Үндсэн агуулга руу шилжих

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

THE JUDICIAL GENERAL COUNCIL OF MONGOLIA

 
  Хэвлэх
 

 

 

 

 

 

                                                              Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны

12 дугаар сарын 23-ны өдрийн

 68 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

 

ШҮҮГЧИЙГ СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам /цаашид “журам” гэх/ -ын  зорилго нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг адил шатны шүүхэд сэлгэн ажиллуулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

 

1.2.Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн мэргэшил, чадварыг сайжруулах, шүүн таслах ажиллагааны дадлага эзэмшүүлэх, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэг, 72 дугаар зүйлийн 72.1.4-т тус тус зааснаар шүүгчийг  адил шатны шүүхэд сэлгэн ажиллуулах шийдвэр гаргахад холбогдох хууль болон энэ журмыг баримтална.

 

1.3.Шүүгчийг сэлгэн ажиллуулахтай холбоотой харилцааг Монгол Улсын шүүхийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль  болон холбогдох бусад хууль тогтоомж,  энэ журамд заасны дагуу зохицуулна. 

 

1.4.Шүүгчийг сэлгэн ажиллуулахад шударга ёс, нээлттэй, ил тод, тэгш байдлын  зарчмыг үндэслэнэ. 

 

Хоёр.Шүүгчийг сэлгэн ажиллуулах захиалга, өргөдөл, хүсэлт, санал

 

2.1.Шүүгчийг сэлгэн ажиллуулах асуудалтай холбоотой шүүхийн захиалга, санал, шүүгчийн өргөдөл, хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд дараах журмын дагуу гаргана: 

 

                       2.1.1.ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор шүүгчийг сэлгэн ажиллуулах захиалгыг  шүүх гаргана /цаашид “захиалга” гэх/. Шүүгчийг сэлгэн ажиллуулах захиалга гаргах асуудлыг  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-д заасны дагуу  Шүүгчдийн  зөвлөгөөнөөр хэлэлцнэ. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд шүүгчийг сэлгэн ажиллуулах хэрэгцээ, шаардлага, хугацаа, зайлшгүй гэж үзсэн бусад үндэслэл, мэдээллийг тусгана. Шүүхийн захиалга нь шүүгчдийн зөвлөгөөнөөс гаргасан тогтоол хэлбэртэй байна;

                       2.1.2.мэргэшил, чадвараа сайжруулах, шүүн таслах ажиллагааны дадлага эзэмших зорилгоор сэлгэн ажиллах өргөдлийг шүүгч гаргана /цаашид “өргөдөл” гэх/. Бичгээр гаргасан өргөдөлд  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийн  үндэслэлийг  тодорхой зааж, сэлгэн ажиллах  хэрэгцээ, шаардлага, хугацаа болон  бусад мэдээлэл /тухайлбал, сэлгэн ажиллах  Нийслэл, орон нутгийн шүүх, эсхүл аль нэг тодорхой шүүх/-ийг дурдаж, овог нэр, харилцах утас, цахим шуудангийн хаяг зэрэг холбоо барих бусад мэдээллийг бичнэ;

 

                        2.1.3.өргөдөл болон  захиалгатай  холбогдуулан  шүүгч  хүсэлт өгч болно /цаашид “хүсэлт” гэх/. Шүүгч хүсэлтээ  бичгээр гаргана;

 

                        2.1.4.өргөдөл, хүсэлттэй холбоотой асуудлыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-т заасныг үндэслэн Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцнэ. Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцсэн тохиолдолд тухайн  хэлэлцэж буй асуудлын талаарх шүүгч нэг бүрийн санал, шаардлагатай гэж үзсэн мэдээлэл болон өргөдөл, хүсэлтийг дэмжсэн эсэх талаар  тодорхой тусгаж, тогтоол гаргана /цаашид “санал” гэх/.

 

2.2.Шүүхийн ерөнхий зөвлөл захиалга, өргөдөл, хүсэлт, саналыг [email protected] цахим шуудангийн  хаягаар хүлээн авч хариу мэдэгдэнэ. Захиалга, өргөдөл, хүсэлт, санал гаргахдаа шүүх, шүүгч нь өөрийн цахим шуудангийн хаягаар харилцаж, хариу мэдэгдэнэ.

