийн ерөнхий зөвлөл дээрх нөхцөл байдлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагатай хамтран хуульд заасан арга хэмжээг шуурхай авна.

 

ГУРАВ.ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ

3.1.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхдээ дараах шаардлага, нөхцөлийг хангаж ажиллана:

3.1.1.“шүүгчийн халдашгүй байх” эрхэд сөргөөр нөлөөлсөн, нөлөөлж болохуйц үйл ажиллагаа явуулахгүй  байх;

3.1.2.хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, эрүүл мэнд, аюулгүй байдалд харшлахгүй байх;

3.1.3.нууцлалын нөхцөл;

3.1.4.шуурхай байдал;

3.1.5.хууль сахиулах байгууллага, төрийн болон иргэний нийгмийн байгууллага, иргэдтэй харилцахдаа саад учруулахгүй, аюулгүй байдлыг хангасан байх;

3.1.6.гэрээ, төлөвлөгөөтэй байх.

3.2.Шүүгч, түүний гэр бүлийн гишүүнд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээний хэлбэрийг дангаар болон хамтатган сонгож хэрэглэнэ. Шаардлагатай тохиолдолд сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээ авна.

3.3.Энэ журмын 3.2-т заасан хамгаалалтыг төрийн тусгай хамгаалалт, зэвсэгт хүчин, бусад цэрэг, тагнуул, цагдаагийн харуул хамгаалалтын бүсэд хэрэгжүүлж болно.

3.4.Цагдаагийн алба хаагч нь шүүгч, түүний гэр бүлийн гишүүний аюулгүй байдлыг хангах зорилгоор биеийн хүч, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, галт зэвсгийг хууль тогтоомжид заасан журмын дагуу хэрэглэнэ.

3.5.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэгч байгууллага нь хамгаалалтад авсан шүүгч, түүний гэр бүлийн гишүүний ажлын байр, гудамж талбай, орон байр, олон нийтийн газар зэрэг учирч болох аюул, эрсдэлийг тооцож мэдэгдэх, урьдчилан сэргийлэх, хамгаалалтын арга хэмжээний дэг горимыг мөрдөх сургалт явуулна.

3.6.Шүүхийн тамгын газар цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хамгаалалтад байгаа шүүгчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шүүхэд нэвтрэх ажилтнуудын картын нууцлалыг тухай бүр солих, шүүгч, шүүхийн ажилтны өрөө, шүүхийн барилга байгууламжид нэвтрэх, гарах хэсэг, эвлэрүүлэн зуучлах хэсэг, авто машины ил, далд зогсоол, цахилгаан шат, ажлын байрны болон орон байрны хонгил, уулзалтын өрөө зэргийг хамгаалалтын дохиолол, дуу-дүрс бичлэгийн техник, хэрэгслийн хяналтад авах зэрэг шаардлагатай ажлыг зохион байгуулна.

3.7.Шүүгч, түүний гэр бүлийн гишүүн нь хамгаалалтын талаар мэдээлэл авах эрхтэй бөгөөд хамгаалалтыг хэрэгжүүлж буй цагдаагийн алба хаагч хууль бус шийдвэр, үйлдэл гаргасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтанд гомдол, хүсэлт гаргаж болно.

3.8.Хамгаалалтад байгаа шүүгч, түүний гэр бүлийн гишүүн нь хамгаалалттай холбоотой цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд хамгаалалтын үйл ажиллагааны мэдээллийг бусдад задруулахыг хориглоно.

3.9.Цагдаагийн төв байгууллага шүүгч, түүний гэр бүлийн гишүүний аюулгүй байдлыг хангаж, хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тайланг жил бүрийн 01 дүгээр сарын 15-ны дотор Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ.

 

ДӨРӨВ.БУСАД

 

4.1.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтан, алба хаагч, иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага ногдуулна.

 

--оОо--

 

 

 
 
Судалгааны сан