Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРОО

Чиг үүрэг

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ.” мөн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно” гэж заасан байдаг.

Бүрэлдэхүүн

Шүүхийн ерөнхий зөвлөлд Монгол Улсын Үндсэн хуульд заасан дээр дурдсан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, шүүгч, Ерөнхий шүүгчээр ажиллахаар нэр дэвшсэн хуульч нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан болзол, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4-7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхэд үнэлгээ, дүгнэлт өгөх чиг үүрэг бүхий 9 гишүүний бүрэлдэхүүнтэй Шүүхийн мэргэшлийн хороо ажилладаг.

Шүүхийн мэргэшлийн хороо нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, хууль зүйн болон шүүн таслах ажлын туршлагатай, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан шүүгч, хуульчдаас бүрддэг.


Үйл ажиллагаа

Шүүхийн мэргэшлийн хороо нь 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хэрэгжиж буй Шүүхийн захиргааны тухай хуульд заасан чиг үүргээ шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигч хуульд заасан болзол, шаардлагыг хангасан эсэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 165, 2015 оны 18 дугаар зарлигаар батлагдсан "Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шалгалт авч үнэлгээ, дүгнэлт гарган дараах байдлаар хэрэгжүүлж байна.

2014 онд: Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны нийт 9 удаагийн тушаалаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн нийт 175 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан. Үүнээс анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 78, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 23, анхан шатны шүүхийн шүүгчийн 74 сул орон тооны сонгон шалгаруулалтад нэр дэвшсэн 480хуульчийг,

2015 онд:ШЕЗ-ийн даргын 8 удаагийн тушаалаар анхан, давах, хяналтын шатны шүүхийн шүүгчийн, анхан болон давж заалдах шатны Ерөнхий шүүгчийн нийт 78 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан. Үүнээс хяналтын шатны шүүхийн шүүгчийн 4, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 8, анхан шатны шүүхийн шүүгчийн 62, анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 3, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 1 сул орон тооны сонгон шалгаруулалтад нэр дэвшсэн 214 хуульчийг буюу 2014-2015 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 694 хуульч шүүгчид тавигдах болзол шаардлагыг хэрхэн хангасан талаар үнэлгээ гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлжээ. Энэ хүрээнд Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн тус бүр 4164 бичгийн шалгалт, 1388 удаагийн ярилцлагын шалгалтын үнэлгээ гаргажээ.

Ажлын алба

Шүүхийн захиргааны тухай хуульд "Шүүхийн мэргэшлийн хороо нь орон тооны ажлын албатай байна” гэж заасан нь шинэлэг зохицуулалт байлаа. Шүүхийн мэргэшлийн хороо хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслах чиг үүрэг бүхий ажлын алба ажиллаж байна.

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2015.10.01

 


МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС:

Дөчин ёсдүгээр зүйл

4.Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ.

 

ШҮҮГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИАС:

 

8 дугаар зүйл. Шүүгчид тавих шаардлагыг үнэлэх

8.1.Энэ хуулийн 4-7 дугаар зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлагыг хангасан эсэхийг үнэлж дүгнэх, шалгаруулах журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

8.2.Шүүхийн ерөнхий зөвлөл энэ хуулийн 8.1-д заасан журмыг тогтмол боловсронгуй болгох, шинэчлэх үүрэг хүлээнэ.

 

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТУХАЙ ХУУЛИАС:

5 дугаар зүйл. Ерөнхий зөвлөлийн чиг үүрэг

5.1.3.шүүгчийг хуульчдаас шилж олох

8 дугаар зүйл. Хуульчдаас шүүгчийг шилж олох талаар Ерөнхий зөвлөлийн бүрэн эрх

8.1.3.энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан Мэргэшлийн хорооны үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах, дарга, гишүүдийг томилох, чөлөөлөх.

12 дугаар зүйл. Олон нийтийг мэдээллээр хангах

12.1.1.шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхийг захиргааны удирдлагаар хангах, шүүгчдийг шилж олох, шүүгчийн хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, бүрэн эрхийн хэрэгжилтийн талаар цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тогтмол мэдээлэх.