 

2.3.Захиалга, өргөдөл, хүсэлт, саналыг заасан хугацаанд зохих журмын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлд  илгээх,  хүлээн авсан эсэхийг лавлах зэрэг  ажиллагааг тухайн шүүх, шүүгч өөрөө хариуцна. 

 

2.4.Шүүхийн ерөнхий зөвлөл захиалга, өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар өөрийн цахим хуудсаар мэдээлнэ. Шүүгчийг сэлгэн ажиллуулах тухай тогтоол гарсан бол энэ тухай шийдвэрийг холбогдох шүүх, шүүгчид эх хувиар нь  гардуулах ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба  гүйцэтгэнэ.  

 

2.5.Шүүхийн ерөнхий зөвлөл      Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.6-д заасан бүрэн эрхийн хүрээнд сэлгэн ажиллуулах асуудлыг зохион байгуулж, энэ журмын дагуу шийдвэрлүүлнэ.

 

 

Гурав.Захиалга, өргөдөл, хүсэлт, санал хүлээн авах, мэдээлэх

 

3.1.Ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор шүүгчийг сэлгэн ажиллуулах  захиалга:

 

3.1.1.Захиалгыг тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн хуралдсан өдрөөс  хойш ажлын гурван өдрийн дотор шүүх Шүүхийн ерөнхий зөвлөлд цахим шуудангаар хүргүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөл захиалгыг хүлээн авсан өдрөөс  хойш ажлын гурван өдрийн дотор энэ талаарх мэдээллийг өөрийн цахим хуудаст байршуулна.

 

3.1.2.Журмын 3.1.1-д заасан мэдээллийг байршуулсан өдрөөс хойш   ажлын таван өдрийн дотор шүүгч хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд цахим шуудангаар хүргүүлнэ. Хүсэлтийн талаар өөрийн ажиллаж байгаа шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нарт мэдэгдэж, баримтыг хавсаргасан байна. Хүсэлтэд  захиалга гаргасан  шүүхэд ажиллахыг зөвшөөрч байгаа талаар  тодорхой заана. Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн  43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасан шүүгчийн “өөрийнх нь зөвшөөрөл”-д тооцогдоно.  

 

3.1.3.Журмын 3.1.1-д заасан мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршуулсан өдрөөс  хойш  ажлын таван өдрийн  дотор шүүх /хүсэлт гаргасан шүүгчийн ажиллаж байгаа шүүх/ шүүгчийн хүсэлтийн талаарх саналаа  Шүүхийн ерөнхий зөвлөлд цахим шуудангаар хүргүүлнэ. 

 

3.1.4.Журмын 3.1.3-т заасан хугацаа дууссан өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгч нараас ирүүлсэн хүсэлт, хүсэлт ирээгүй бол энэ тухай өөрийн цахим хуудсаар мэдээлнэ. 

 

3.2.Мэргэшил, чадварыг сайжруулах, шүүн таслах ажиллагааны дадлага эзэмших өргөдөл: 

 

3.2.1.Шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлд цахим шуудангаар өргөдөл  ирүүлэхдээ энэ талаар өөрийн  ажиллаж байгаа шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нарт урьдчилан  мэдэгдэж, холбогдох баримтыг хавсаргасан байна. Шүүхийн ерөнхий зөвлөл өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор холбогдох мэдээллийг өөрийн цахим хуудаст байршуулна.

 

3.2.2.Журмын 3.2.1-д заасан мэдээллийг байршуулсан өдрөөс  хойш ажлын таван өдрийн дотор шүүх /өргөдөл гаргасан шүүгчийг ажиллуулах хэрэгцээ, шаардлага байгаа шүүх/ Шүүхийн ерөнхий зөвлөлд саналаа хүргүүлнэ. Саналд  шүүгч ажиллуулах хэрэгцээ, шаардлага,  үндэслэлийн талаар тодорхой заана.  

 

3.2.3.Журмын 3.2.1-д заасан мэдээллийг байршуулсан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор шүүх /өргөдөл  гаргасан шүүгчийн ажиллаж байгаа шүүх/ Шүүхийн ерөнхий зөвлөлд саналаа хүргүүлнэ. 

 

3.2.4.Шүүхүүдээс санал ирсэн эсэх талаар журмын 3.2.3-т заасан хугацаа дууссан өдрөөс хойш ажлын гурван өдрийн  дотор Шүүхийн ерөнхий зөвлөл өөрийн цахим хуудсаар мэдээлнэ.

 

 

3.2.5.Шүүгч өргөдөлдөө сэлгэн ажиллах  шүүхийг нэрлэн заагаагүй бөгөөд нэг шүүх санал гаргасан бол тухайн  шүүхэд,  хэд хэдэн шүүх санал гаргасан бол аль нэг   шүүхэд ажиллах эсэх тухай хүсэлтээ  мэдээллийг цахим хуудаст байршуулсан өдрөөс  хойш ажлын гурван өдрийн  дотор Шүүхийн ерөнхий зөвлөлд цахим шуудангаар  ирүүлнэ.

 

3.2.6.Шүүгч өргөдөлдөө сэлгэн ажиллах сонирхолтой байгаа шүүхийг нэрлэн заасан боловч тухайн шүүх санал гаргаагүй бол энэ тухай мэдээллийг цахим хуудаст байршуулсан өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөлд цахим шуудангаар хүсэлт ирүүлж болно.  Хүсэлтэд санал гаргасан бусад шүүхэд ажиллах боломжтой эсэх зэргийг тодорхой заана.

 

3.2.7.Шүүгч аль нэг шүүхэд сэлгэн ажиллахаа илэрхийлсэн тохиолдолд хүсэлтийг өргөдлийн нэгэн адил үзэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн  43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасан шүүгчийн “өөрийнх нь зөвшөөрөл”-д тооцно.

   

Дөрөв.Шүүгчийг сэлгэн ажиллуулах эсэх тухай шийдвэр гаргах 

 

4.1.Шүүхийн ерөнхий зөвлөл, түүний ажлын алба шүүгчийг сэлгэн ажиллуулах асуудлаар  дараах ажиллагааг хийж гүйцэтгэнэ:

 

4.1.1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба нь захиалга, өргөдлийг хүлээн авсан өдрөөс эхлэн судалгаа хийж, журамд заасан эцсийн хугацаа дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөлд танилцуулна;

 

4.1.2.Шүүхийн ерөнхий зөвлөл шийдвэр гаргахдаа  шүүх болон шүүгчийн ажлын ачаалал, шүүгчийн ажилласан байдал, ажлын туршлага, өмнө нь сэлгэн ажиллаж байсан эсэх, мэргэшсэн байдал зэргийг харгалзан үзнэ. Шаардлагатай тохиолдолд захиалга, өргөдлийн  талаар холбогдох шүүх болон шүүгчээс тодруулга авч болно;

 

   4.1.3.Өргөдөл  гаргасан  шүүгчийг сэлгэн авч ажиллуулах шаардлага нь тухайн шүүхэд ажиллах шүүгчийн                  батлагдсан орон тооны хүрээнд байна;

 

4.2.Шүүхийн ерөнхий зөвлөл журмын 4.1.2, 4.1.3-т заасан нөхцөл байдлыг харгалзан сэлгэн ажиллах хугацааг хуульд заасан хүрээнд тогтооно;

 

4.3. Журамд заасан хугацаанд хүсэлт, санал ирээгүй бол  мэдээллийг бүртгэж  авах бөгөөд энэ  нь дахин захиалга, өргөдөл  гаргах эрхийг хязгаарлахгүй.

 

4.4.Шүүхийн ерөнхий зөвлөл өөрийн эрх хэмжээний хүрээнд холбогдох хууль,   журамд нийцүүлэн шүүгчийг сэлгэн ажиллуулах эсэх асуудлыг өргөдөл,  захиалгыг үндэслэн, хүсэлт, саналыг харгалзаж шийдвэрлэнэ.