 

23 дугаар зүйл. Шүүхийн мэргэшлийн хороо

23.1.Шүүхийн мэргэшлийн хороо /цаашид "Мэргэшлийн хороо” гэх/ улсын хэмжээнд нэг байна.

23.2.Ерөнхий зөвлөл Мэргэшлийн хороог есөн орон тооны бус гишүүний бүрэлдэхүүнтэйгээр таван жилийн хугацаагаар байгуулна.

23.3.Мэргэшлийн хороо нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, хууль зүйн болон шүүн таслах ажлын туршлагатай, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан шүүгч, хуульчаас бүрдэх бөгөөд Хуульчдын холбооноос санал болгосноор Ерөнхий зөвлөл Мэргэшлийн хороог байгуулна.

23.4.Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд Ерөнхий зөвлөлийн болон шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокурор орохыг хориглоно.

23.5.Мэргэшлийн хорооны даргыг гишүүдийнх нь саналыг үндэслэн Ерөнхий зөвлөл томилно.

23.6.Мэргэшлийн хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

23.6.1.шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигчээс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4-7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх талаар үнэлгээ өгөх.

23.7.Энэ хуулийн 23.6.1-д заасан үнэлгээ нь хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна.

23.8.Мэргэшлийн хорооны дүрмийг Ерөнхий зөвлөл санал болгосноор Ерөнхийлөгч батална.

23.9.Мэргэшлийн хорооны гишүүн нь хараат бусаар үйл ажиллагаа явуулж, аливаа шударга бус үйлдэл, сонирхолын зөрчил, өөртөө давуу байдал бий болгох зэрэг ёс зүйн алдаа гарахаас сэргийлнэ.

23.10.Ерөнхий зөвлөлөөс Мэргэшлийн хорооны ёс зүйн болон сонирхолын зөрчлийн дүрмийг баталж, мөрдүүлнэ.

23.11.Мэргэшлийн хорооны гишүүний үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно.

23.11.1.шүүн таслан ажиллагаанд хөндлөнгөөс оролцох;

23.11.2.шүүгчийн хараат бус байдалд аливаа хэлбэрээр нөлөөлөх;

23.11.3.нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтын материал болон үнэлгээ, шалгалтын материалыг урьдчилан ил болгох, тодорхой нэр дэвшигчийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлэх;

23.11.4.нэр дэвшигчийн үнэлгээг үндэслэлгүйгээр өөрчлөх.

23.12.Мэргэшлийн хорооны ажиллах нөхцөл, бололцоог Ерөнхий зөвлөл бүрдүүлнэ.

23.13.Мэргэшлийн хороо нь орон тооны ажлын албатай байна. Шүүгчид нэр дэвшигчийн эрх зүйн мэдлэг... шалгаж, дүгнэлт гаргахад шаардлагатай материал бүрдүүлэх, материалыг судлах, шалгалт авах ажлыг зохион байгуулах, нэр дэвшигчийг товлосон цагт бэлэн байлгах зэрэг Мэргэшлийн хороонд туслахад чиглэсэн зохион байгуулалтын ажлыг Мэргэшлийн хорооны ажлын албан хариуцна.

23.14.Мэргэшлийн хорооны ажлын алба нь Ерөнхий зөвлөлийн ажлын албанд харьяалагдана.

 

ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИАС:

45 дугаар зүйл. Хуульчдын холбооны чиг үүрэг

45.1.7.шүүгчийн сонгон шалгаруулалт зохион байгуулахад оролцох.

 

60 дугаар зүйл. Шүүгчийн сонгон шалгаруулалт зохион байгуулахад оролцох

60.1.Хуульд заасан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс байгуулагдсан Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд Хуульчдын холбооны төлөөлөл орно.

60.2.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12.2-т заасны дагуу Шүүгчид нэр дэвшигчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаарх дүгнэлтийг Хуульчдын холбоо гаргана.

 


Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Хоёрдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728