 

4.5.Захиалга, өргөдлийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

 

4.5.1. захиалга, өргөдлийг хангах 

4.5.2. захиалга, өргөдлийг хангахаас татгалзах

 

4.6.Сэлгэн ажиллаж буй шүүгчид нэг сараас дээш хугацааны чөлөө олгосон талаар сэлгэн ажиллуулж буй шүүхийн Ерөнхий шүүгчийн мэдэгдсэнээр шүүгчийн сэлгэн ажиллуулах хугацааг дуусгавар болгох асуудлыг шийдвэрлэнэ.  / Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 352 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан/

Тав: Сэлгэн ажиллах шүүгчийн  баталгаа

 

5.1.Сэлгэн ажиллаж байгаа шүүгчийн орон тоог сул орон тоо гэж үзэхгүй бөгөөд сонгон шалгаруулалт зарлахгүй.

 

5.2.Шүүхийн ерөнхий  зөвлөл сэлгэн ажиллах шүүгчийн шүүхэд ирэх, очих нэг удаагийн замын зардлыг хариуцна.

 

           5.3. Шүүхийн ерөнхий  зөвлөл орон нутагт сэлгэн ажиллах шүүгчийн орон сууцны асуудлыг тухайн нутгийн захиргааны байгууллагатай хамтран шийдвэрлэнэ.

 

5.4.Шүүгчийг мэргэшүүлэх эсэх асуудлыг сэлгэн авч ажиллуулж байгаа шүүх нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн  19 дүгээр зүйлийн  19.2.3-т заасны дагуу шийдвэрлэнэ.

 

5.5.Сэлгэн ажиллах хугацаа дуусмагц шүүгчийг  урьд ажиллаж байсан шүүхэд  үргэлжлүүлэн ажиллуулна.

 5.6.Шүүгчийг сэлгэн ажиллах хугацаанд шүүхийг татан буулгасан, өөрчлөн зохион байгуулсан, тухайн шүүхийн шүүгчийн орон тоо цөөрсөн тохиолдолд энэ тухай шийдвэр гарсан өдрөөр тооцон сэлгэн ажиллуулах  хугацааг дуусгавар болгоно. Энэ тохиолдолд  шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн  43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасан баталгаагаар хангагдана.

           5.7.Сэлгэн ажиллаж байгаа шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, бүрэн эрх нь түдгэлзсэнд тооцсон тохиолдолд шийдвэр гарсан өдрөөс сэлгэн ажиллах хугацаа дуусгавар болно.

 

                                                                                                                       Шүүхийн ерөнхий зөвлөлийн

2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн

 68 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

 

 СЭЛГЭН АЖИЛЛАХ ӨРГӨДЛИЙН МАЯГТ

 

 

..... он .... сар ... өдөр                                                                                                                 .........                                              

 

.................................................................................................................................................................................................................................................................................................... шүүхийн шүүгч  ...................................................... -ны, -ийн ........................................ би  шүүгчийн мэргэшил, чадварыг сайжруулах, шүүн таслах ажиллагааны дадлага эзэмших зорилгоор /доогуур зурах/  .........................................................................................................................

....................................................................................... /хэрэгцээ шаардлага, үндэслэлийг бичих/ шүүхэд   сэлгэн ажиллах өргөдөл гаргаж байна. 

 

Жич: Сэлгэн ажиллах өргөдөл гаргасан талаар Ерөнхий шүүгч, шүүгч нарт мэдэгдсэн баримт ... хуудсыг хавсаргав. 

 

 

Өргөдөл гаргасан:  ............................................................. /Шүүгч ............................./

Утасны дугаар:....................................................................

Цахим шуудангийн хаяг:......................................................

Ажлын газрын хаяг: .............................................................

 

Сэлгэн ажиллах өргөдөл гаргасан талаар Ерөнхий шүүгч, шүүгч нарт мэдэгдсэн баримт:

Сэлгэн ажиллах өргөдөлтэй танилцсан:

Д/д

Ерөнхий шүүгч, шүүгчдийн нэрс

Танилцсан огноо

Гарын үсэг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
 
Судалгааны сан